Эрх Чөлөөт Монгол түмний үйлс өөдрөг, төр бат оршиг

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 29

Өнөөдөр Үндэсний эрх чөлөөний өдөр. 12 дугаар сарын 29. Энэ өдөр Монголчууд түүх, өвөг дээдсээрээ бахархаж бас баярлаж байдгаараа омогшдог. Тодруулбал XX зууны эхэнд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээж, туурга тусгаарлан, үндэсний эрх чөлөөгөө олж авсанд оршино.

 

XIX зууны II хагасаас Монголд Манжийн дарлалыг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд нэмэгдэж, энэхүү ажиллагаанд  Монголын язгууртнууд оролцон,  тусгаар тогтнолоо сэргээх арга сүвэгчилж байсан юм.   Улмаар 1895 онд Жибзундамба хутагт Орос улсаас Монголын төрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж албан бичиг элч төлөөлөгч илгээсэн бөгөөд Монголчууд санаагаа нэгтгэж бат болох нь чухал хүлээ гэсэн хариу хүлээсэн авсан байна.  Олон нийтийн тэмцэл эсэргүүцэл улам зохион байгуулалттай болж 1900 онд Улиастайд 2000 монгол цэргийн бослого гаргасан бол, 1906, 1910 онд Их хүрээнд хятадын худалдаачдыг эсэргүүцсэн ард олны болон лам нарын хөдөлгөөн гарсан юм. Үүний зэрэгцээ Шинэ засгийн бодлого монголын ард түмэн, улс төрийн зүтгэлтнүүдийн эгдүүцлийг хүргэж  үндэстэнээ аврахын төлөө босоход түлхэц болж өгсөн байна. Мөн энэ үед Манж чин гүрний хүчин чадал үлэмж суларч улмаар Хятадад Хөрөнгөтний хувьсгал дэгдэв. Богд Жибзундамба, Цэрэнчимэд, Ханддорж тэргүүтэй хүмүүс төр улсаа сэргээх тэмцлийг манлайлан удирдсан бөгөөд 1911 оны зун Халхын дөрвөн аймаг, Их шавийн эрх мэдэл бүхий ноёд мөн лам нар Жибзундамба хутагтад “ Бат оршил” өргөх үеэр Их хүрээний Эрдэнэ шанзудбын яаманд нууц зөвлөлгөөн хийв.Энэ хурлаар санал хуваагдсан тул шинэ засгийн бодлогыг эрц эсэргүүцсэн дөрвөн аймгийн ноёд, түшмэл, лам нар Богд уулын арын ой дотор нууцаар хуралдажээ. Хуралдаанаар манжийн эсрэг дангаар тэмцэхэд эдийн засгийн болон зэр зэвсгийн хүрэлцээгүй тул Орос улсаас тусламж гуйн элч явуулах. Мөн тусгаар тогтнолийнхоо төлөө эв хүчээ нэгтгэн тэмцэж, улсаа зарлан тунхаглах цаг болсоныг ард түмэндээ дуулгаж лүндэн буулгах хүсэлтийг Жибзундамба хутагтад өргөхөөр болсон байна.  Ингээд Орос руу явах төлөөлөгчдийн нэрсийг гаргасан бөгөөд
Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшмэл Хайсан нар хойд зүг явах замдаа гарсан байна.  911 оны 8н сарын 15нд Петербург хотноо тэд тусгаар тогтноход нь туслахыг гуйсан бичгээс гадна Манж, Хятадын дарлал улс орны нөхцөл байдлын тухай 21 зүйл бүхий тайлбар бичгийг Хаант орос улсын гадаад явдлын яаманд өргөн барьжээ.
Үүнд Манж-Хятадын дарангуйлал, Оршин тогтноход хэцүү байна, Өрөнд баригдаж дууслаа тусгаар тогтноход маань туслаач гэсэн бичиг өргөн барьжээ. “Танай улс чин улсаас бүрэн тусгаарлах болоцоогүй юм .Харин шинэ засгийн бодлогыг болиулах талаар бээжинд шахалт үзүүлнэ гэж бид амалж байна. Их хүрээн дэхь консулын газраа мөн харгалзах цагдаагийн хүчийг пулемёт буу бүхий 200 казак цэргээр зузаатгана” хэмээх хариу ирсэн бөгөөд Оросын тал амлалтаа эхнээс нь биелүүлсэн байна.  Орос улсад явсан төлөөлөгчид уван цуван ирсэний дараа Их хүрээнд монголын тусгаар тогтнолыг тунхаглах ажлыг шаргуу хийв. 1911 оны 11-н сарын 28-ны өдөр  Монголын ноёд дээд лам нар Хутагтад айлтгал өргөөд Хутагт харин ард түмнээ эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зоригжуулан уриалсан юм.
Монголын төрийн тусгаар тогтнолын төлөөх үйл хэргийг шууд удирдан, зохицуулах Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг 1911.11.30 нд байгуулсан бөгөөд  1911.12.1-нд Хүрээнд сууж байсан Манж сайд Сандо -д зайлж гарахыг тулган шаардсан бичиг явуулсан байна. 1911.12.4 -нд Сандог хөөн гаргаснаар Их хүрээнд Манжийн төрийн ноёрхол унав.

1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам Чин ван Ханддорж/Одоогийн гадаад хэргийн яам/, Цэргийн яам Эрдэнэ далай ван Гомбосүрэн/Одоогийн батлан хамгаалах яам/, Сангийн яам Түшээт хан Чагдаржав/ Одоогийн сангийн яам/, Шүүх яам Эрдэнэ ван Намсрай, Дотоод явдлын яам Да Лам Цэрэнчимэд /Одоогийн хууль зүй, дотоод хэргийн яам/ нарын сайдтайгаар байгуулагдав. Эдгээр сайд нарын эрх мэдлийн зөрчилдөөний улмаас тэдний дээр ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьжээ.

Энэхүү түүхэн өдрийн 100 жилийн ойг тэмдэглэх зарлигийг  2008 онд Монгол улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гаргаж байсан юм.

Тусгаар тогтносон,  эрх чөлөт Монгол улсын иргэн танд баяр хүргэхийн ялдамд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Төр түмний үйлс өөдрөг, Монгол төрийн өлмий бат орших болтугай. 

 

Zindaa.mn сайтын хамт  олон

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top