ОБЕГ-ын техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн талаарх мэдээлэл

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 20



Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь аймаг, нийслэлд онцгой байдлын газар хэлтэс 31, Аврах, гал унтраах ангиуд 49, Улсын нөөцийн салбарууд 34, Аврах тусгай анги, Гамшиг судлалын хүрээлэн, Авто бааз, Аврагч спорт хороо гэсэн нийт 118 салбар нэгж, анги байгууллагатайгаар хуулиар хүлээсэн үндсэн ажил үүргээ гүйцэтгэж байна.

Гамшиг ослын аюул болон түүнээс урьдчилан сэргийлэх хамгаалах талаар өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагатай уялдан төв орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын урсгал зардлыг нэмэгдүүлэх, орчин үеийн шаардлага хэрэгцээг хангасан аврах, хамгаалах, унтраах техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжөөр хангах, тоог нэмэгдүүлэх, аврах, гал унтраах ангиудыг шинээр байгуулж бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, улсын нөөцийн бараа, материалыг стандартын шаардлага хангасан агуулах байгууламжинд хадгалах нөхцлийг сайжруулахад анхаарч сүүлийн жилүүдэд багагүй хөрөнгө, мөнгийг улсын төсөвт тусгуулаад байна. УИХ-ын 2011 оны 22 дугаар тогтоолоор “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”, Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлуулж, хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмж, барилга байгууламжийг сайжруулахад 2014-2015 он хүртэл 187.2 тэрбум төгрөг, 2016-2017 он хүртэл 284.5 тэрбум төгрөг, Улсын нөөцийн бараа материалыг орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн агуулахтай болгоход 139.5 тэрбум төгрөг, нийтдээ 611.2 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна.

Тоног төхөөрөмж: Мөн Засгийн газрын 2010 оны 76, 282, 2011 оны 75 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглах 25 нэр төрлийн техник, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдан аваад байна.

Хувцас хэрэглэл: Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчийн өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг худалдан авахад 2011 онд 1.2 тэрбум, 2012 онд 1.5 тэрбум төгрөг батлагдаж байсан бол 2013 онд  5.7 тэрбум төгрөг батлагдаж өмнөх оноос 4.2 тэрбум төгрөгөөр буюу 3.8 дахин нэмэгдээд байна.

 А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top