Дэлхий сөнөнө гэж одоогоос зургаа, долоон жилийн өмнөөс мэр сэр ярьж байсан. Тэр үед Маяачуудын цаг тоолол өнөөдрөөр дуусаж байгаа гэсэн мэдээг гадаадын нэг сайтаас уншиж байснаа санаж байна. Харин өнөөдөр тэр өдөр нь ирлээ. Нар манддагаараа л мандлаа. Харин хүйтэн байна. Ес эхлэх гэж байгаа болохоор хүйтэн байх нь аргагүй биз.
Миний хувьд хэтэрхий өөдрөг үзэлтэй болохор дэлхий сөнөнө гэдэгт итгэж байгаагүй, итгэх ч үгүй. Харин дэлхий сөнөнө гэж ярьж, түүндээ хэтэрхий итгэлтэй байсан нөхдүүдийг хараад инээд хүрсэн. Дэлхий сөнөнө гэдэгт хэт итгэж байгаа нөхдөд хандан хэлэхэд бэлтгэсэн лаа шүдэнзээ малчдад бэлэглэчих. Гэртээ хадгалж байхаар малчдад илүү хэрэгтэй шүү дээ. Дээрээс нь хэдэн нэмнээ нэмээд оёоод өгчүүл сайн л байна. Тэгвэл өгсөн авсандаа өлзийтэй гэдэг шиг, тусалсан, туслуулсных нь сэтгэл санаа өег байна биз.
Одоо харин тэр дэлхий сөнөнө гэж гутраад байгаа нөхдүүдийг тайвшруулах сайхан мэдээллийг хүргэе.
Хэрвээ дэлхий сөнөх байсан бол ядаж нэг жилийн өмнөөс байгалийн гамшиг болох давтамж, хүч нь нэмэгдэх байсан. Тийм зүйл анзаарагдсангүй. Энэ бол дэлхий сөнөхгүй гэсэн эхний логик гаргалгаа.
Хэрвээ дэлхий сөнөх байсан бол нар мандахгүй гэж байсан манддагаараа л мандлаа. Орифлеймын Оюунгэрэлээс эхлээд зарим нэг нөхөр өөрсдөөсөө ичээсэй. Ард түмний тархийг угаасандаа. Түүнд ер нь эрүүгийн хариуцлга хүлээлгэх ёстой юм шүү дээ.
Хэрвээ дэлхий сөнөх байсан бол бурхан, бөө, христ өөр ямар шашин байна тэр бүхэн нь ямар нэгэн дохио өгөх байсан биз. Шашныхан бол сөнөхгүй ээ. Дохио илрээгүй гэдгийг хэлж л байсан.
Шинжлэх ухаанаар дагнан мэргэшсэн найз нөхөд, ах эгч нараасаа ч асуулаа. Бас л юу ч болохгүй гэж байсан. NASA-аас ч мөн аил юу ч болохгүй гэдгийг тайлбарлаад өгчихсөн байгаа. Гадаад, Монголын шинжээчид бөөндөө ингэж мэдээлж байхад сөнөхгүй гэдэг нь шашин болон шинжлэх ухааны үүднээс тайлбарлагдаад ирж байгаа юм.
Тэгтэл зарим нэг сургууль цэцэрлэг, албан байгууллага энэ өдөр ажилласангүй. Бодвол эзэд нь гутранги улсууд бололтой. Хөөрхийс өдийд лагерь дээрээ гараад гэрээ бариад сууж байгаа биз. Тэдгээр гутрагчдын зарим нэгэн нь гэр олдохгүй болохоор контейнер худалдаж аваад дээврийн хэсгийг нь бөөрөнхийлж ухаад Монгол гэрийн тооно суулгаад хоёр баганаар түшүүлснийг хараад элгээ хөшихөөс наахнуур инээлээ.
Хэрвээ бид нар л байгаль эхтэйгээ аятайхан харьцаад, ойр орчимдоо хог тарихгүй, гол усаа бохирдуулахгүй бол асуудал үүсэхгүй гэдэг л чухал юм.
Өнөөдөр ажилдаа явахгүй бол онигоо болно шүү нөхдөө. Лагериасаа орж ирээд ажлаа хийцгээ. Харин зарим нэгэн нь далимдуулж, тэгээд ажил төрлөө тасалдуулахгүй байхыг залуу хүний хувиар уриалж байна. Харин “тэрс үзэлтнүүд”-эд хандаж хэлэхэд Өөдрөг байцгаа, дэлхий сөнөхгүй.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )