Сэтгүүлч М.Мөнхцэцэг
“Өдөр бүр хүний сайхантай уулзаж явах юм сан” гэж мэргэжлийнхээ хувьд бодож явдаг ч тэр бүр санаснаар болдоггүй нь харамсалтай. Гэсэн ч зүрх сэтгэлээрээ бадрангуй тэмүүлж, ёстой л асч яваа нэгэн эрхэм хүнтэй уншигч таныг уулзуулах гэж буйдаа баяртай байна. Энэ хүн бол Эрдэнэтийн Хүүхэд залуучуудын театрын найруулагч Егүүзэрийн Баярмагнай юм. Орой бүр Монголын үндэсний телевизээр “Улаан эрэг” киноны Содномын дүрээр үзэгч бидэнтэй учирч байгаа уран бүтээлчтэй энэхүү бүтээлээс нь яриагаа эхэллээ.
-Та ойрын өдрүүдэд комиссар Содномын дүрээр телевиз үзэгчидтэй уулзаж байна. Содном түүхэн хүн үү?
-Түүхэн хүн юм билээ. Киноны зохиолыг бичсэн зохиолч А.Амарсайхан архивын баримт материал нэлээд шүүж судалсан гэсэн. Ардын хувьсгалын анхны партизан явсан хүн. 1933 оноос УлсынгАюулаас сахин хамгаалах газрын даргаар томилогдож, улс төрийн хэлмэгдлийн он жилүүдэд гардаж ажилласан. Тухайн үедээ Коминтерны бодлогыг эсэргүүцэж, нууц бүлгэм байгуулж явсан байдаг. Тэр хүний гарт бусдыг хэлмэгдүүлэх бүх эрх мэдэл байсан. Харин аварч хамгаалах боломж байхгүй. Гэхдээ маш олон хүнийг хэлмэгдлээс аварч үлдсэн байдаг. Энэ байдал нь тухайн хар жилүүдэд эх орон тусгаар тогтнолоо гэсэн үзэлтэй сэхээтнүүд байсан гэдгийг гаргаж өгснөөрөө энэ кино, тэр тусмаа Содномын дүр нэлээд шинэлэг болсон.
-Кинон дээр лам багшийгаа оргуулж, Булган аймаг руу явуулдаг. Багш нь шавьтайгаа аврагдах уу. Кино дөнгөж талдаа орж байгаа болохоор би танаас будаа идэх гээд байна л даа?
-Аврагдана аа. Тэр сайхан эрдэм номтой буянтай хүнийг авч үлддэг. Лам нарыг устгах даалгаврыг ерөнхий сайд П.Гэндэн Сталинтай биеэрээ уулзахад үед авсан байдаг. Гэхдээ Гэндэн сайд өөрөө бас хэлмэгдсэн шүү дээ. Тухайн үед Ёнзон хамба тэргүүтэй хүмүүс Нармай монголыг байгуулахаар япончуудтай холбоо тогтоож байсан гэдэг. Тиймээс толгой лам нарыг нь хүйс тэмтэрсэн. Том лам нар эрдэм мэдлэгтэйгээс гадна улс төрийн асар их мэдрэмжтэй хүмүүс байж. Тэр жилүүдэд хониндоо явсан хүн орой нь ирдэггүй. Нөхөр Доржийг буудах ёстой байдаг, оргоод алга болчихож. Хэнийг ч хамаагүй хонины бэлчээрээс нэг нөхрийг авч ирээд оронд нь буудчих жишээтэй. Дотоод яамны зарим нэг нөхөд айл амьтны авдар савыг ухаж өнгөтэй өөдтэйг нь авчихна, нөхрийг нь хэлмэгдүүлчихээд авгайг нь аваад суучих жишээтэй. Монголын нийгмийг хамарсан хэлмэгдлийн тэр хүнд үед бусдын зовлонгоор хөлжсөн жаргасан нөхөд асар олноороо бий болсон гэдэг. Ийм нэг нөхөр чинь “Мангас” Мягмарын дүр шүү дээ. Галын хайртай хүүхнийг авах гээд түүнийг хэлмэгдүүлдэг. “Мангас” Дорж гэж бодитой түүхэн хүний дүр.
