Засгийн газрын хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Хуулийн төсөл 5 бүлэг, 17 зүйлтэй бөгөөд төсөлтэй холбогдуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах болон одоо мөрдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төслийг хамтад нь боловсруулжээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дараах тохиолдолд гагцхүү хуульд заасан үндэслэл байвал хязгаарлаж болохоор төсөлд тусгасан байна.
Тухайлбал онц болон дайны байдал зарласан, үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан, бусдын эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцад хамааруулсан мэдээ, мэдээллийг хамгаалах зорилгоор хязгаарлах юм. Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тушаал, шийдвэр гаргахыг хориглохоор төсөлд тусгажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны баталгааг хуульчилж, тухайн байгууллага нь мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй бөгөөд мэдээ, мэдээлэлд нь төрөөс хяналт тавихыг хориглох юм байна. Хэвлэл мэдээллийн Зөвлөлийг хуулиар байгуулж, Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг тусгана. Энэ Зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн, нэвтрүүлсэн, тараасан мэдээллийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч урьдчилан хэлэлцэн шийдвэрлэдэг, бие даасан, хараат бус, олон нийтийн байгууллага байх юм.
Мөн төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосныг хэвээр хадгалах бөгөөд олон улсын байгууллага, гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, гадаад бодлого, олон улсын харилцааны талаархи мэдээ, мэдээллийг хилийн чанадад түгээх зорилгоор Үндэсний мэдээллийн агентлагт төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгасан байна.
Нийтэд цацсан мэдээ, мэдээллийнх нь улмаас учирсан хохирол болон хариуцлагыг тухайн хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх бол зар сурталчилгааны болон захиалгат нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой үүсэх хариуцлагыг захиалагч этгээд хариуцах юм. Мөн бодит байдлыг гажуудуулсан, бусдыг төөрөгдүүлсэн, худал, бодит бус мэдээ, мэдээлэл түгээхийг хориглосон зохицуулалтыг ч төсөлд тусгажээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л 24 телевиз, тогтмол хэвлэгддэг 139 сонин, 20 Фм радио үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотоод, гадаадын хэдэн зуун сайт мэдээ, мэдээлэл түгээж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )