ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 10 сарын 27

Өнөөдөр 2023.10.27. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандлаа, 17 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 14 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Грект Төрийн далбааны өдөр бол АНУ-д Тэнгисийн цэргийн өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин, Эммигийн шагналт Жон Клиз, Канадын кино найруулагч Айван Райтман, Италийн жүжигчин, Оскарын шагналт Роберто Бениньи, Их Британийн хийлч, хөгжмийн зохиолч Ванесса Мэй зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1959 оны энэ өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулжээ. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьсан байна.

1961 оны энэ өдөр БНМАУ НҮБ-ын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай улсын төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.

1981 оны энэ өдөр БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.

1996 оны энэ өдөр Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлжээ. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1943 оны энэ өдөр Эрдэнэсийн арлын төлөөх тулаан эхэлжээ.

1982 оны энэ өдөр БНХАУ-ын хүн ам тэрбум давсан талаар зарлав.

1990 оны энэ өдөр Аскар Акаев Киргизийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1991 оны энэ өдөр Туркмен тусгаар тогтнолоо зарлав.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвидна

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top