-Баярмагнай гэдэг хувь хүнд Содномтой адил төрх байна уу?
-Энгийн нэг монгол эр хүн. Тайван, уужуу сайхан сэтгэлтэй. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэл зүрх нь үнэхээр бахархмаар. Өөрөө хэлмэгдэж үхэхийг нэг их юманд бодохгүй. Харин ч чадал нь хүрвэл олон хүн оргуулж босгуулаад ч хамаагүй амьд авч үлдэх юмсан гэсэн эх оронч сэтгэлтэй. Өөрөө ч хэлмэгдэж амь насаа алддаг. Түүний энэ зан төлөвийг Чулууны гэр бүлийн гишүүдээр тодотгож гаргасан. Би энэхүү дүрийг өөрийнхөө хэмжээгээр бүтээсэн. Дотоод ертөнц нь улс орныхоо тусгаар тогтнолын төлөө чин халуун сэтгэлтэй нэгэн. Өөрийнхөө зан төлөвийг хүн тодорхойлох боломжгүй ч ерөнхий дүр төрхөөрөө би Содномтой адил гэж боддог. Гадна төрх нь хал үзэж халуун чулуу долоосон төрийн хар хүн. Энэ төрхийг нь илүү гаргах гэж хичээлээ.
-Улс эх орны тусгаар тогтнол ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг үгээр хэлэх гэж оролдохын оронд энэ киногоор илэрхийлэхэд үр дүнтэй болов уу. Тиймээс ч цаг үеэ олж гарах шиг боллоо?
-Тийм шүү. Одоогийн улстөрчид гадныханд газрын баялагаа лиценз нэрээр зарж байна. Энэ ойлголттой адилхан. 1937 онд Оросын Коминтерны бодлогоор Монголын 36 мянган хүнийг хэлмэгдүүллээ. Одоо тэгвэл газрын дорх баялагаа худалдаад хойч ирээдүйгээ, эх орноо хэлмэгдүүлж байна. Энэ киног үзээд зарим хүн ичиж байгаа.
-Та нэлээд олон түүхэн кинонд тоглосон. Телевизийн олон ангит цувралын онцлог юу байв?
-“Улаан эрэг” киноны зураг авалтад бүтэн дөрвөн сар явсан. Найруулагч Ш.Даваадорж төрийн соёрхолт эцгийнхээ нэрийг унагахааргүй чамбай сайн найруулагч гэдгээ харуулсан. Кино маань дэлгэцнээ гараад одоо дөнгөж талдаа орж байна. Жаран ангийн явцад олон үйл явдал, залуусын хайр сэтгэл, орголт бусгалт, тэсвэр тэвчээр гээд олон зүйлийг гаргахыг зорьсон. Үйл явдал нь улам хурцадна. Түүхэн киноны хувьд оюутан байхдаа 1984 онд “Бид мартахгүй” киноны гол дүр БНМАУ-ын баатар хөнгөн пулмётчин Л.Аюушийн наводчик Дашдондогийн дүрийг, дараа нь “Үхэж үл болно Чингис хаан” киноны Хадаг баатрын дүрийг бүтээсэн. Энэ удаагийн түүхэн сэдэвт “Улаан эрэг” 60 ангит телевизийн киногоор хэлмэгдлийн үеийг өөр өнцгөөс харуулахыг зорьсон, эх оронч сэтгэлтэй эрэлхэг хөвгүүдийг товойлгосноороо түүхэн гэж хэлэх болов уу.
-Киноны зураг авалтын явцад та энэ цаг үед төрөөгүйдээ баярлах тохиолдол гарч байсан уу?
