Өвгөн багш тэр шөнө бараг цурамхийсэнгүй. Маргааш багш нарын баяр. Инээд хөөр, баяр жаргал, бас ч цагаан хар тэнцдэг ертөнцийн хуулиар зовлон гуниг ч тохиож байсан их амьдралынх нь он жилийн түүх хурсан ой маргааш болно. Тэгээд л өвгөн багш бие нь ядарсан хэдий ч баярын урьдах шөнө хөөрч догдолсондоо цурамхийлгүй хонов.
Цэлхэрч хүрээтсэн нүдний нь өмнүүр мөнөөх олон жилийн түүх бүр өчигдөрхөний юм шиг тов тодхон хөвөрнө. Өдгөө тоолбоос өвгөн багшийн шавь нар лав түм шахаа биз.
Аль тэртээ, цагаан цасан эргэлдэн бударч, хахир жавар тас шавхуурдаж асан нэг өвөл түүний анхны шавь болон нэхий дээлтэй гүйж явсан балчир хүү өнөө хэдийнэ нас тогтсон том хүн болж... Өвгөн багшийн бодлоор тэр том хүн болсон хэдий ч хүүхэд ахуйнхаа өрөвч, ухаалаг занг орхиогүй ээ. Тэр шавь нь хамгийн сүүлд өвгөн багштайгаа уржнан уулзсан ажгуу. Түүнээс хойш албан ажил, зэрэг дэв нь бас нэгэн шат ахиж.
“-Одоо ч бүр яваад өглөө дөө! Зайлуул муу хүүгийн минь бие хүрэх л байгаа даа!” гэж өвгөн багш тийн шавийгаа дээш ахихад өрөвдөн бодож билээ. Ингэж бодох нь аргагүй. Уржнан уулзахдаа тэр шавь нь:
-Ажил, амьдрал яахав. Түмний дэмээр овоо л явна. Харин бие хоёр, нэг жилийн өмнөөс жаахан өөдлөхгүй л тийшээ! хэмээн аминчлан ярьсан ажээ. Тэгээд ч өвгөн багш тэр элэг цөс нь муудсан шавиа тийн өрөвдөж. Гэлээ гэхдээ бас баярлаж л байв. Хэн өөрийн сургаж хүмүүжүүлсэн шавиа дэвшиж дээшлэхэд дургүйцэх билээ. Болдог юм болдгоороо, ёстой юм ёсоороо л явж байна шүү дээ!
Өвгөн багш залуудаа, ай даа чухам нэг, ёстой л сэнс шиг хүчтэй бол хүчтэй, салхитай бол салхитай эр байлаа. Сургууль Гармаа хэмээх хоч нэрийг олж Сонгино Тариатдаа л даналзаж явлаа. Тэр цагт өнөөдрийнх шиг хүрээ тогтож цэлхэрсэн нүд юу байхав, бүсгүйчүүлийн харц булаасан давхраатай том хар нүд, мөн гялбалзсан хар халимаг үстэй, ээ дээ галтай байж шүү дээ! Энэ ч яахав, өнгөрсөн хэрэг. Харин өнөөгөөс олоон жилийн өмнөх нэгэн
тохиолдол өвгөн багшийн сэтгэлээс холддоггүй билээ л.
Харганатын хар нүдэн Хүүхээ гэж байв даа! Хүүхээ хорин нэгэн настай, үлгэрийнх гэхээр сайхан бүсгүй байв даа! Оройн наран Хүйтэний мээмэн оройгоор таширлан шингэх шахууд Ембүүгийн өвөрг зунжин налайсан хоёр гэрийн арай дөмөгхөн гэрээс Хүүхээ алсыг харахаар ч юм уу, эсхүл үнээ, тугалаа нийлүүлчих бий гэсэндээ юм уу тийн гарч ирдэг байв. Өвгөн багш ид насандаа явсан юм хойно юунаас хулчийж айх билээ, Улаан давааны оройгоос Хүүхээг дурандаад л суудаг байв. Дурангийн шил ан сууж цавтсан байсан ч юм уу, эсхүл мөнөөх хар цагаан тэнцдэг ертөнцийн хуулиас ч болсон уу, ямар ч гэсэн дурандахаас хэтрэлгүй байсаар Хүүхээ нэг мэдэхүл Маргацын баянтай том хурим болж хорвоо нэг эргэсэн дээ! Он жил дэндүү яаруу өнгөрч өвгөн багш өнөө тэр тухай зөвхөн эргэн санаж, дурдаж дурсах төдий юмтай хоцорчээ.
