Миний бодол

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

 

Бараг 3 сарын турш Монгол улсад эмнэлэг хэрэгтэй юу оффис хэрэгтэй юу хэмээн эмч ажилчид, жирийн ард түмэн тэмцсээр ирлээ. Оффис болгох санаачлагыг Тэмүүжин сайд гаргаж Шинэчлэлийн Засгийн Газартаа танилцуулж баталгаажуулснаар  түүний кабинетдаа болон Ерөнхийлөгч Элбэгдоржид тэдний мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд тусалж байгаагийн сацуу хувийн ретингээ ч эдгээр 1 намын дарангуйлсан төр засагтаа өсгөж чадсан байх гэж бодож байна. Гэвч энэхүү харалган шийдвэрийг хараад нүдээ аниад суухад иргэн надад хэцүү санагдаж байна. Шийдвэрийг гаргаж байгаа засгийн эрх баригчдыг ч үзэн ядах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.

1 сая хүн амтай нийслэл хотод эмнэлэг хүрэлцэхгүй байгааг хүн бүр мэднэ. Тэр тусмаа сүүлийн 20 гаруй жил дэлхийн жишигт очихоор байр болон тоног төхөөрөмжтэй эмнэлгийн 1 ч барилга баригдаагүй байхад 2008 оноос тус эмнэлгийн барилгыг шинэчлэх ажлыг хөөцөлдөн эхлүүлж  удахгүй ашиглалтанд оруулснаар эрүүл мэндийн тусламж үзүүлэх тэр их ачааллаас хөнгөлөх цөөхөн эмнэлгийн нэгийг ор мөргүй устгах гэж байгаад эмзэглэж байна.

ТТАХНЭ нь эх орны өнцөг булан бүрт албаа хашиж буй хилчид, цагдаагийн ажилчид, дотоодын цэргийнхэн, шүүх хорих байгуулагын ажилчид, хянагчид, онцгой байдлын ажилчид, гал сөнөөгчдөд, тэдгээр байгууллагаас тэтгэвэрт гарагсад, тэдгээрийн ар гэрийнхэн зэрэгт  үйлчилгээ үзүүлэхээс гадна Чингэлтэй дүүргийн хүн амд бүх төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг нийт 250 мянган иргэн хамрагддаг цар хүрээгээрээ Клиникийн I, II, III эмнэлэгтэй дүйцэх хэмжээний үйлчилгээг үзүүлдэг том эмнэлэг юм.

Ор мөргүй устаж байгаа гэж байгаа нь тус эмнэлэг нь тэртээ тэргүй ЭМ-ийн үйлчилгээгээ үзүүлж хүч хүрэхгүй байгаа барилга байгууламж нь хуучирсан дээрх эмнэлгүүд мөн Цэргийн төв эмнэлгийн ачааллыг нэмэхээсээ гадна 250 эмч, эмнэлгийн ажилчдыг ажлын байргүй болгож байгааг эгдүүцэн хэлсэн болно. Эдгээр ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэдгээрийн 30 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байдаг.

Цэргийн төв эмнэлэг нь дээрх хүмүүсийг ажлын байртай болгох нь битгий хэл өөрсдөө хуучирсан барилгад арай чүү багтан эмнэлгийн тусламжийг ард түмэндээ хүргэж байгаа эмч ажилчид билээ. Шинээр барилга бариулж байгаа гэх боловч тэр нь төрөөс санхүүжилт хийгдээгүй, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоонд орсон, дулаан цахилгааны асуудал нь одоо болтол бүрэн шийдэгдээгүй гэх мэт асуудалтай мөн л байр барилгаа сайжруулж ажиллах сэтгэлтэй эмнэлгийнхэн оршин байна.

ТТАХНЭ-ийн хувьд нэгэнт анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдаад 80 хувьдаа орчихсон, манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа өндөр хүчин чадалтай СТ, MRI оношлогооны аппарат нь суурилагдчихсан, өвчтөн бүрт зориулсан хүчилтөрөгчийн хийн хоолой, нарийн тоног төхөөрөмжүүдийн далд монтаж нь давхар болгондоо хана бүртээ хийгдчихсэн, палат болгон нь өвчтөний зориулалтын бие засах  өрөөтэй, өвчтөн тээвэрлэх тусгай лифттэй, 2013 оны хавар ашиглалтанд бүрэн хэмжээгээ ороод үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байгаа эмнэлэг бөгөөд цөөн хэдэн хүн суух өрөөнүүд болгохгүй гэж байгаа санаа минь билээ.

Дээр дурдагдаж буй ажлууд нь хийгдчихсэн уг барилгыг буцааж эвдэн энгийн оффис болгох аваас төсвийн мөнгөөр хийгдсэн тэр их ажлыг үр ашиггүй үрэн таран хийж дараа нь хэнд ч хэрэггүй хог болгож байгаагаас гадна дахин засварлах хөрөнгө мөнгө татвар төлөгчдөөс бүтдэг төсвөөс маань эргээд гарна шүү дээ.

Энэ мэтчилэн гарч буй сөрөг үр дагаваруудыг харж шийдвэрээ өөрчлөхийг Шинэчлэлийн засгийн газарт хүсэхийн хамт АРД ТҮМНИЙ нэрийн өмнөөс сонгогдсон шинэхэн 76 гишүүддээ хандан ард түмний эрүүл мэндийн төлөө, ядарч зовсон өвчтнүүд, тэдгээрийн гэр бүлийнхний төлөө, монгол хүн бүрийнхээ төлөө та бүхэн өөрсдийн нам эвсэл, суудал, тушаал, тухайн цаг үедээ тохирсон мөрийн хөтөлбөрүүдээ умартан хувь хүн талаасаа эмнэлэг, эмнэлгийн ажилчдыг дэмжихийг хүсч байна. Төр засгийг ээлжлэн баригч, нэгдэн эвссэн олон намын төлөөлүүд болсон Монгол төрийн эрх баригчид та бүхэн Монгол улсын үндсэн хуулин дахь иргэн эрүүл явах эрхийг 1 номерт дээдлэн хүндэтгэхийг иргэн би ГУЙЖ байна.

 

О.Сэргэлэн  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top