Манайх гэр хороололд амьдардаг. Орон сууцныхан болон гэр хорооллынхны амьдрах орчин өөр өөр байсаар ирлээ. Гэр хороололд явган хүний зам гэж алга, нийтийн зам талбайн гэрэлтүүлэггүйгээс харанхуй гудамжаар бүдчин явна. Хогондоо дарагдсан гудамж, гуу жалгатай. Хүүхэд хөгшид нарлан суух амралтын талбай ч гэж байхгүй. Би бусдын адил улсад 30 жил татвар төлсөн. Тийм байтал төр засгийнхан маань яагаад иргэндээ ингэж ялгавартай хандаж байгаа юм вэ? Гэр хороололд ч гэсэн орон сууцныхан шиг амьдрахыг хүсч байна хэмээн Л.Долгоржав эгч ярьсан юм. Энэ хүсэлдээ хөтлөгдсөн тэрээр хороондоо Иргэдийн бүлэг байгуулалцаж, идэвхтэй гишүүний нэг нь болжээ. Ц.Хишигт, Л.Намсрайжав нарын хувьд ч мөн адил. Амьдарч буй гэр хорооллоо гэрэлтэй, амралтын талбай, явган хүний замтай, хоггүй цэвэр цэмцгэр байгаасай гэж хүсдэг. Харин тэд яриад, мөрөөдөөд суухыг хүссэнгүй, өөрсдөө гар биеэр оролцож, бусдыг манлайлж явна. Хороогоо сайхан болгохын тулд иргэдийн бүлгүүд нь чамлахааргүй бүтээн байгуулалт хийжээ. Явган хүний замаас эхлээд амралтын талбай хүртэл байгуулж. Хамгийн олзуурхууштай нь хорооны хөгжилд иргэн хүнийхээ хувьд гар бие оролцоод ирэхээрээ санаж сэдэх, ярих хэлэх нь бодит амьдралаас эхлэлтэй учраас үнэн бас мэргэн байх юм. Тиймээс Иргэдийн бүлгийн дээрх гишүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
Төр дэх иргэдийн оролцоог сайжруулахад хамгийн их саад болж байгаа асуудлыг нэрлэ гэвэл юу хэлэхсэн бол?
Л.Долгоржав: Төр дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлье гэж ярьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ бодит амьдрал дээр хаалтай зүйл олон байна. Өнөөдөр нийслэл, дүүрэг, хорооноосоо эхлээд хаа сайгүй улс төржжээ. Нийслэл, дүүрэг, хорооны хөгжил гэхээсээ илүү сонгуульд ялсан нам өөрийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэх гэж хэт туйлширч зүтгэх юм. Намын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн санал бодол, оролцоо гэж юу байхав. Өнөөдөр хорооны бүтэц, зохион байгуулалт хүртэл ойлгомжгүй байна шүү дээ. Хорооны Засаг дарга нь Иргэдийн нийтийн хурлын даргаасаа илүү эрх мэдэлтэй байх жишээтэй. Хорооны Иргэдийн нийтийн хурал нь өөрийн гэсэн байргүй, Засаг даргын хажуу хавирганд толгой хорогдож байна шүү дээ. Ер нь хороонд иргэдийн үгийг сонсох гэсэн зүйл байхгүй. Нөгөө нэг асуудал нь төр дэх иргэдийн оролцоо гэхээр иргэн хүн өөрөө хэрхэн оролцох вэ гэдгээ мэддэггүй. Иргэн нь мэдэхгүйтэй адил төр нь иргэдийн оролцоог яаж хэрэгжүүлэх гарцаа олоогүй байна шүү дээ.
Л.Намсрайжав: Төрийг төлөөлж хамгийн түрүүнд хорооны Засаг даргын ажлын албаныхан иргэдтэй уулздаг. Хамгийн чухал нь тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид иргэдтэйгээ зөв харилцах хэрэгтэй. Өнөөдөр гэр хороололд архидалт газар авсан. Гэрээсээ гараад харанхуй гудамж, хог хаягдалтай гуу жалга харагдана. Үнэндээ гэр хорооллынхон маш их бухимдалтай амьдардаг. Бухимдалтай иргэд хамгийн түрүүнд хэнд хандах вэ гэвэл хороондоо. Тиймээс ямар ч хүн ирсэн сайхан хүлээн авч, үгийг нь хүлээцтэй сонсож, өөрсдийн боломжийн хэрээр асуудлыг нь шийдэж, хариу өгдөг байх хэрэгтэй. Хэрвээ иргэнээ иргэн гэдэг утгаар нь хүлээж авч чадвал тэднээс хамгийн сайхан санаа гарна. Өөрт нь тулгамдсан асуудлаа хамгийн оновчтой гаргаж чадах нь тэд. Тэдний гаргасан санал, санаачлагыг хамтраад хэрэгжүүлчихвэл иргэн бүр төр засаг рүү буруу чихээд байхгүй шүү дээ.
Хороог шинэчлэх хэрэгтэй гэсэн санаа та бүхний ярианаас цухалзаад байна?
Л.Долгоржав: Шинэчлэх шаардлага бий. Өнөөдөр хороо Засаг дарга, нийгмийн ажилтан, сайн дурынхан гэсэн орон тоотой. Хорооны Засаг дарга улс төрийн албан тушаалтан. Аль нам ялна тэрхүү намын хүн томилогдоно. Нийгмийн ажилтнууд нь төрийн албан хаагчид. Сайн дурын хэсгийн ахлагч нар бий. Хэсгийн ахлагч нарыг Засаг дарга өөрөө сонгоно. Нэг ёсондоо хэсгийн ахлагч нар иргэдэд төрийн мэдээллийг өгөхөөсөө илүү намын бодлогыг иргэдэд тулгадаг хүмүүс болсон байна. Тиймээс хороо гэх нэгжийг нэрнээс нь эхлээд бүгдийг өөрчилж байж төр дэх иргэдийн оролцоо гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэж боддог.
Ц.Хишигт: Хорооны удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар томилох хэрэгтэй. Сонгон шалгаруулалт явуулах эсвэл тухайн хорооны иргэдийн саналаар ажилд томилох хэрэгтэй. Хорооны Иргэдийн нийтийн хурлын даргыг яагаад хорооны оршин суугчдаас тавьж болохгүй гэж. Харанхуй, хог шороотой гудамжид хамт амьдардаг учраас бүгдийг өөрчлөхийн төлөө зүтгэх нь гарцаагүй шүү дээ.
Та бүхэн иргэдийн бүлэг байгуулж хороонд олон бүтээн байгуулалтын ажил хийжээ. Ер нь хороо, дүүрэг, нийслэл та бүхний хийсэн ажил, санал санаачлагыг хэрхэн хүлээн авч байна вэ?
Л.Намсрайжав: Хорооны ажлын албаныхан иргэдийн оролцоо, байгууллагын талаар ямар ч мэдээ мэдээлэлгүй байдаг. Мэдэхийг ч хүсдэггүй учраас бидний үйл ажиллагаанд оролцдоггүй. Яахав хороотойгоо эвтэй байхын тулд хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Иргэдийн үгийг сонсоё гэж байгаа бол дээрээсээ гэхээсээ илүү доод шатнаасаа шинэчлэгдэх хэрэгтэй. Төрийн үйлчилгээ гэдэг нийгмийн чиглэлийн ажилтнуудаас бүрдэх ёстой гэж би хувьдаа боддог. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд Иргэдийн бүлэг байгуулагдсан. Төслийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор өнгөрсөн хугацаанд олон бүтээн байгуулалт хийлээ. Хүүхдийн болон сагсны талбай байгуулсан. Явган хүний зам, худаг хүртэл байгуулсан. Мэдээж бүх гэр хороолол, гудамжийг хамруулж чадаагүй ч гэсэн хамгийн хэцүү газруудыг сонгон авч, тохижилтыг хийсэн. Гэтэл бэлээхэн хийсэн ажлыг маань хүлээж аваад ашиглалтыг нь хариуцаад явах газар олдохгүй тохиолдол байж л байсан. Тухайлбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд хогны бункер байгуулсан. Гэтэл хорооноос буулгачихсан.
Төр дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамгийн түрүүнд юунд анхаараасай гэж бодож байна вэ?
Л.Долгоржав: Нийслэл, дүүрэг, хорооны Засаг дарга гэсэн нэрнээс сүрдэх тал иргэдэд бий. Хорооны Засаг дарга гэж нэрлэж, иргэдээсээ тусгаарлаж байхаар нийтийн албаны гэх зэргээр өөрчлөх нь зөв гэж боддог. Нөгөө нэг асуудал нь хорооны ажлын албыг тэр чигт нь хөгжлийн чиглэлийн нийгмийн ажилтнууд бүрдүүлэх хэрэгтэй. Хөгжлийн чиглэлийн ажлуудыг хийгээд байвал иргэд аяндаа соёлжино. Соёлжсон иргэн хороо, дүүрэг, нийслэлийн хөгжлийг ярьж, бүтээн байгуулалтад оролцоно шүү дээ. Наад зах нь бүлэг болж гудамжныхаа хогийг цэвэрлэдэг болно. Хог ачдаг өнөөгийн нөсөр бүтэц болох Тохижилт үйлчилгээний компанийн ажлыг тэд түвэггүйхэн хийчихнэ шүү дээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )