Дэлхийн хүн ам найман тэрбумд хүрсэн. Гэвч хүн шиг хүн цөөрсөөр байна. Техник, технологи хэтэрхий ухаалаг болж, бүх юм цахимжсан нийгэмд хүн шиг хүн цөөрдөг ажээ. Энэ давалгаанд монгол хүн хэн болж, хэд болж явна вэ гэж асуумаар санагдах. Таван хошуу малынхаа махыг идэж, тал нутагтаа тааваар амьдарч ирсэн монголчууд хэдийдээ тахиа, гахайны мах иддэг болж, цаашлаад уужуу тайван зангаа гээж тахиа шиг омогдон орилж, гахай шиг бие биеэ "хадрах" болов.
Сүүлчийн монгол хүн ер хаана хүрч, хэрхэн төгссөн юм бол. Үргэлжлэл нь гээд байгаа бид ер хэн байснаа хэн болсон юм бэ гэж гайхаж эргэлзмээр. Өнөөдрийн нийгэмд үнэтэй брэнд өмссөн ч хүн чанар нь хог болсон хүмүүс олшров. Уулзаж яриад учраа олох байтал гар утас бариад лайв хийнэ. Түр хүлээгээд ярилцах байтал дүрсхийтэл уурлан сошиалд хамаг байдгаа цацна. Бие биеэ харилцан доромжилсоор эргээд уулзах бүү хэл, уучлах зай ч үл үлдээнэ.
Уг нь 00-ийн суултуур хүртэл ухаалаг болж дэвшил гарсан. Тийм атал ухаан муутай хүмүүс олширсоор. Сүүлдээ хиймэл оюун ухаан гэгч зүйл хүмүүсийг удирдах боллоо. Цаашдаа хиймэл оюун ухаан гээч яван явсаар хүн төрөлхтнийг залгих юм биш биз гэх бодол сэрдхийх болов. Хүн гээч хүн биш болж байна. Энүүхэн урд хөршид шөнийн цагаар жолоочгүй автобус зорчигчдыг тээвэрлэдэг болж гэнэ.
Хойд хөршид робот нь эмч нарын оношилж чадахгүй байгаа өвчнийг оношилж, эрхтэн солих мэс засал хийсэн тухай мэдээлэх болов. Тэр бүү хэл үхсэн хүнийг хүртэл хиймэл оюун ухаанаар дүрсэлж, зураг хөргийг нь яг амьд байгаа юм шигээр хувилж гаргаж ирэх боллоо. Үүнд манайхан ихээхэн ач холбогдол өгч, олноороо дэмжиж, сурталчлан түгээх болжээ. Энэ мэт шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил хэдий чинээ дээшлэх тусам хүн өөрөө доош орж, юу ч чадахгүй хэн ч биш болж хувирч байна. Хиймэл оюун ухааныг шүтсээр эцэстээ түүнийг залж чиглүүлж, захирч дийлэхээ больж эхэлнэ.
Үүнийг би хэлж буй юм биш, тэрийг бүтээсэн хүмүүс нь өөрсдөө зарлаад эхэлчихсэн. Та бид хиймэл оюун ухааныг захирч чадахгүй болж байна шүү гэж сэрэмжлүүлэх болсон. Хүүхэд, залуус маань хүнтэй харилцахаа больж байна. Гэтэл хүнтэй харилцахгүйгээр хүн хэзээ ч хүн болохгүй. Тэгэхээр хүн гэгч бид хүн биш болоод байна. Хүн шиг хүн бүр ч цөөрч байна. Хүн ийнхүү хиймэл оюун ухаанд зайгаа тавьж өгч хүн биш болсоор, хүн шиг хүн бүр ч цөөрсөөр. Энэ эмгэнэл шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )