ОЛОН ӨНГӨ | Арванхоёрдугаар сарын романс

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

Арванхоёрдугаар сар гарахад нэгхэн хоног үлджээ. Арванхоёрдугаар сард асгаж цутгасан залуу насны дурсамж цээжний алсаас халгих нь учиртай. Арванхоёрдугаар сарын цасанд амрагхан бүсгүйтэй хөтлөлцөн алхах, ахиад л энэ үүлэн цагаан цасыг амрагхан сормууснаас будрахыг харах, тэгээд амсах гэдэг хувь тавилан байв.

Ийм үдшийн цагаар сэтгэлийн чанадаас хайр бударч, сарны гэрэлд итгэл зурайдаг байх. Хаа нэг гунигаа тайлж орхисон бүсгүйн тухай бодохоор санахын үзүүрт одод бударч, саруул орчлонд жаргал дүүрдэг учиртай. Энэ бол дурсамжийн гүнд бударч үлдсэн бүсгүй ертөнц.

Арванхоёрдугаар сар эхэлсэн, тун удахгүй шинэ он, цаг хугацааны хөшгөө алгуурхан нээнэ. Энэ хөшигний цаана хүний амьдралын жаргал, зовлон, баяр гуниг гээд бүгд байгаа учраас амжиж хэн нэгэнд сэтгэлээ нээх тухай бодол нь харин шаналан болдог. Хүйтний эрч ид чангардаг энэ цагаар сэтгэлд гал дүрэлзэх нь юу юунаас түрүүлж дурсамж сэргээж байгаа сайхан хэрэг. Магадгүй энэ өдрүүдэд Шинэ жилийн баярын өдрүүд гурвалсан морь тэрэг шиг цахилж оддогтой холбоотой байж болно. Тиймдээ ч үгийн чанадаас цасан бударч, үдшийн тэнгэрээс гэрэл болон буухаар үлгэрийн ертөнцөд баяр дүүрдэг байх гэж боддог. Ийм л цагаар хүн гэдэг амьтан газар тэнгэрийн эрхшээлд байж, хүн байгалийн энэрэлд аж төрдөг нь үнэн ч өөрөө тэнгэр, газар мэт аашлах нь элбэг. Энэ нь бас л цаг хугацаанд сэтгэл хөдлөхийн уран торгон шалтгаан байж таарна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top