СОР29: Цэвэр эрчим хүчний зорилтуудаа бодит төсөл болгох шаардлагатай

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 12

Цэвэр эрчим хүчний зорилтуудаа яаралтай бодит төсөл болгох шаардлагатай гэж Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн комиссар Вопке Хукстра НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын /СОР/ 29 дүгээр бага хурлын хүрээнд болсон сайд нарын түвшний яриа хэлэлцээний үеэр онцоллоо.

Тэрбээр өнгөрсөн онд Дубайд дэлхийн улс орнууд алхам урагшилсан. Талууд олборлодог түлшний эрин үе төгсөх ёстой гэдэгт санал нэгдэж чадсан. Бид зоригтой гэж хэлж болох үүрэг амлалт авсан. Тухайлбал, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн. Энэ бол зөвхөн зорилго бус харин шилдэг хөрөнгө оруулалт юм.

Сэргээгдэх эрчим хүч бол эх орны эх үүсвэр. Ажлын байр бий болгож, тусгаар байдлыг бэхжүүлнэ. Илүү хямд эх үүсвэр болоод байна. Эдгээр зорилтод хүрснээр энэ зууны сүүл гэхэд хүлэмжийн хийг 10 тэрбум тонноор бууруулах боломжтой болно. Энэхүү амбицтай алсын хараа биелэгдэх бүрэн боломжтой гэж Хукстра онцлов.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хөгжлийг эрчимжүүлсний дүнд Европ өнгөрсөн онд хүлэмжийн хийн ялгарлыг найман хувиар бууруулж чадсан. Өнөөдөр Европт цахилгаан эрчим хүчний талаас илүү хувийг салхи, нарны эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Гэтэл дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгарал 1.3 хувиар өссөн. Тиймээс цэвэр эрчим хүчний зорилтуудыг тив бүрд, улс орон бүрд бодит төсөл болгох шаардлага буйг харуулж байна гэж Европын комиссар мэдэгджээ.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, 2030 он гэхэд шинээр нийт 25 сая км цахилгаан дамжуулах шугам сүлжээ шаардагдана.

Европ нь “Дэлхийн хаалга” стратегийн хүрээнд 300 тэрбум европын хөрөнгө оруулж байна. Тухайлбал, Балбын дэд бүтцийг шинэчлэхээс авхуулаад Эквадор, Перуг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам сүлжээ барих зэрэг дэлхийн өнцөг булан бүрд хэрэгжиж буй төслүүдийг санхүүжүүлж байна.

Цэвэр технологийг хөгжүүлэхэд эрдэс баялгийн найдвартай эх үүсвэр шаардлагатай байна гэж Хукстра цохон тэмдэглэв. Литий, кобальт, газрын ховор элементүүд нь аккумлятор, салхин сэнс, нарны панелийн гол суурь болж байна. Эдгээр эрдэс баялгийн эрэлт 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Литийн эрэлт 2040 он гэхэд 40 дахин нэмэгдэнэ. Эл эрдэс баялгийн олборлолт тогтвортой байхаас гадна нутгийн ард иргэдэд ашиг авчрах ёстой.

Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах сүлжээ, эрдэс баялаг нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Европ нь уур амьсгалын санхүүжилтийн хамгийн том эх үүсвэр бөгөөд жилд 31 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Гэсэн хэдий ч зөвхөн төрийн санхүүжилт хангалттай бус. Хувийн хэвшлийг татан оролцуулах замаар цэвэр эрчим хүчид шилжих хэрэгцээг хангах нь чухал.

Өнөөдөр дэлхий даяар нийт 760 сая хүн цахилгаан хэрэглэх боломжгүй байна. Гэтэл тэдний дийлэнх нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Африк, Сахарын цөлийн өмнөд хэсэгт амьдарч байна.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг гурав дахин, эрчим хүчний үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх нь амбицтай ч хэрэгжих боломжтой зорилт. Бидний гол зорилго бол цэвэр эрчим хүчид шилжих шилжилтийг ухаалгаар удирдах замаар хүн бүрд цэвэр эрчим хүчний давуу талыг ашиглах боломжийг олгох явдал юм. Үүнд Европын Холбоо дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top