Хамас Арабын ертөнцийг сэрээхийг хүсэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

Сүүлийн үед Арабын хэд хэдэн улс Израилтай ойртож эхэлсний нэг нь Саудын Араб. Харин Хамас бүлэглэл Израилд халдсан нь тэдний хөзрийг будлиулж орхилоо гэж “Le Figaro” хэвлэл бичжээ.

Тэд палестинчуудыг  дэмжихгүй байж чадахгүй ч Израилтай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байна. Тиймээс энэ мөргөлдөөн бүс нутагт бүхэлд нь нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Хамас бүлэглэлийн халдлага мөргөлдөөнд шууд оролцогч талуудаас гадна бүс нутагт бүхэлд нь нөлөөлнө. Израил Саудын Арабтай ойртож эхэлснээр тус бүс нутагт хүчний тэнцвэрийн дахин хуваарилалт эхэлсэн ба энэ нь Палестины шийдэгдээгүй асуудлыг гаргаж тавилаа. Тегеран болон түүний гол холбоотон болох Ливаны “Хезболла”, Израилтай харилцаагаа сайжруулаад буй Эр Рияд, Абу Даби үйл явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байгаа.

Цэргийн ажиллагаа бусад нутаг дэвсгэрт тэлж магадгүй гэж ажиглагчид болгоомжилж байна. Тухайлбал, “Хезболла”, Ираны дэмжлэгтэй Ливаны шиит бүлэглэл Израилын хойд хэсэгт идэвхжиж магадгүй. “Хезболла” палестинчуудад өргөн хүрээний баатарлаг ажиллагаа явуулсанд баяр хүргэсэн.

Нөгөө талаар “Хезболла” Израилтай хоёр дахь фронтыг нээх сонирхолгүй байгаа. Тэд Израилтай Газар дундын тэнгист байгалийн хий хуваах гэрээ саяхан байгуулсан. Хэрэв “Хезболла” хүссэн бол Хамастай хамт цохилт өгөх байсан. Ямартаа ч тэд хамтарч ажиллаж байгаа ч төлөвлөгөө нь өөр гэж шинжээчид дүгнэж байна.

Харин Ираны хувьд энэ мөргөлдөөнд сонирхолтой. Тус улс Саудын Араб өөрийнх нь эвлэршгүй дайсан болох Израилтай ойртож буйд сэжиглэнгүй хандаж байгаа.  Аятолла Али Хаменеи Израилтай гэрээ байгуулж байгаа хэн бугай ч буруу моринд бооцоо тавьж байна гэж мэдэгдэж байсан билээ.

Иран, Хамас хоёр өөр зорилготой ч Тегеран палестинчуудад технологийн дэмжлэг үзүүлж байна. Хамасын халдлагын тусламжтай Иран Израилыг эсэргүүцэх тэнхлэгийг бэхжүүлэхийг хүсэж байгаа ч илт зөрчилдөх сонирхолгүй байгаа гэж шинжээчид онцолжээ.

Саудын Араб энэхүү мөргөлдөөнд хэрхэн хариу үйлдэл хийх нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Сүүлийн үед Саудын Араб АНУ-ын зуучлалын тусламжтай Израилтай ойртох алхам хийж байгаа ба тэд холбогдох гэрээ байгуулбал палестинчууд дэмжлэггүй болж хоцорно. Саудын Араб талуудад хандан галаа зогсоохыг албан ёсоор уриалж, “Израилын эзлэн түрэмгийлэх хүч” хэмээн олон улсын хамтын нийгэмлэгт хэрэглэхээ больсон нэр томьёо ашигласан. Хамас бүлэглэл өөрийнхөө халдлагыг “Израил исламчуудын гурав дахь чухал газар болох Иерусалим дахь Аль Акса сүмийг хяналтдаа авахыг хүссэн” хэмээн зөвтгөсөн. Харин энэ сүмийн хамгаалагч нь Саудын Арабын хаан. Тиймээс Эр Рияд Израилтай харилцаагаа сайжруулах, мусульманчуудын ертөнцийн өмнө хүлээсэн үүрэг гэсэн хоёр сонголтын дунд “тарчилж” байна.

