Арванхоёрдугаар сар гараа ч үгүй байхад шинэ жил эхэлчихэж. Найзуудын баяр, нэгэн үеийнхний уулзалт, тэр байтугай төгсөлтийн, төрийн болоод төрийн бус байгууллагын, тэр энэ салбар, тийм ийм нутгийн зөвлөлийнх, тэнд энд болно гэсэн шинэ жилийн зар, такс, ширээ захиалгын мөнгө төгрөг нэхсэн, сурсан хүн олшров.
Шинэ жилийн оршил, цомнол ингэж эхэлдэг аж. Сонсоод байх нь ээ, өнөөх таксных нь үнэ хамгийн багадаа 150 мянга, тэгээд 210, 350, 450, 500 мянган төгрөгийн үнэтэй. Тэр мөнгийг олж тушаах, дээр нь өмсөх хувцсаа бэлдэх, эмэгтэй хүн бол үс гэзэг, хумс хуруугаа гоёх гээд зардал өндөр тусдаг. Дээр нь өмнөх жил өмссөн хуучин даашинзаа дахиж өмсөхгүй заавал шинийг авна гэлцэх. Ганц оройг өнгөрүүлэх гэж өр зээл тавихаас эхлээд өчнөөн юм болно. Одоо яг тэр ээлжит давлагаа биднийг нөмөрчээ. Найман настайгаас наян настай буурал хүртэлх бүх хүний амнаас гурван үг гарлаа гэхэд тэр нь ямар нэгэн байдлаар шинэ жилийн баяртай холбоотой байна.
Гэтэл шинэ жил гэдэг маань юу сан билээ. Ганц оройны үдэшлэг цэнгүүн, хамт олноороо, эсвэл найз нөхдөөрөө, гэр бүлээрээ ширээний ард сууж хоол идээд өнгөрөх төдий. Мэдээж шинэ оноо угтлаа гэсэн баяр хөөр, билэг дэмбэрэл байлгүй яах вэ. Тэглээ гээд заавал өөрийгөө хүндрүүлж, өрхийн төсвөө чангалж, шинэ жилдэж яах юм гэх нэгэн байхад шинэ жилийг харин ч сүрлэг бөгөөд сайхан тэмдэглэх ёстой гэх нь ч байна.
Жилдээ ганц болдог баярт хүүхэн бүхэн ганган даашинз өмсөж, тэр оройн од байхын хүслэнд автдаг гэх. Тэгсээр байгаад бид байгаагаараа байх, хэр хэмжээндээ тохируулан баяр хөөр, аливаа үйл явдлыг тэмдэглэж чадахаа больчихжээ. Хиргүй, уранхай цоорхойгүй л бол байгаагаа цэвэрхэн угааж индүүдэж өмсөөд, гэр бүлээрээ оройн зоог барьж яагаад болохгүй гэж. Заавал гялгар даашинз өмсөж, нүүрээ будаж, үсчинд орж аваад олноороо нэг газарт цуглан архи ууж, бүжиг наадам дэглэж, хөлчүү цэнгэлд умбаснаар л шинэ жилийн баяр тэмдэглэсэн болдог гэвэл өрөөсгөл юм.
Шинэ жилийн баярыг тансаг тэмдэглэхээс татгалзаж, даруухан хийгээд амьдралд дурсагдаж үлдэх сайхнаар тэмдэглэж, эсвэл аялж яагаад болохгүй гэж гэдэг үгийг оршил болгон өргөе. Олон хүнд таалагдахгүй байж магадгүй, гэхдээ л орой руу орох өдөр ирэх вий.
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
чаддаж байгаа хүмүүс нь өөрийнхөөрөө л байг. бүх нийтэд гуйланчлалын сэтгэхүйг суулгах нь сайн зүйл биш. амьдралд баяр хөөр байх нь юун буруу гэж