-Байлгүй яах вэ. Хамгийн харгис хэрцгий аймшигтай үе. Хар дарсан зүүд шиг тухайн үед төрөөгүйдээ үнэхээр баярлаж байсан. Одоо хэлмэгдэгсдийг цагаатгаж, төрөөс хэдэн төгрөг өгч байна. Энэ ажил бол хамгийн буянтай ажил. Эсэргүүний хүүхэд гэж насаараа яллагдаж явсан нь үнэхээр хар дарсан зүүд байж дээ.
-Таныг монголын орчин цагийн киноны хөгжилд “Галзуурсан дурлал” киногоор өөрийн дуу хоолойгоо гаргасан гэж боддог. Энэ бүтээл тухайн үедээ хамгийн өндөр орлого олж байсан гэдэг?
-1997 онд зохиолыг нь бичиж, өөрөө найруулсан. Манай театр жилд 4.5 сая төгрөгийн төсөвтэй, 6 сая төгрөгийг өөрсдөө олох ёстой. Зориг гаргаж, 3.2 сая төгрөг зарцуулж “Галзуурсан дурлал”-ыг хийж байлаа. Жил гаруй эх орноо тойрч, гаргасан зардлаа 200-300 дахин нугалж олсон юм. “Наана чинь видео киноны эцэг зогсож байна” гэж “Галзуурсан дурлал”-ыг бүтээсний дараагаас яригддаг болсон. Үүнээс хойш дахиж кино хийгээгүй. Кино гэдэг тийм амархан ажил биш. Сүүлийн үед айж эхэлсэн. Баахан хөрөнгө мөнгө зараад кино хийсэн болдог, шатчихвал яах вэ. “Галзуурсан дурлал” тэр үедээ л өндөр өртөгтэй боссон шүү. Одоо бол нэг кино 100-200 сая төгрөгийн хооронд бүтдэг гэсэн. Зарим нэг хүн “Галзуурсан дурлал”-ын хоёрдугаар ангийг хийгээч гэдэг. Хэрэггүй л дээ. Аливаа зүйл ертөнц дээр нэг л хувь байдаг.
-Кинонд тоглох санал их ирдэг бололтой. “Буруу эргэлт” кинонд тоглосон байсан?
-Яах вэ, санал ирнэ ээ ирнэ. Тэр болгоныг хүлээж авах боломж хэцүү. Би чинь театрынхаа найруулагчаар ажилладаг. Сая өнгөрсөн есдүгээр сараас энэ оны хоёрдугаар сар хүртэл “Улаан эрэг” кинонд дөрвөн сар ажиллаад ирлээ. Уран бүтээлийн чөлөө аваад явсан ч ард нь ажил цалгардана. Бид жилд 2-3 бүтээл хийх ёстой. Хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод хүүхдэд зориулсан нэг, насанд хүрэгсдэд хандсан нэг бүтээл хийж байна..
-Танай театрынхан олон улсын хүүхэлдэйн урлагийн их наадамд оролцох гэж байгаа гэсэн. Уран бүтээлийн ургац хэр байна вэ?
-Би энэ театртаа 17 жил ажиллаж байна. Манай театр бусад аймгуудаас илүү азтай. Яагаад гэвэл драмын чиглэлээр бие даасан театр манайхаас өөр аймагт байдаггүй. Дарга маань мэргэжлийн хүн Д.Бэхбилэг, уран сайхны удирдагч Х.Бямбабаатар БНХАУ-д мэргэжлийн сургууль төгссөн. Мэргэжлийн хүмүүс энэ хамт олноо авч явдаг. Манайх “Макбет”, “Аргагүйн эрхэнд оточ”, “Хоёр эзний ганц зарц” зэрэг дэлхийн сонгодгуудыг тавьсан. “Макбет”-аар 2008 онд улсын уралдаанд төвийн бүсэд түрүүлж, улсад гуравласан. Одоо БНХАУ-д болох олон улсын Хүүхэлдэйн урлагийн их наадамд “Аз жаргал хүсье” хүүхэлдэйн концертоор эх орноо төлөөлж оролцох юм.