1973 оны дайнаас хойш Израил ялагдашгүй хана хэрэм гэсэн имижтэй болоод байсан ба энэхүү халдлага имижийг нь нураалаа.

Арабын ертөнцийн хариу үйлдэл

Хамасын халдлагын хариуд Израилын арми Ливаны нутаг дэвсгэрт цохилт өгсөн. Ливаны “Хезболла” бүлэглэл палестинчуудыг дэмжихээ илэрхийлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Хамас хөдөлгөөн Араб, исламын ертөнцийг еврейчүүдийн улсын эсрэг цэргийн ажиллагаанд нэгдэхийг уриалсан. Гэхдээ гуравдагч орнууд энэхүү уриалгыг хүлээн авч, мөргөлдөөнд орох нь эргэлзээтэй гэж шинжээчид үзэж байна.

Израилын батлан хамгаалах армийн төлөөлөгч Ричард Хехтийн мэдэгдсэнээр, Израилын тал хойд хэсэгт нь хурцадмал байдал үүсэхэд бэлэн байна. “Хезболла” бүлэглэл Израилд хандан сургамж авч, эзэлж авсан Арабын газар нутгаас явахыг шаарджээ.

“Хезболла” нь Ираны болон Хамас бүлэглэлийн холбоотон. Тус бүлэглэл өмнө нь Палестин, Израилын мөргөлдөөн оролцож байсан ч энэ удаагийн мөргөлдөөнд тодорхой үүрэг гүйцэтгэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өргөн хэмжээнд оролцохгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин Ливан улсын хувиар энэхүү мөргөлдөөнд оролцохгүй. Тус улс палестинцуудыг дипломатын болон улс төрийн хувьд дэмждэг. Израил Ливаны нутаг дэвсгэрт өргөн хүрээнд довтолбол мөргөлдөөн оролцох магадлалтай.

Ираны хүчин зүйлс

Палестинчуудыг дэмжсэн Ойрх Дорнодын бас нэг тоглогч нь Иран. Исламын улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч “Газар нутаг, ариун шүтээнээ эзлэн түрэмгийлэл, гэмт хэрэг, терроризмаас хамгаалах нь палестинчуудын хууль ёсны эрх” хэмээн мэдэгдэв.

Иран Израилыг хүлээн зөвшөөрдөггүй. Ираныг үндэслэгч Аятолла Рухолла Хомейни аль 1981 онд “Тегеран исламуудын ариун газруудын эсрэг Израилын эзлэн түрэмгийлэлтэй хэзээ  ч эвлэрэхгүй” гэж мэдэгдэж байсан билээ. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн арван жилд тус хоёр улс бүрэн хэмжээний дайны босгон дээр тулж ирж байгаагүй. Иран Хамас бүлэглэлийг дэмжсээр ирсэн хэдий ч эл мөргөлдөөн шууд оролцохгүй гэж шинжээчид итгэлтэй байна. Иран улс өрнөдийн хориг арга хэмжээ, дарамт шахалтын улмаас хүнд нөхцөл байдалтай байгаа. Гэхдээ Тегеран энэхүү нөхцөл байдлыг ашиглан Израил, Палестины статусын талаарх байр сууриа урагшлуулахыг эрмэлзэнэ гэж үзэж байна.

Гуравдагч орнууд мөргөлдөөнд оролцохгүй

Израил, Арабын улс орнуудын харилцааны түүх нь ярвигтай бөгөөд Зургаан өдрийн дайн, Шүүлтийн өдрийн дайн зэрэг цус урсгасан мөргөлдөөнүүдээр дүүрэн. Еврейчүүдийн улс, Арабын ертөнц хоорондын дайсагнасан байдал удаан хугацаанд үргэлжилсэн. Израил өнөөг хүртэл Арабын улсуудын лигийн ихэнх гишүүн улстай дипломат харилцаа тогтоогоогүй.

