ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 11 сарын 29

Өнөөдөр 2023.11.29. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 08 цаг 17 минутад мандлаа, 17 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -24 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын эв санааны нэгдлийн өдөр. Албанид өнөөдөр Чөлөөлөх өдөр бол Югославт Бүгд найрамдах улсын, Вануатуд Нэгдлийн өдөр.

Энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак, Словенийн дуучин Владо Креслин, Зөвлөлт болон Израилийн шатарчин Лев Псахис, Америкийн жүжигчин Кэти Мориарти, Анна Кей Фэрис, Уэльсийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Райан Гиггз, Оросын уран гулгагч, дэлхийн аварга Мария Петрова зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралджээ. Бага хурлын тэргүүлэгчдийг П.Гэндэн даргатайгаар, Ардын Засгийн газрыг Б.Цэрэндорж тэргүүнтэйгээр байгуулав. Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар Ламжавыг сонгожээ.

Мөн Богд хаан, Цэцэрлэг мандал, Хан тайшир, Хан Хэнтий уулын аймгуудын Өмнөд хилийг хошуудаас томилогдсон орон нутгийн цагдаа харуул хамгаалж эхэлжээ.

Ардын Засгийн газраас Цэргийн яамны сайд Магсаржавт “Ардын Хатанбаатар” цол, Дилов хутагт Жамсранжавт “Самади багш” цол, тамга, жуух бичгийг олгожээ.

Мөн Монголд цаг уурын анхны дөрвөн станц байгуулагдав.

Улсын төв музей байгуулагдсан.

Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн Монгол-Төвөдийн шинжилгээний анги П.К.Козловын удирдлагаар Ноён ууланд хүннүгийн язгууртны булш малтжээ.

Улсын хэмжээгээр явуулсан мал тооллогын дүнд нийт 15.4 сая мал тоологджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулсан байна.

1946 оны энэ өдөр Бельги ЮНЕСКО-гийн гишүүн болжээ.

2009 оны энэ өдөр Швейцарт сүмийн цамхаг барихыг хориглосон бүх нийтийн санал асуулга болжээ.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс доройтно.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Crystal(202.131.248.226) 2023 оны 11 сарын 29

tanai siteiiin unen bulan ih taalagdlaa, dandaa goe gegeeleg medeelel oruulj bgaarai, ajiliin amjilt husey

0  |  0
Top