“Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум болж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулж буй “Харилцаа холбооны зохицуулалт 2025” олон улсын форум 2025 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлага, туршлагыг хэлэлцэх чухал арга хэмжээ болж байна.

Форумд Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төв, Интернэтийн нэр, тоон хаягийн корпораци, Хөдөлгөөнт харилцаа холбооны ассосацийн глобал систем, Азийн Номхон далайн бүс нутгийн сүлжээний мэдээллийн төв, Тайланд улсын зохицуулах байгууллага, Малайз улсын зохицуулах байгууллага, технологи үйлдвэрлэгч Huawei компани зэрэг олон улсын байгууллага, салбарын гол тоглогчид болон Монголын оператор компаниуд оролцож байна.

 

Дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага

Форумын эхний хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны гишүүн бөгөөд ажлын албаны дарга А.Лувсан-Очир удирдан чиглүүлж, дижитал эдийн засгийн зохицуулалтын чиг хандлага, онлайн платформын өрсөлдөөн, дижитал экосистемийг хамтын ажиллагаанд суурилан хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцэв. Энэ хэсэгт онлайн платформын өрсөлдөөнийг хамгаалах, дэмжих, зах зээлийн давамгайлал ба шударга өрсөлдөөний бодлого, дижитал орчинд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үндэсний зохицуулалтын үүрэг, хил хязгааргүй дижитал экосистемд тулгарч буй сорилт, зохицуулах байгууллагуудын чадавх зэрэг асуудлыг хөндөж, дижитал орчинд зохицуулалтын шинэ загвар шаардлагатайг онцоллоо.

 

Дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалт

Хоёр дахь хэсгийн хуралдааныг ЦХИХХ-ны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ХХЗХ-ны гишүүн Ч.Золбаяр удирдан явуулж, дижитал дэд бүтцийн хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэв. Энэ хэсэгт урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, алслагдсан болон хөдөө орон нутгийн бүсүүдийг холбох шийдэл, дэд бүтцийн технологийн сонголт (LEO/GEO/MEO хиймэл дагуул, хувийн сүлжээ, FWA), сүлжээ, дэд бүтцийг  хамтран ашиглах бодлого, 5G холболтын чанарыг сайжруулахад төрийн үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.

 

5G сүлжээг ашиглах боломж

Гуравдугаар хуралдааныг ХХЗХ-ны Радио давтамж, хяналт, зохицуулалтын газрын дарга Ц.Чулуунбат удирдан чиглүүлж, 5G сүлжээ, үйлчилгээний хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, “арилжин борлуулах” боломжийг дээшлүүлэхтэй холбоотой олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, бодлого, зохицуулалтын асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт шинэ үеийн технологи, стандарт, дэд бүтцийн төлөвлөлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх бодлого, үйлдвэрлэлд ашиглах радио давтамжийн зурвас,  сүлжээ, дэд бүтцийн хүртээмжийг бий болгох, үндэсний суурь сүлжээний чанарыг сайжруулах, 5G-ийн бизнес загварт үзүүлэх нөлөө ба үнэ цэнэ зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хамруулж хэлэлцлээ. Мөн уламжлалт радио давтамжийн бодлогын шинэчлэлт, радио давтамжийн зурвасыг хамтран ашиглах боломж, шийдэл, 5G сүлжээг ашиглан хоёрдогч зах зээл бий болгох талаар чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг өрнөв.

 

Хиймэл оюун ухааны зохицуулалт

Форумын сүүлийн хэсгийн хуралдааныг ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд удирдан явуулж, хиймэл оюун ухааны зохицуулалтын өнөөгийн чиг хандлага, хиймэл оюун ухааныг ашиглан инновацийг дэмжихийн зэрэгцээ эрсдэлийг тэнцвэржүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ хэсэгт хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалт, ил тод байдал, өгөгдөлд хандах эрх, хэрэглэгчийн суурь эрхийг хамгаалах, итгэмжлэгдсэн AI – сайн дурын баталгаанаас заавал мөрдөх шаардлагад шилжих, хиймэл оюун ухааныг зохицуулалтын арга хэрэгсэл болгон ашиглах туршлага, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

 

Форумын ач холбогдол

“Харилцаа холбооны зохицуулалт 2025” форум нь Монгол Улсад дижитал шилжилтийн сорилт, боломжийг шийдвэрлэхэд зохицуулалтын үйл ажиллагаагаар дэмжих, бодлогын хэрэгжилтийг хангуулах зохистой шийдэл, гарц гаргалгааг гаргахад холбогдох талууд хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэх алхамыг хийж буй чухал арга хэмжээ болж байна. Энэхүү арга хэмжээ нь зохицуулалтын хараат бус байдлыг хангах, дижитал эдийн засгийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, ирээдүйн зохицуулагчдын шинэ ур чадвар, арга хэрэгслийг тодорхойлох зорилготой юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр дараах чиглэлээр мэдээлэл сонсож, санал солилцоно. Үүнд:

  • Дижитал залилан, кибер аюулгүй байдалд зохицуулагчийн оролцоо
  • Аюулгүй байдлын шинэ шаардлагыг хэрэгжүүлэх олон улсын арга барил
  • “Security by design” буюу Аюулгүй байдлыг дизайнд суулгах зарчим ба үүнд зохицуулалтын оролцоо
  • Харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг хангах
  • Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төвүүд болон цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаа
  • Мессеж, дуудлага, дижитал луйврын эсрэг авч хэрэгжүүлж буй олон улсын туршлага

 

Энэхүү арга хэмжээнд олон улсын байгууллагууд, Малайз, БНСУ болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүд илтгэл тавьж, санал бодлоо солилцоно.

Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологи, медиа салбарт тулгарч буй нууцлал ба өгөгдөл хамгаалалтын шинэ сорилтууд, өгөгдөл нутагшуулалт, олон улсын өгөгдөл солилцоо, түүнд тавигдах хязгаарлалт болон нууцлалын эрх зүйн шинэ чиг хандлагын талаар өргөн хүрээнд ярилцах юм.

Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн төлөөлөл, зохицуулагч байгууллага, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, дижитал орчинд хэрэглэгчийн итгэлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах бодлого, шийдлийг хамтдаа эрэлхийлэхэд чухал ач холбогдолтой.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсад зохицуулах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан, дижитал шилжилтийн эринд зохицуулалтын бодлого, зохион байгуулалтын шинэчлэл, олон улсын чиг хандлагыг хэлэлцэх онцгой ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.

Уг уулзалтад Дэлхийн худалдааны байгууллагын Эрх зүйн асуудлаар зөвлөх төвийн (ACWL) зөвлөх хатагтай Татиана Янгуас Акост “Бие даасан зохицуулалтын үнэн бодит байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр улс төрийн, санхүүгийн болон үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах асуудалд олон улсын байгууллагууд (ITU, WTO болон бусад) хэрхэн хандаж, хууль эрх зүйн баримт бичиг, онолуудад хэрхэн тусгасан байдаг талаар онцлон танилцуулсан юм. Мөн зохицуулагч байгууллагын хараат бус байдлыг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, түүний дотор:

  • томилгооны ил тод байдал,
  • санхүүгийн бие даасан эх үүсвэр,
  • шийдвэр гаргах үйл явцын хараат бус байдал,
  • шүүхийн хяналт болон парламентын тайлагнал,
  • ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зохицуулалт,
  • мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц бүрдүүлэх зэрэг хүчин зүйлсийг авч үзэхийн зэрэгцээ улс орнуудын практик туршлагыг харьцуулан дүгнэв.

 

Уулзалтын дараагийн чухал илтгэлийг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ITU) Жакартагийн оффисын захирал ноён Кишор Бабу Еррабалла тавьж, “Зохицуулалтын өөрчлөлтийн шаардлага ба зохицуулагчдын үүрэг” сэдвийг хөндлөө. Тэрээр 5G технологи болон том өгөгдлийн шинэ боломжуудыг бүх нийтэд хүртээмжтэй болгох асуудалд зохицуулагчид хэрхэн бэлтгэж байгаа талаар, мөн хууль эрх зүйн өөрчлөлтөд дасан зохицох байгууллагын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүний илтгэлд дараах гол сэдвүүд тусгагдлаа:

  • Үндэсний болон олон улсын байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа
  • Институцийн загвар, салбар хоорондын зохицуулалтад тулгарч буй бэрхшээл
  • Дараа үеийн зохицуулагчдын шинэ ур чадвар, зохицуулалтын арга хэрэгслүүд
  • Зохицуулалтын орчинд өөрчлөлтийг удирдах менежмент

“Харилцаа холбооны зохицуулалт” уулзалт, хэлэлцүүлэг нь харилцаа холбооны салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг хангахад чухал үүрэгтэй зохицуулалтын бодлого, зохицуулах байгууллагын хараат бус, бие даасан байдал, байгууллагын чадавх, олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа зөвхөн салбарын өнөөгийн байдалд дүгнэлт хийхээс гадна харилцаа холбооны либеральчлагдсан зах зээлийн цаашдын стратеги, зохицуулалтын шинэ загваруудыг тодорхойлох, олон улсын чиг хандлагын талаар мэдээлэл авч, туршлага солилцох, бусад холбогдох байгууллагуудтай мэдээллээ хуваалцах зорилготой гэдгийг тэмдэглэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.85.14) 2025 оны 09 сарын 26

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top