Өнөөдөр 2023.12.28. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 08 цаг 41 минутад мандлаа, 17 цаг 06 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -7 хэм, шөнөдөө -18 хэм. Та хувцасаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Олон улсын киноны өдөр. Азербайжанд өнөөдөр Өмгөөлөгчдийн өдөр бол Испанид Инээдний өдөр, ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсад Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Энэ өдөр Канадын хоккейчин Рэймонд Бурк, Францын дуучин Дани Брийан, Японы сансрын нисэгч Акихико Хошидэ, Австралийн теннисчин Патрик Рафтер, Америкийн дуучин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт, Грэммийн 10 удаагийн шагналт Жон Леженд, Их Британи-Америкийн жүжигчин, модель Сиенна Миллер зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1934 оны энэ өдөр Улсын 19 дүгээр бага хурал хуралдав. Сангийн яамны дэргэд Улсын даатгалын газрыг Улсыг аюулаас урьдчилан хамгаалах газар нэртэйгээр байгуулжээ.
Мөн Алтай аймгийг татан буулгаж, Завхан аймагтай нэгтгэв.
Тариалангийн аймгийг Сэлэнгэ болгон өөрчлөв.
Аймгуудын III их хурал хуралдав.
Цэргийн сурган боловсруулах газрыг “Цэргийн улс төрийн газар” болгон өөрчлөв.
“Ард” кино театр ашиглалтад орлоо.
Улаанбаатар хотноо анхны рашаан сувиллын газар байгуулагдав.
Том хүрээ, хийдүүдийн дэргэд Засгийн газрын төлөөлөгч суух болов.
Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” зохиолоо бичжээ.
Түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолоо бичжээ.
1978 оны энэ өдөр Монголын пионер, сурагчдын хөдөлмөр, соёлын улсын анхдугаар чуулган нээгджээ.
2011 оны энэ өдөр Монгол Улс Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиов. Ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдсан билээ.
Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс доройтно.
Эл өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )