Монгол улсын Засгийн газар өнгөрөгч сарын 3-ны өдрийн хуралдаанаараа 122 тоот тогтоолыг гаргаж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Цэргийн госпитальд нэгтгэн, шинээр баригдаж буй барилгыг Хууль зүйн яаманд албан тасалгаа болгохоор шийдвэрлэсэн.

Энэ нь өнөөдрийг хүртэл асуудал үүсгэж байгаа юм. Тэгвэл энэхүү асуудал үүсгэж байгаа барилгын түүхийг эхнээс нь сөхөцгөөе. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Эрүүл мэндийн даатгалтай л бол хот, хөдөөгийн гэлтгүй бүх иргэнд үйлчилдэг. Харин тус эмнэлгийн барилгын ашиглалтын хугацаа дуусаад олон жил өнгөрч ан цав суун, мөөгөнцөрдөж эхлэв. Улмаар бүх нийтийн эрүүл мэндийн төлөө Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өргөтгөл барих тухай асуудлыг гурван жилийн өмнө УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж 9.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улмаар уг ажил Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжүүлсэн бөгөөд удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Товчхондоо бол ийм.
Гэтэл “Зэрэг нэмэхийн өмнө” гэдэг шиг ашиглалтад орохын өмнө Засгийн газар энэхүү эмнэлгийн барилгыг булаав. Тэгвэл энэхүү балмад үйлдэл нь өөрөө хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа юм. Тодруулбал Монгол Улсын Нэгдсэн Төсвийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн 6, 10, 41-р зүйлийн зарим заалт, Засгийн газрын тухай хуулийн 30-р зүйлийн ЗО.б-р заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 4-р зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн 12.8, 21.1.3, 22.1.2, 24.1.4, 24.1.5 дугаар заалт, Зэвсэгт хүчний тухай хуулийн Зэвсэгт хүчин дангаараа эмнэлэгтэй байх тухай заалт, Барилгын тухай хууль зэрэг олон хуулийн заалтуудыг зөрчиж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 204, 73, 74 дүгээр тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”, Барилга захиалагчийн тухай”, “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай дүрэм”-ээр зохицуулсан харилцаа бүхэлдээ зөрчигдөж байгаа юм. Хууль зүйн сайд минь өмгөөлөгч, хуульч ихтэй болохоор дээрхи хууль бус үйлдлүүдэд ямар “шийтгэл” оногдохыг сэтгүүлч надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Засгийн газар ард түмнийхээ төлөө байна уу, албан тушаалтнуудын төлөө байна уу гэдэг нь эндээс харахад тун эргэлзээтэй байгаа юм. Ядаж л олон хүнийг ялладаг газар байгуулснаас олон хүний амь насыг авардаг гэгээн газар байгуулбал иргэд баярлах болно гэдгийг хууль зөрчигч Засгийн газрынхан нэг бодоод үзээрэй.
Хууль зөрчигч Засгийнхан энэхүү балмад үйлдлээ хотын төвийн А зэрэглэлийн бүсэд эмнэлэг байлгахгүй гэж тайлбарлаж байна. Хэрвээ хотын төвийн А бүсэд эмнэлэг байлгахгүй юм бол УКНЭ болон сайд нарын гэгдэх II эмнэлгийг эхлээд нүүлгэчих гэж хэлмээр байгаа юм.
Тэгээд ч энэ эмнэлгийн өргөтгөлийг барихад миний болон эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүсийн татварт төлсөн мөнгөөр барьж байгаа. Татвар төлөгчдөд ажил хийж байгаа үгүй нь мэдэгддэггүй Хууль зүйн яамны 150 орчим нөхрийн контор биш бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах эмнэлэг нь хэрэгтэй юм. Тэр тусмаа хотын төвд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториар 120 мянган хүнд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай эмнэлгийг хүсэж байгаа.
Тэгээд ч Засгийн газрын булаасан энэхүү барилга нь анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан. Өөрөөр хэлбэл хана, тааз, шалнаас эхлээд бүхий л зүйлийг тоног төхөөрөмжиндөө зориулан барьсан. Үүгээр ч зогсохгүй MRI аппарат болон түүний дагалдах бүхий л тоног төхөөрөмж техник хэрэгслийг суурилуулсан байгаа.
Таны харж байгаа энэхүү MRI аппарат байгаа цагт гадаадад шинжилгээнд орох хэрэггүй болдог бөгөөд нарийвчилсан оношлогоо хийдэг. MRI аппаратыг эмнэлэгт байршуулаад байна.
Эмнэлгийн зориулалтаар баригдсан гэдгийн бас нэгэн баталгаа. Таны харж байгаа энэхүү зузаан шалны доогуур цахилгааны утас болон бусад тоног төхөөрөмжийн холболт явж байгаа бөгөөд хөлд ямар нэгэн утас тээглэхгүй гэсэн үг юм.
Энэхүү аппаратыг суурилуулах болон өрөөг ингэж засахад ихээхэн ур чадвар шаарддаг.
Эмнэлгийн дотор тал
Дээрх зургуудаас уншигч та бүхэн барилга өнөө маргаашгүй эмнэлгийн зориулалтаар ашиглалтад орох гэж байгааг анзаарсан байх. Гэтэл Засгийн газраас энэхүү барилгыг өөрчлөн засаж, иргэн миний татварт төлсөн мөнгийг үр ашиггүй зарцуулахыг завдаж байна. Баталгаа нь энэ байна.


Одоо энэ эмнэлгийн барилгыг Хууль зүйн яаманд өгөх үү? Эмнэлэг хэвээр нь үлдээх үү гэдэг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Энэ үеэр эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахад УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн санал авч чадвал эмнэлгийг зориулалтаар нь ашиглах юм.
УИХ-ын 73 гишүүнээ, та бүхнийг сонгосон сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр эмнэлгийн зориулалтаар баригдсан энэхүү барилгыг зориулалтаар нь ашиглахыг дэмжиж өгөхийг хүсэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )