Муурын алхаат Топ модель хязгааргүй аз жаргалтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

“Гоёл-2013” наадамд хэн орж, хэрхэн авьяасаа үзүүлэх вэ гэхээсээ илүүтэй “Хэн түрүүлэх бол” гэсэн асуулт л түмний сонирхолыг татдаг. Урьд жилүүдийн “Гоёл” наадмуудын онцлог нь загварын акулууд  л эл шагналыг гардаж зэрэг зиндааг нь зааглаад өгдөг байсан юм. Харин сүүлийн 2 удаагийн “Гоёл” наадмын тухайд шударга шалгаруулалт үгүй болсон гэх шүүмжлэлийг дагуулах болсон. Учир нь загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн “Топ модель”-иор шалгарсан нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын амрагууд л “Топ модель” өргөмжлөл хүртдэг гэсэн яриа гарахад хүрсэн юм.

Үнэндээ алтны магнат Ц.Мянганбаяр загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнг 10 жилийн годгор охин байхаас нь л эргүүлж тойруулж байгаад авааль гэргийгээ болгосныхоо хариуг барьсан гэх яриа загварынхны дунд байдаг. Алтны магнат 20 насны босго шүргэж явсан танхил гэргийгээсээ өрх тусгаарласныхаа дараа “Топ модель” гэх өргөмжлөлийг олгосон нь ийн шуугиан тарихад хүргэсэн юм.

Харин энэ жилийн тухайд “Гоёл-2013”-ийн Топ моделиор загвар өмсөгч О.Пүрэвдулам тодорч өргөмжлөл хүртлээ. Түүнийг алтны магнаттай ямар ч холбоогүй хэмээн найзууд нь ярихаас гадна энэ жилийн “Гоёл”-ын топын шагнал нүдээ оллоо гэлцэж буй. О.Пүрэвдулам нь загвар өмсөгч охидуудын байгуулсан “Catwalk” буюу “Муурын алхаа” хамтлагт дуулдаг. Мөн тус хамтлагийн ахлагч нь.

Бас 2011 онд зохион байгуулагдсан “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” өргөмжлөл хүртэж эх орныхоо нэрийг гаргаж байсан гээд ямартай ч Ази тивдээ л нэртэй, зүстэй болсон нэгэн. Энэ жил МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн, 22 настай гээд яг ид цэцэглэн дэвждэг үе дээрээ явж байгаа үзэсгэлэнт бүсгүй.

Түүний өвөрмөц ази төрх нь “Гоёо” брэнд, “Чингис “ брэндийн нүүр царай болж явсан гэдгээр нь манайхан сайн мэднэ. Ямартай ч олон жил загвар өмсөж байгаа туршлагатай нэгэн. Ер нь тайзны алхаа гишгээ, дүрх төрхөө хэрхэн донжлог болгох вэ гэдгээ мэдэрдэг хэмээн дүгнэсэн нь ч бий. Тиймдээ ч ”Гоёл”-ын тайзыг чимж, зар сурталчилгаанд алгасалгүй тоглодог Монголын хамгийн эрэлттэй байдаг бас үнэ хөлс өндөртэй моделиудын нэг.

Монголдоо №-1 загварын агентлаг болох “Шилмэл Загвар”-т харьяалагддаг байсан төдийгүй нэг хэсэг багшаар нь ажиллаж байсан. Харин өнөөдрийн тухайд “Монголын дизайнеруудын холбоо”-ны загвар өмсөгчөөр овоглодог гээд товчхон бөгөөд ойлгомжтой тодорхойлолт дагуулдаг бүсгүй отгон топоор тодорлоо. Шагнал авсныхаа дараа өөрийн сэтгэгдлээ “Үгээр хэлэхийн аргагүй баяртай байна” хэмээн тодорхойлсон тэрбээр ууган топ модель Э.Одгэрэлээс өргөмжлөлөө гардснаа бас бэлэгшээж буй гэсэн. Монголын загварын ертөнц төдийгүй азийн тавцанд “Мөнхийн залуу” гэдгээрээ гайхагддаг Э.Одгэрэл урьд жилүүдэд загвар өмсөж л оролцдог байсан бол энэ жил шинэхэн топын шагналыг гардуулсан нь энэ.

Ямартай ч мөрөөдөлдөө хүрч, хязгааргүй аз жаргалын амтыг мэдэрч байгаа отгон топ модель өмнө нь “Гоёл” наадмын шилдэг фото моделийн шагналыг авч байсан удаатай. Мөн “Look” агентлагаас зохион байгуулдаг тэмцээнд оролцож шилдэг фото моделиор шалгарч байсан гээд загварын тайзаа фото нүүр царай болсон гэвэл хилсдэхгүй. Эдгээрээс гадна одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2008 онд “Дурлалын ангууч” кинонд тоглож дэлгэцийн бүтээлд өөрийгөө сориод авсан сэргэлэн бүсгүй. Ерөөс түүний баримтладаг философи нь “Залуу байгаа дээрээ чадах зүйлдээ өөрийгөө сорих”. Тиймдээ ч “Боловсрол” суваг телевизийн “Манай аялгуу” хөгжмийн нэвтрүүлгийг хөтөлдөг байв. Оролдлого сайт оройд нь хүрнэ гэгчээр ийм л түүхийг бичсэн бүсгүй “Топ модель”-д хүрч чадлаа. Харин одоо түүний өмнө энэ том нэрийг алдрыг дааж явах улам их хариуцлага ирж байна. Түүнд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7.17(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

ghde hoorhon yma

1  |  0
sokoo(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

amjilt svvliin budlt bshe

1  |  0
sokoo(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

amjilt svvliin budlt bshe

1  |  0
битгий(49.0.200.227) 2025 оны 03 сарын 13

4 гоё охин л бна яагаад муулаад бгаа юм. Муу юм хийсний х нь дараа муулаач Юм хийх гэж байхад нь элдвээр хэлэх юм хөөрхий

1  |  0
Top