“Дүнжингарав”-эрүүл мэндэд ээлтэй “зах” болно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

Хэдэн жилийн өмнөөс хэл аманд өртөн, бараг л дампуурах нь, сүйрэх нь гэгдэж байсан “Дүнжингарав” худалдааны төвийн цогцолбор мөдхөн ашиглалтанд орно. Өчигдөр уг төслийн зорилго, хэтийн төлөвлөгөө, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдол, түүнчлэн төслийн барилга угсралтын ажлын одоогийн үйл явц зэрэг олон талт мэдээллийг нийтэд үнэн бодитойгоор хүргэх, танилцуулах зорилгоор хэвлэл мэдээллийн салбарын 1000 сэтгүүлчийг оролцуулсан төслийн танилцуулга арга хэмжээг тус худалдааны төв дээр зохион байгууллаа.

Монголдоо анх удаа дэлхийн жишигт нийцсэн, цорын ганц   “Дүнжингарав” худалдаа, үйлчилгээний цогцолборын төслийн эхний үе шатны барилгын явц 90 хувьтай хэрэгжиж үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.

Талбайн хэмжээгээр нь тооцвол 30 хөлбөмбөгийн талбайтай дуйцэхүйц том “Дүнжингарав” худалдааны төвийн B2 болон B3 байгууламжууд нь 2013 онд бүрэн ашиглалтанд орж, их дэлгүүр, үзвэр үйлчилгээний төв, гаалийн баталгаат агуулах, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүний төвлөрсөн захууд нь 2014 оноос ашиглалтад орж эхлэх юм байна. Уг төсөл бүрэн хэрэгжсэнээр 15-20 мянган хүн буюу бараг тодорхой нэг салбарын ажиллагсадтай тэнцэхүйц хэмжээний олон хүмүүсийг ажлын байраар хангах боломжтой болох юм. 

Тус худалдааны төв дээр танилцах аялал хийж явахад анзаарагдсан хамгийн чухал давуу тал нь дулаахан, тав тухтай орчин байлаа. Дотор тохижилт, тоноглол нь орчин үеийн шинэлэг шийдлүүдээр бүтээгдсэн, тэнд ажиллагсад болон үйлчлүүлэгчдийн тав тухтай орчныг хангахуйц тохилог худалдааны төв болж чаджээ. Мөн уг төслийн хүрээнд тэнд ажиллагсдын үр хүүхдэд зориулсан хүүхдийн цэцэрлэгийг худалдааны төв дотор нээн ажиллуулахаар яригдаж байгаа нь бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн ар гэрийн амьдралын нэгэн чухал асуудлыг шийдвэрлэсэн буянтай ажил болохоор байна. Энэ мэтчилэн, “Дүнжингарав” худалдааны төвийг үүсгэн байгуулж буй хамт олон зөвхөн өөрсдийн бизнес ашгаа бодох төдийгөөр хязгаарлагдахгүй, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байгаа нь үнэхээр олзуурхууштай.

Өчигдрийн арга хэмжээний үеэр УИХ-ын дарга, зарим түшээд, ялангуяа манай эрхэм түшээ эмэгтэй гишүүд маань очсон байсан нь уг төслийн нийгэмд чиглэсэн санал санаачлагад ихээхэн ач холбогдол өгч байгаа нь анзаарагдаж байв.

Аливаа зүйл заавал араасаа хэл ам дагуулдгийн жишгээр, өчигдөр орой Твиттерээр уг худалдааны төвийн газрын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар жиргээчид хоорондоо маргалдан, нэлээн юм болцгоов. Манайхан юм болгон дээр заавал “тамын тогооны үлгэрээ” гаргаж ирдэг нь энд тод анзаарагдаж байна. Хийж бүтээдэг хүмүүсээс илүү шүүмжлэгчид дэндүү олон юм, өөрөөр хэлбэл гараа бус ам хэлээ хөдөлгөгсөд. Хөндлөнгөөс хараад шүүмжлэх шиг амархан зүйл үгүй. Гэвч өөрсдөө бүтээж байгуулж чадахгүй бол юм хийж байгаа хүмүүстээ гай бололгүй, мөрөөрөө л байцгаая л даа.

Өнөөгийн нөхцөлд гадаа, задгай талбайд наймаа арилжаагаа хийж буй “Нарантуул”, “Хархорин” захын түрээслэгчдийг харахад үнэхээр зүрх шимширмээр. Бид гэрээсээ дөнгөж гараад автобусны буудал орох зайд осгочих гээд байгаа одоогийн хасах 30 хэмийн хүйтэнд бүтэн 10 цаг гадаа зогсдог гээд төсөөлөхөд аргагүй л сэтгэл өвдмөөр. Тэр тусмаа тэдний 95% нь эмэгтэйчүүд гээд бод доо. Эдгээр задгай захуудад хэдэн жил зогсоод эрүүл мэндээрээ хохирон, өвчний үүр болсон хүмүүс маш их байна. Тэд хэдэн өвөл хөлдүүс болтлоо зогсож байж олсон хэдэн төгрөгөө буцаагаад эмчилгээний зардалдаа төлөөд дуусах жишээтэй.

Манай захуудын дүр зураг өнөөгийн байдлаар ийм л байна. Мөн нөгөө талаас, захаар үйлчлүүлдэг хүмүүсээ бодоод үзсэн ч, манай нийт иргэдийн 80% нь эдгээр захуудаас хэрэгцээгээ хангадаг гэхэд хилсдэхгүй. Учир нь тэнд хэдийгээр хятад голдуу “хулхи” бараа байдаг хэдий ч үнэ ханш нь манайхны хэтэвчинд таарсан, хамаагүй хямдхан байдаг учраас. Гэтэл одоогийн хүйтэн нөхцөлд гадаа задгай талбайгаар явж,сонголтоо хийн бараа худалдаж авахад маш хүндрэлтэй, 2-3 лангуу ороод л хөлдчих гээд бушуухан гарт таарсныг нь аван, жишээ нь өмд сонгон өмсөж үзмээр байдаг, гэтэл юун хувцсаа тайлахтай манатай гэх мэт.

Тэгвэл “Дүнжингаравын” буянаар энэхүү байдал өөрчлөгдөж мэдэх нь, наймаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчдэд тав тухтай байдлаар. Үнэхээр л улс төрийн эсвэл бизнесийн өрсөлдөөний зорилгоор амбицтай ханддаггүй юм бол энэ худалдааны төвийн талаар өөлөөд гоочлоод байх зүйл алга.  

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2013.09.02(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

dvnjin garavt bi orchix ym chin narantuulaar bi yahawdee

1  |  0
Top