Хэвлэлийн хүрээлэнгээс мониторинг судалгаа гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 05 сарын 03

Хэвлэлийн хүрээлэнгээс 13 дахь жилдээ Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор мониторингийг хэрэгжүүлжээ. Тус мониторингийн тайланд сонин, сэтгүүлийн борлуулалтын дундаж тоо, түгээлт, радио, телевизийн нэвтрүүлгийн цаг, цацалтын хүрээ, нэвтрүүлгийн бүтэц, хаяг байршил болон боловсон хүчин, техник хангамжийн талаарх суурь статистик мэдээллийг багтаажээ.  Тайланд дурдсанаар 2012 оны эхний байдлаар манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага /126 сонин, 92 сэтгүүл, 72 радио, 149 телевиз, 30 веб сайт/ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Сонины тухайд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад борлуулалтын тоо эрс өсч 2,9 саяд хүрчээ. Энэ нь давтамж ойр сонинууд болох өдөр тутмын, 2-3 хоног тутмын хийгээд долоо хоног тутмын сонины тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Харин өдөр тутмын сонины борлуулалт өмнөх оноос 26 хувиар өсөж, сонины борлуулалтын зах зээлийн 73 хувийг эзэлжээ.

2000 оноос эхлэн сэтгүүлийн зах зээл өргөжиж, нэр төрөл, борлуулалтын тоо нь өссөн байна.  Тухайлбал сэтгүүлийн борлуулалтын тоо өмнөх жилээс 30 хувиар нэмэгдэж 46,7 саяд хүрсэн байна. Сэтгүүлийн борлуулалтын өсөлтөд долоо хоног тутмын өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөртэй, цаг үеийн мэдээ, мэдээлэл бүхий 7 хоног тутмын сэтгүүл шууд нөлөөлжээ. Уншигчид сонинг захиалж уншихыг илүүд үзэж байгаа бол сэтгүүлийг хүссэн үедээ худалдан авах хандлагатай байгаа гэнэ. Харин телевизийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг телевизийн тоо 16-д хүрчээ.  Эдгээр ТВ-үүдийн долоо хоногийн нэвтрүүлгийн дундаж цаг 123 байгаа бол хөдөө орон нутгийн ТВ-үүдийнх 77 цаг хүүхдийн, залуучуудын, хөгжмийн, спортын, уран сайхны киноны, экологийн, гэр ахуйн гэх зэргээр төрөлжих байдал нэмэгдэжээ.

Т.Ялгуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top