Харин Хүүхээ тэр үед эл тухай мэддэг, үгүй хоёрын алин нь байсныг өвгөн багш өдгөө хүрэхдээ ялгаж салгаж чадаагүй билээ. Он жилийн чилийсэн уртад Тариатын ус баруун тийш урссан хэвээрээ хоцорч, өнөөх тоост шаргал наран мандаж, жаргасаар өдий болов.
Өвгөн багшийн нас, намба ийн зузаарч энгэртэй олон одонтой болж, бас ч мууг санасан нэгэн бэдэрч эрвээс намтар түүхэнд нь алдаа, эндэл бага боловч үлдэн хоцорч, энэ хүрэхэд үзсэн өнгөрөөсөн болгоныг тоочиж хэн барахав. Гурван хөвгүүн, нэг охин төрүүлсэн хань болох Дулмаатайгаа жаргал, зовлонгоо хуваасаар өнөө хүрэв. Хөвгүүд нь ч яахав. Тус, тусынхаа мөрийг хөөгөөд нэг нь гадаадад, нөгөө нь мөн нэг яамны хэлтсийн дарга хэмээгдэж, бага банди нь жолооч болжээ. Харин бага хүү нь өвгөнийг нэлээн зовоодог шөрмөстэй эр. Саяхан хүртэл нэг салбайсан золигтой нийлж Налайхаас нүүрс татаж яваад замын эргүүлтэй таараад баригдаж орхиж. Торгуулах, үнэмлэхээ цоолуулахдаа хүрч өвгөн багш гуйгаад баралгүй яамны хэлтсийн дарга хүүдээ утасдан байж тэр торгодог, цоолдог аюулаас хүүгээ аврав. Уг нь зайлуул салбайсан ч юу байхав, тэр нэг өвчтэй эхтэйгээ цуг амьдардаг ядарсан залууд тус дэм болох гэж ядаад л өөрөө хэрэгт орж буй нь тэр. Хэлтсийн дарга хүү нь эл явдлаас болоод:
-Аав өтөлж чадаагүйгээс л энэ шүү дээ! Балбарыг аваачиж ингэж эрхлүүлсээр байгаад, бүр дөр хамаргүй сарлаг шиг болгочихсон юм. Адаглаад таны, цаанадаад миний нэр төрийг ч бодмоор байна шүү! хэмээн үг хаяж, гоморхсон нь бий. Хүний төрсөн гэж өөр. Хэдийгээр тийм үг хаяж, уурлаж байвч хөөрхий минь утасдаж энэ тэр болсоор дүүгээ хэргээс аварсан л юм даг. Өвгөн багш дунд хүүдээ гомдсон ч үгүй, уурласан ч үгүй. Зүгээр л: -За даа! өтөлж үхэх шахсан байж. Муу хүүдээ элдэвлээд энэ тэр зан гаргаад юүхэв дээ! хэмээн санажээ.
Ер нь өвгөн багш, Дулмаа авгай хоёр гурван хүүгээ гэхээс илүү отгон үр болох охиндоо амиа тавьдаг улс. Ноднинхон охин нь нэг горзойсон, бас ч хэрдээ ухаалаг хүүтэй нийлж айл гэр болов. Энэ жил часхийсэн дуутай нэг хүү төрүүлж хоёр хөгшин зээгээ үзэж бөөн хөөрт умбах нь тэр. Зээтэй болсон биш өвгөн багш бүр гялайж гүйцэв. Савхийвэл л түүнийг тэвэрч бүүвэйлж, өтөлсөн хойноо бүүвэйн дуу ч дуулах билүү энэ тэрдээ хүрэв. Ямар ч гэсэн унжирч уддаг өвлийн шөнө, жавартай өдөр түргэн түргэн талийна. Өнөөх бичиж байсан дуртгал тал дундаа завсарлаж, тэглээ ч өвгөн багш түүндээ харамссан нь үгүй. Харин ч бүр:
-Өвөөгийнхөө насыг уртасгаж, ажлыг нэмж өгөхөөр ирсэн зээ минь! гэж охиныхоо хүүг эвийлж, бөөцийлөн бүр нар нь гарсан гээч! Тийн өвгөн багш их амьдралынх нь түүхийг тэмдэглэх учиртай багш нарын баярын урьдах өдөртэй золгожээ. Хүргэн, охин хоёроо ажилдаа явчихсан хойгуур Дулмаа гуайг шавдуулан шавдуулан гоёлын бор даавуун хүрэм, өмдөө индүүдүүлж хангир, жингэр дуугарах одон медалиа ирийтэл зүүв. Одон ч гэж одон доо... Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хэмээн нэрлэгдэх энэ сайхан одонг тэр жил аймгийн бага сургуулийн захирал хэмээж явахдаа хүртэв дээ! За, тэгээд л ижилдсэн сүрэг мэт эл арав гаруй одон, тэмдгийн үүх түүх их юм бий. Тэр бүхнийг ямар тоочиж барах биш. Алтан гадас хэмээх хамгийн сүүлд авсан энэ одонг мөнөөх дээд тушаалд очсон шавь нь гардуулсныг хэлэх үү, баярлахдаа жар хэтэрч дал дөхсөн насандаа дахин буцаж нялхран хүүхэд шиг уйлж үзэв. Бодоод байхад өвгөн багшийн шавь нар их олширч. Бараг түм шахаа биз. Янз бүрийн л хүн явна. Өвгөн багшийг их олон шавь нар нь урьж уулзаж, халуун яриа хөөр буцалж заримд нь баярлаж, нөгөөд нь бас хааяахан гомдож л явдаг юм. Хүн гэдэг янз бүр хойно доо! Нэг нь сайхан явахад нөгөө нь саар явах ч бий л дээ! Урилга ч янз янз. Зарим нь алтан үсэгтэй, нөгөө нь өнгөтэй
үсэгтэй, бүр цаашлаад хэсэг нь хэл амаар уламжилж өвгөн багшид ирнэ. Алтан үсэгтэй урилга бол өвгөн багшийг баярлуулдаг юмны нэг. Тийм урилга шавиасаа авахдаа өвгөн багш голоосоо баярлах агаад: тэдний тэр ч гэх юм уу, эдний хүү энэ гэхчлэн шавь нарынхаа хүүхэд ахуйн дүр төрхөөр нэрлэн: -Овоо шүү! Овоо. Бүр нэг ингэх ёсгой... хэмээн амандаа гүвтнэн хүнтэйд бол түүнтэй, хүнгүйд бол ганцаараа ярих бөлгөө. Урилга ирүүлж чадалгүй ам, хэлээр дамжуулсныг ч гэсэн өвгөн багш ихэд баярлан хүлээн авах агаад: -Зайлуул уг нь сайн л хүүсэн. Жаахан залхуураа юм болов уу? Ахиж дэвшиж чадсангүй дээ. Гэхдээ яахав ээ? Болж бүтэж л байгаагаас цааш... хэмээн бодно. Бас: -Үгүй ээ, тэр хөөе! Урилга хүртэл эзнийхээ хэр явааг хэлээд өгөх юм гээч! Жолооч юм уу, цэвэрлэгч шавь минь бол голдуу л хэл, улаар урьж залаад... гэж санах авай. Ямар ч л гэсэн өвгөн багш тийн нэгэн үсийг элээж хамгийн гол урилгаа хүлээн, хүлээж тэсвэр алдран суувай...
Өглөөнөөс хойш хүлээсэн мөнөөх баярын хурлын урилга ирэлгүй удаж цаг хугацаа сунайтал цаашилж өдрийн тэг дунд хүрэн алдав. Урьд шөнө нойргүй шахам хоносныг хэлэх үү, хүлээсэн түгшүүр шаналгаа сэтгэлийг дэнслүүлэн догдлуулна. Энэ зуур өвгөн багшийн цэлхэрч хүрээтсэн буурал нүдний өмнүүр үдэж өнгөрөөсөн амьдралынх нь үйл явдал жирэлзэн өнгөрч аль тэртээ Сонгино Тариатын хөндийд хүлгийн дэл асаан амгай халааж явсан залуу нас, аймгийн төвд Га багш хэмээн хүндлэгдэж залуу багш нарт туршлагаа ярьж байсан нартай хавар, бүр цаашлаад Харганатын хар нүдэн Хүүхээ бүсгүй тэр жилийнх шигээ тормолзон харагдаж л... ер нь есөн өнгийн үйл явдал жирэлзэнэ. Нар үд голлож буй бололтой, цантаж гилтийсэн цонхны шилийг алтлаг шаргал туяа нэвтлэн тусаж бичгийн ширээн дээр орхисон дуртгалынх нь гар бичмэлийн доод өнцгийг гэрэлтүүлнэ. Тэгтэл зэргэлдээх зочдын тасалгаанаас гэв гэнэт хөгжим хамгинаж:
-Хүндэт сонсогчид оо! Хэдхэн хурмын дараа монголын багш нарын баярт зориулсан нэвтрүүлэг эхлэхэд бэлэн... гэх нэвтрүүлэгчийн танил цээл дуу хадав. Зээ охиноо тэвэрсэн Дулмаа авгай тийн зурагтаа асаасан хэрэг.
Бороохойн Батбаяр
1985 оны 8 cap.
Сэтгэгдэл ( 0 )