Гэвч 2020 онд нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Израилын Засгийн газар Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейн, Марокко зэрэг улстай дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн, Саудын Арабтай харилцаагаа сэргээх үйл явц эхлээд байна. Эдгээр өөрчлөлт нь Газын зурваст хурцадмал байдал үүсэхэд Арабын улс орнуудын үзүүлсэн хариу үйлдэлд нөлөөлөв. Саудын Араб талуудад хандан галаа зогсоож, энгийн ард иргэдийг хамгаалах, хүлээцтэй хандахыг уриалав. Үүнтэй зэрэгцэн, Египет, Саудын Араб, Иордан гурван талт зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, Газын зурваст хурцадмал байдлыг хэрхэн намжаах арга замын талаар хэлэлцжээ.

Ойрх Дорнод дахь хурцадмал байдал Араб, Израилын харилцааг хэвийн болгох үйл явцыг зогсоохгүй ч хүндрүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Өмнө шиг сөргөлдөөн гарахгүй. Учир нь Израилтай харилцаагаа хэвийн болгох нь Арабын улс орнуудад ашигтай. Гэхдээ Израилтай харилцаагаа сайжруулахдаа арабчууд Палестиныг дэмжсээр ирсэн. Ойрх Дорнодын ихэнх улс орнууд Палестинтай эв санааны нэгдэлтэй байх ч орчин цагийн нөхцөл байдалд шууд оролцохгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Өрнөдийн орнууд ч мөн энэхүү мөргөлдөөнд шууд оролцохгүй. АНУ, ЕХ Израилыг дэмждэг ч шууд оролцох боломжгүй гэж шинжээчид дүгнэж байна.

Израил, Палестины мөргөлдөөний түүх

Үйл явдал 75 жилийн өмнө эхэлсэн. НҮБ-ын тогтоолын дагуу Британийн мандат дор байсан Палестины нутаг дэвсгэрийг хоёр тусгаар улс болгон хуваасан. Нэг нь арабын /11 мянган кв км/ улс, нөгөө нь еврейн /14 мянган кв км/ улс. Тусгаар тогтносныхоо дараахан Израилын хэт даврагч бүлэглэлүүд Арабын нутаг дэвсгэрийн тусгаар тогтнолын үл зөвшөөрөн, цэргийн ажиллагаа явуулж эхэлжээ. Үүний хариуд палестинчууд болон Ойрх Дорнодын ихэнх улс орон Израилын эсрэг ариун дайн зарласан. 1949 онд израилчууд Палестины нутаг дэвсгэрийг бүхэлд нь эзэлж, нэг сая арабыг хөөсөн. Түүнээс хойш мөргөлдөөн намжаагүйгээр үл барам Синайн /1956/, Зургаан өдрийн /1967/, Шүүлтийн өдрийн /1973/ зэрэг бүрэн хэмжээний дайны хэмжээнд өргөжиж байв. Палестины нутаг дэвсгэр дэх гол улс төрийн хүчин нь Ясир Арафат тэргүүтэй Палестиныг чөлөөлөх байгууллага байсан. 1993 онд Осло хотноо тус байгууллага, Израил хоёр Газын зурваст өөрөө удирдах тогтолцоог нэвтрүүлэх хэлэлцээр байгуулсан. Хожим нь Газын зурваст Хамас хөдөлгөөн эрх мэдлийг гартаа авсан билээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(129.205.113.153) 2023 оны 10 сарын 11

\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Эмээ(202.21.107.31) 2023 оны 10 сарын 11

Би Арабын ертөнцийг огт мэдэхгүй. Уншаад ч ойлгодоггүй.

0  |  0
зочин (202.9.47.25) 2023 оны 10 сарын 10

хэдэн зуун жилээр колончлогдож, дарлуулж, мөлжүүлсэн арабын ертөнц нэгдэж босох нь цаг хугацааны асуудал....1- л өдөр дэлбэрч таараа.....гарцаагүй...Жириновский үүнийг 2024 он гээд 2019 онд урьдчилаад хэлсэн байна лээ...

0  |  1
Top