Цөмийн хаягдал булшлах хориотойг сануулав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20

 

 

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгуулагын тэргүүнүүд Цөмийн энергийн газарт зочиллоо. Тэднийг тус газрын дарга Н.Тэгшбаяр болон холбогдох газар, хэлтсийн дарга нар хүлээн авч ярилцав. Уулзалтанд Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболд, Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар, Цөмийн аюулгүй монгол улсын төлөө ТББ-ын тэргүүн Л.Сэлэнгэ, Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн ахлагч н.Мөнхбаяр, болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Уулзалтын үеэр Н.Тэгшбаяр дарга “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс манай байгууллага цацрагийн хяналтыг хийж гүйцэтгэж байна. Энэ чиглэлд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн тус салбарыг хөгжүүлэхэд, иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхэд ЦЭГ болон байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа ТББ-ын хамтын ажиллагаа хамгийн чухал, Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЭГ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа хэлбэрээр гадаад улсын цөмийн хаягдлыг булшлах нь хуулиар хориотойг онцлоод цаашид ч энэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэдгээ төрийн бус байгууллагын тэргүүнүүдэд онцлов.Уулзалтын үр дүнд цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тогтож, харилцан мэдээлэл солилцох нээлттэй байдал бий болгох, цацрагийн хяналтыг хамтран гүйцэтгэх, цөмийн технологийн талаар сургалт зохион байгуулах, цөмийн салбарын цаашдын хөгжилд иргэний нийгмийн төлөөллийн саналыг тусгаж байх зэрэг асуудлаар санал солилцож улмаар хамтран ажиллах санамж бичгийг энэ ондоо багтаан үзэглэхээр тохиролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top