Д.Чойжамц: Хэлмэгдүүлэлтээр Монголын үе үеийн нийгмийн санах ой болсон түүхийн сурвалж, өв соёлыг зориуд устгасан

2023 оны 09 сарын 10

Монгол Улсын Их Хурлаас 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон. Энэ өдөрт зориулж Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин Хийд, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хамтран хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний зорилго нь улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалыг дурсан санах, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг ард иргэдэд мэдүүлэх, хойшид тийм гашуун зовлонг давтуулахгүй байхад чиглэж байна.


Арга хэмжээг нээж Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба Номуунхаан, Азийн буддистуудын Энхтайвны бага хурлын ерөнхийлөгч Гавж Д.Чойжамц үг хэллээ.

Тэрээр "Монгол оронд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт одоогоос 101 жилийн өмнө ЗХУ-ын коминтерны зааврыг эсэргүүцсэн Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг хилс хэрэгт тулган яллаж, цаазласан явдлаар анх эхэлсэн байдаг.

Улмаар язгууртан, үндэстний хөрөнгөтнүүд, эрдэмт лам хуваргуудийн төлөөллүүдийг үе шаттайгаар, хилсээр хэлмэгдүүлсээр 1937 оныг гаргасан.

Ердөө 87 жилийн өмнө яг энэ өдөр Монголын түүхэнд хэзээ ч арилшгүй цусан мөр үлдээсэн Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдсанаар Монгол орны улс төрийн их хэлмэгдүүлэлт бүхэлд нь нэрвэх эхлэл тавигдсан юм. Тус комисс нь зөвхөн 1937-1939 оны хооронд нийт 51 удаа хуралдахдаа 20 мянга гаруй хүмүүст улс төрийн хилс хэрэг тохон, буудан алах ял оноон гүйцэтгэсэн байдаг.

Энэ явц зөвхөн хэлмэгдүүлэлт төдий бус хомроголон устгах ажиллагаа болж өргөжсөн.

Үндсэндээ 1922-1955 оны хооронд явагдсан хэлмэгдүүлэлтийг цуст яргалалаар нийт хүн амын таван хувь, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь нь уг улс төрийн их хэлмэгдүүлэлтийн шуурганд алтан амиа егүүтгүүлсэн нь үнэхээр зүрх шимшрэм. Энэ тоон үзүүлэлтийг үзвэл тухайн үеийн айл өрх бүр шууд болон шууд бусаар улс төрийн их хэлмэгдүүлэлтийн тэсвэрлэхүйяа бэрх гашуун зовлонг туулсан байдаг.

Тус улс төрийн их хэлмэгдүүлэлт нь Их Монгол Улсыг байгуулсан Эзэн богд Чингис хааны алтан ургийн удмыг тасалж, алдраа дуурсгасан агуу баатруудын түүхийг баллуурдаж, 200 гаруй жил тогтносон Манж Чин улсын ноёрхлоос салах үйлсийг оройлон, туурга тусгаар Богд Хаант Монгол Улсыг байгуулсан Наймдугаар Богд Жавзандамба тэргүүтэй гавьяатнуудын гавьяаг үгүйсгэн, түүний төр, шашны үйлсэд амиа хайрлалгүй зүтгэсэн хутагт хувилгаад, лам хуваргууд болон бурханы шашны гурван аймаг, сав номд мэргэжсэн олон мянган эрдэмтэн лам хуваргуудыг егүүтгэснээс гадна тухайн үеийн нийгмийн бүх давхаргад хэзээ ч арилшгүй цусан мөр үлдээсэн.

Түүнээс гадна уламжлалт бурханы шашны 1000 орчим хүрээ, хийд, асар нандин бурхан шүтээн, хосгүй гайхамшигт урлагийн бүтээл, шашны эд зүйлсийг тонон дээрэмдэж, эвдэн сүйтгэснээс гадна олон зууныг дамнан оршин тогтнож байсан Монголын үе үеийн нийгмийн санах ой болсон түүхийн сурвалж бичиг, Монголын аугаа эрдэмтэн лам нарын бурханы шашны арван ухааны чиглэлээр туурвисан оюуны хосгүй бүтээл, шаштир, судар ном, ургийн бичиг хөтлөх ёс зэрэг асар их өв соёлыг зориуд устгаж, оронд нь улс төрийн үзэл сурталжсан шинэ коммунист түүхийг тулгаж, нэгэн жарныханы тархийг угаасны үр дагавараар энэ үед өөрсдийн бахархах учиртай түүх, бичиг үсэг, шашин, соёл, удам угсаагаа сайн мэдэхгүйд хүрч байна.

Аливаа улс орны оршин тогтнохуйн тулгуур их түүхээ судлан дээдлэх, үндэсний бичиг үсгээ сайтар эзэмшиж, шашин, соёлоо мэдэж бахарах, удам угсаагаа танин мэдэх явдал байдаг.

Гэвч энэ цаг үеийнхэн эдгээрээс ихэд алслагдсаныг ажихад тухайн улс төрийн их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр өнөөг хүртэл бүрэн арилаагүй, амь бөхтэй оршсоор байгаагийн илрэл юм" хэмээгээд улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршгийг мэдэж, цаашид тийм гашуун зовлонг давтуулахгүй байхыг чухалчлан, сүсэглэн залбирч, ерөөл мааниа зориулахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(202.72.245.121) 2024 оны 01 сарын 31

Үйлийн үр гэж байдаг гэж сургадаг Лам нар маань зүгээр сууж хоол илээл байвал үйлийн үр хатуу юм байна шүү

0  |  0
Зочин(202.126.88.221) 2023 оны 09 сарын 10

Аугаа юм гэж хаана байх вэ

0  |  0
Зочин(202.126.88.221) 2023 оны 09 сарын 10

ПӨӨХ МАНАЙ ХАМБА ЧИНЬ ИЙМ МУНДАГ БИЛҮҮ ОВООДОО ОВОО ӨВӨГ ДЭЭДЭС. УХААНТ БУУРЛУУДАА ДУРСАХ ШИГ АНУУ ЮМ ХААНА БАЙХ ВЭ

0  |  0
Zochin(202.126.89.138) 2023 оны 09 сарын 10

Saikhan shaahiimaa. 1691-1911 ond Mongoliig ene shashin Manjuudtaigaa niilj suid hiisen. 20r zuunii helmegduulelt hajuud n iu ch bishee. Gemtei baij gelbelzehgui baih shig hogiin erguu ium haana baina.

1  |  0
Top