ОЛОН ӨНГӨ | Гэгээ цацруулсан шинэ жил

2023 оны 12 сарын 28

Гэрэл гэгээ цацруулсаар шинэ он ирж байна. Энэ баярыг хүүхэд, томчуудгүй бүгд хүсэн хүлээдэг гэж хэлж болно. Миний хувьд л лав бүр бага байхаас хамгийн хайртай баяр минь байсаар ирсэн юм. Хоёр оны зааг дээр юм бүхэн ид шидийн ертөнц болон хувирч, нэг ч муу муухай зүйл хорвоод байхгүй мэт төсөөлөл төрдөг.

Бидний багад өнөөгийнх шиг юм бүхэн бэлэн байсангүй. Шинэ жилд бэлтгэж, анги, сургуулиа гоёх гэж бүтэн долоо хоногийн өмнөөс хөл хөөр болдог байв. Цагаан цаасыг өнгийн харандаагаар будаж, нарийн зүсээд, түүнийгээ бас жижиглэн хувааж гогцоо гарган цавуудаж гинж хийж хэлхэнэ. Цагаан утсанд хөвөн имэрч цасан ширхэг болгон унжуулна. Гацуур нь ойгоос авчирсан жинхэнэ гацуур. Өрөө дүүрэн гацуурын үнэр анхилаад л. Энэ тэгэхдээ муу л даа. Хайран байгаль сүйтгэсэн ажил болдог байсан юм.

За тэгээд баяр болмогц өвлийн өвгөн цасан охид, хэрэм, туулай, чоно, үнэг тэргүүтэй ойн амьтад, хажуугаар нь заавал ч үгүй хоёр алиалагч дагуулан гарч ирнэ. Тэр хоёр алиалагч муу болгоныг “дурандан” харж, өнгөрсөн жилийн дутагдлуудыг хэлж, шинэ онд арилгасан байхыг даалгана. Онц сурлагатнууд өвлийн өвгөнөөс бэлэг авна. Бор цаасан уут дотор алим, жимс, амттан шимттэн дүүрэн байх. Бусад хүүхдийг ч ялгахгүй, ирэх жил онц сурахыг ерөөж гарын бэлэг гардуулна. Хоёр он солигдох тэр л үе нэг л үлгэрийн гэмээр төсөөллийн гэгээ татуулан догдлуулсан мөч байдаг нь өнөө ч хэвээрээ. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг миний л хувьд шинэ жил байдаг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top