ОЛОН ӨНГӨ I Уншдаг, бичдэг хүн өдрийн од болох нь

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 17

Хэдэн жилийн өмнөх  ном уншдаг хүн үгүй боллоо гэх халаглал одоо ч үргэлжилж байна. Уншаад ойлгодог хүн ч бас ховорджээ. Ингэж хэлэхээр Сүхбаатарын талбайд “Номын соёлт ертөнц” хэмээх өдөрлөг хавар, намар болж, залуус дүүрэн байдаг шүү дээ. Зөндөө ном борлуулагддаг гэх байх. Тэр ч тийм. Тэгэхдээ агуулга нь биежихгүй байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс уншихад биш хэлбэрдэхэд ач холбогдол өгөөд байна.

Гаднаас нь харахад нэг л их ном худалдаж авч яваа мундаг хүн. Тэр гоё, энэ сонирхолтой гэсэн болгоныг түүгээд цуглуулчихсан, энд тэнд зургаа даруулж сошиалд цацна. Яг уншдаг уу гэвэл үгүй. Z үеийнхэн гэгддэг залуус маань юу уншиж судалдаг вэ гэвэл олонх нь уран зохиолын ном огт уншихгүй.

Ямар номыг илүү таашааж байгааг сонирхоход, “Яавал  урт наслах вэ”, “Сайхан хувцаслах зөвлөгөө”, “Хувь хүний өөрийгөө хөгжүүлэх жор” гэх мэт хүний хөгжлийн тухай номуудыг авч уншдаг юм билээ. Тэгэхээр ном уншдаг хүний тоо нэмэгдсэн гэдэг мөн чанартаа хоосон.

Хүн уншихаа болихоор сэтгэхээ больдог гэдэг үг оргүй биш. Одоо аль ч сургуулийн оюутнуудад чөлөөт сэдэв өгөөд жижигхэн зохион бичлэг бичээдэх гэвэл бичих хүн цөөхөн. Нэг эх өгч уншуулаад утга санааг асуухад юу ч ойлгосонгүй л гэж хэлнэ. Ийм жишээ зөндөө.

Сэтгүүлчийн ангийнханд уран чадварын хичээл заадаг багш саяхан “Ургацын далай” нэвтрүүлгээрээ алдаршсан нэрт сэтгүүлч Б.Цэдэндамба гуайн бичсэн нэгэн жижигхэн хөрөг найрууллыг төгсөх ангийнханд уншуулаад юу ойлгосныг асуухад “Багш аа, би юу ч ойлгосонгүй” гэж хариулсан байна лээ. Уншихгүй, ойлгохгүй, юм бичдэггүй ийм л хүн олширч байна. Бичдэг хүн удахгүй өдрийн од болох бололтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top