-Театрын урлагийг хөдөө орон нутагт хөгжүүлэх гэж зүтгэж яваа уран бүтээлчийн хувьд хэдэн бүтээлийг өөрөөрөө овоглов? Сонгодог жүжигт бүтээсэн томоохон дүрүүдээсээ сонирхуулвал?
-Би 1987 онд УБДС-ийг төгсөөд Лхасүрэн багштайгаа Эрдэнэтийн театрт наймуулаа ирж байлаа. Мэргэжлийн театрыг нэр цэвэр авч үлдэхийн тулд жүжигчдээ өөрсдөө бэлдсэн. СУИС-д багшилж, Ундармаа, Баатархүү зэрэг одоогийн хошин урлагийн жүжигчдийг бэлдсэн. Тэд эхний үе нь, дараа нь СУИС, КУДС, “Харцага” дээд сургууль төгссөн залуусыг жүжигчнээр бэлтгэж байна. Одоо манай театр 16 жүжигчинтэй ажиллаж байна. Манай театраас төвийнхөн хүртэл айдаг. Бид тэдэнтэй эн зэрэгцэж, дэлхийн сонгодгуудыг тавьдаг. Миний хувьд л гэхэд Шекспирийн “Макбет”-ын Макбетад, “Хар санаа хайр сэтгэл”-ийн Фреднандад, “Аргагүйн эрхэнд оточ”-ын Сканерьлийн дүрийг бүтээсэн. Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн гуайтай намайг адилхан гэж хүмүүс ярьдаг. Дээрх дүрүүдээс харахад гадаад төрх нь төстэй. Иймээс энэ агуу хүний авьяас чадварын өчүүхэн хэлтэрхийг шингээж өөрийнхөө тоглолтыг илэрхийлэх нь миний уран бүтээлийн эрэл хайгуул болдог.
-Та Эрдэнэтдээ нэртэй уран бүтээлч хүн, мэргэжлийн салбартаа ч танигдсан. Өөрийн гарын шавь байна уу?
-Би түрүүн хэлсэн. Манай театр бусад аймгуудаас ганц мэргэжлийн театр нь. Би бол театрын хүн шүү дээ. Гэсэн ч Хүүхэлдэйн театрт 17 жил ажиллалаа. Олон хүүхэлдэйн концерт найруулж тавилаа. Манай Х.Бямбабаатарын найруулсан “Огторгуйг эзэмдэгч Сөөсгөр” жүжгээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан уралдаанд түрүүлсэн. Хөвсгөл аймгийг тойрч тоглоод ирлээ. Манайхаас төрсөн олны танил жүжигчин Г.Ундармаа, Баатархүү, Булганы театрын найруулагч Батбулган, манай Бэхбилэг, Бямбабаатар байна.
-Ойрын өдрүүдэд хийхээр төлөвлөсөн уран бүтээл юу байна вэ?
- “Ану хатан” кинонд манжийн Энх-Амгалан хааны дүрийг бүтээх гээд манж сахал ургуулаад байгаа шүү дээ. Зохиолч Шүүдэрцэцэг, Алтантуяа нар санал тавиад, зургадугаар сарын 6-нд киноны зураг авалтад явна. Энэ зуны турш ажиллах байх.
-Хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлсэн үү? Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Гэр бүлийн маань хүн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт арга зүйч сувилагчаар ажилладаг. Олон жил эндээ идээшиж дассан. Хүү, охин хоёртой. Охин сэтгүүлч мэргэжлээр суралцдаг, хүү компьютерийн график дизайнераар төгсөөд ажиллаж байна. Мэргэжлээ хүүхдүүддээ өвлүүлье гэж бодсонгүй, өөр өөрийнхөө хүсэл сонирхлоороо л явж байгаа.
Сэтгэгдэл ( 1 )
би монгол киног үздэггүй хүн үзэхээр л нэг л залхуутай ядаргаатай хайр дурлал бөөн стрэсс гээд л гэхдээ энэ кино бол үнхээр гое кино болжээ.Энэ киног хийсэн баг олон болон sbn сувгийн хамт олонд баярлаа.