“Эрүүл монгол хүн” үндэсний чуулганд 800 гаруй хүн оролцож байна

2023 оны 04 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж буй “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Үндэсний хөдөлгөөнийг “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж  иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус,  өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн  шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч буй билээ.



Өнөөдрийн болж буй “Эрүүл монгол хүн” үндэсний чуулган уг хөдөлгөөний үзэл баримтлал, хамрах хүрээ, хийж байгаа ажил болон цаашдын зорилтоо тодотгож, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготойг чуулганыг зохион байгуулагчид онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстойг тэмдэглээд хүн ам өсөж, дундаж наслалт нэмэгдэн, амьдралын чанар сайжрахад хувь нэмрээ оруулж байгаа бүх хүнд талархал илэрхийлж, монгол хүний эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахын төлөө бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, манлайлал, дэмжлэг чухал гэдгийг онцоллоо.



Чуулганаар:

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга зам,

“Эрүүл хүүхэд, залуус ба эрүүл мэндийн боловсрол”,

“Архидан согтуурахаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”,

“Эрүүл зөв хооллолт”,

“Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамирын нөхцөл байдал, цаашдын чиг хандлага”,

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн-Судалгаанд суурилсан нийгмийн эрүүл мэндийн интервенци болох нь”,

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний шалгуур үзүүлэлт ба Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалт” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.



Үндэсний чуулганд эрүүл мэнд, спорт, боловсрол, болон хууль сахиулах байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн оролцож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top