ОЛОН ӨНГӨ | Тэврэлт

2023 оны 12 сарын 15

Тэврэлт чин сэтгэлийн үгтэйгээ ирдэг гэвэл магадгүй хүн бүр санал нийлэх байх. Учир нь, танил тал, дотно бүхнээ сэтгэлдээ ойр байлгаж өдөр бүр талархлын инээмсэглэлтэйгээ ижилсүүлдэг болохоор тэр биз. Урам өгч, амьдрах жигүүр хайрладаг чин сэтгэлийн тэврэлт нүд, чих хоёртой минь их ойр оршдог. Мөрөөдлөөр жигүүрлэх бодол минь гэр амьтай ч орчлонгийн өнгө бүрийг нар сартай нь зурчихдаг зүрхэнд маань хэзээ ч сүүдэр буудаггүй. Сэтгэлийн жаргал ийм дулаахан гэдгийг мэдрүүлдэг чин сэтгэлийн тэврэлт үнэн бүхэнд тэмүүлнэм. 

Мартамхай зан минь хааяадаа ухаарлын хамаатан болчих гээд байдаг. Гэсэн ч баярласан сэтгэлээ харцандаа  уяж чаддаг учраас сайхан бүхнийг хэзээ ч мартдаггүй л дээ. “Өөдрөг хүн өөдөөс нь шидсэн тоосгоор байшин барьдаг” гэх үнэн үгийг бодол санааныхаа гүнд бичиж, алдсан алдаанаасаа суралцана. Хэн нэгэн эерэг бус хандсан ч тэр бүхнийг үл тоон өөдрөг алхсан гэгээн зантай хүн бусдад аз жаргалыг авах хэмжээгээр нь түгээдэг. Өдөр бүр сайн сайхан бодол тээн алхаж чадвал амьдрал хормын дотор сайжирч, амжилтын оргил өөд гэрлийн хурдаар өгсөх даль жигүүртэн болж хувирдаг юм гэсэн. Тэгэхээр хүмүүн бид талархалд л танилтай байх нь хамгаас чухал байгаа биз. Ингэхийн тулд мэдээж эерэг бодол өөртөө цогцлуулах нь чухал. Чин сэтгэлийн тэврэлт ямагт баяр хөөр тээн хүн бүрийн зүг хурдалдаг.

Сэтгэл дүүрэн яваа хүнийг хараад амьдрал сайхан бүхнээр дүүрнэ. Зөв дулаан эрчмийнх нь хөг аянд хот тосгон сүндэрлэж, гол горхи тунгалаг гэгч нь урсдаг гэвэл дэгсдсэн зүйл лав болохгүй. Эх хүн үр хүүхэддээ бүүвэйн дуу аялж, сургаал номоо хэлэн, ивийлж чаддаг болохоор л үрс нь хайр талархлын үгэнд умбаж зөв сайн хүн болон өсдөг.  Энхрий хүү, охиноо бүтэн хайраар хайрлан, талархлын үнэн үгээр л өөдлөх амьдралд нь хөг нэмэн цог золбоог хуруулдаг юм. Сайхан үгийг хүн тарни мэт цээжилж, түгээх хэрэгтэй. Үг амьтай. Зөв бодлоос урссан агуу их хайр үг болон  хүний зүрхэнд тухалдаг гэдэгт үргэлж итгэнэ. 

Яг үнэндээ, сэтгэлийн гэгээг хөндий дүүргэн ханьсах чин сэтгэлийн тэврэлтийг энэхэн амьдралдаа чихнийхээ ээмэг болгон зүүж гангармаар л байна шүү.

Б.ДААРИЙМАА

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top