Хаврын сүүл сар ерөнхийдөө сэрүүхэн, жиндүү талдаа байгаа ч зуны эхэн сар дэлгэр сайхан байх төлөвтэй. Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон зурхайчид, байгаль шинжээчид айсуй зуныг өргөн дэлгэр болно хэмээн айлдсан. Алдартай лам хуваргууд энэ жил, жилийн өнгө нь монголчуудад их таатай сайхан жил гарч байна. Эд бараа арвижиж, тариа ногоо арвинтай, зун зуншлага сайтай байх жил гарч байгааг дурдаж байсан.
Улаанбаатар хот болон орон нутгаас иргэд, малчдын ярьж байгаагаас харвал ихэнх нутагт хөрсний чийг сайтай, нар л хэрэгтэй байна. Нар тавиад өгөхөөр юу юугүй ногоо ургаж, цаг сайхан болно гэдгийг дурдав. Хаврын сүүл сард ихэнх нутгаар цас багагүй орсон. Монголчууд хавар орой орсон цасыг “Шар тос” хэмээн нэрийдэж ирсэн нь санаандгүй хэрэг биш. Тэгэхээр өдгөө зуны эхэн сар айлсаж, нарны урсгал илч гэрлээ эх газарт тунгаах өдрүүд үргэлжилнэ гэхээр дэлхий дэлэгнэж, ногоо цагаа дэлгэрсэн цаг ирэх нь дамжиггүй. Хөдөө орон нутагт амьдарч байгаа өвгөд ч энэ зуныг дэлгэр болно хэмээн шинжсэн.
Мөн Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба гэхэд “Энэ жил зуншлага гайгүй, үр тариа сайн ургана. Хавар хатуу, салхи ихтэй байна. Өвлийн эх айхтар хатуу боллоо. Ес дуусахад нэг сарын хугацаа байна. Цас цоохорловол мал идэх хоолтой болж гайгүй болно” хэмээн өдгөөгөөс гурван сарын өмнө хэлж байсан. Үнэндээ ч энэ хавар тиймхэн байсан ч бас ч өгөөжтэй байлаа. Шинжлэх ухаан, лам хуварга, зурхайч, өвгөдийн хэлж байгаагаас харахад зуншлага сайн байна гэж байгаагаас үзэхэд энэ зун дэлгэр сайхан болох нь ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )