О.Магнай: Түлшний үнэ 50 төгрөгөөр нэмэгдэхэд талх 4 мөнгө, мах 20 төгрөгөөр нэмэгдэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 24

 

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр шатахууны үнэ нэмэх болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнээс цаг үеийн асуудлаар цөөн зүйл тодрууллаа.

-Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж байсан ч яагаад гэнэт нэмэгдэх болсон бэ?
- Шатахууны үнийн өсөлт нь төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд явж байгаа. Манай улсын хэмжээнд жилдээ нэг сая тонн орчим нефтийн бүтээгдэхүүн импортлож хэрэглэдэг. Үүний 65 орчим хувь нь дизель түлш, 25 хувь нь бензин, 10 хувь нь А-80 байдаг. Монгол улсад хэрэглэж байгаа бензин борлуулалтын 55 хувийг уул уурхайн компанийн бөөний худалдаа эзэлдэг. Үлдсэн 45 хувь нь иргэдэд жижиглэнгийн худалдаа байдаг. Тиймээс шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд Монгол улс уул уурхайн орон учир гаднаас оруулж ирж байгаа  шатахууны үнэ уул уурхайн компаниудад  зах зээлийн журмаар явна. Харин иргэдэд хүрч байгаа бензиний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа. Тиймээс жижиглэн бөөн гэж хоёр хуваагаад  тусдаа бодлого баримтлахаар болсон.  Үүний хүрээнд Засгийн газар болон Монголбанк дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ хөтөлбөрт нефтийн компаниудад 83 тэрбум 492 сая төгрөгийн, жилийн 3.8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгосон. Энэ зээлийн гол зорилго нь жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах.Тэрнээс биш нийт нефтийн компаниудыг дэмжих гэж олгож байгаа зүйл биш юм. Дизель түлшний хувьд 70-80 хувь нь бөөнөөр зарагддаг.  Тэгэхээр үлдсэн 20 хувийг иргэд худалдан авч байгаа учир энэ хоёр зах зээлийг салгаад бөөнөөсөө ашигтай олон жижиглэнг хэвийн борлуулах. Энэ хоёрын балансаар нефтийн компани ашигтай ажиллах бодлогод шилжиж байгаа.
Энэ шинэ бодлогын хүрээнд  компаниудыг цочирдолд оруулахгүйн тулд эхний ээлжинд энэ 83 тэрбумын зээлийг олгож байгаа. Мөн валютийн ханшны эрсдэл байхгүй болгож гэрээ хийсэн. Хэрвээ  өнөөдөр дээрх арга хэмжээг аваагүй байсан бол ОХУ-аас орж ирэх хилийн үнийн өөрчлөлтийг тооцоод үзэхэд нефтийн үнэ 210 төгрөгөөр нэмэгдэх байсан. Засгийн газраас  бодлого хэрэгжүүлэн арга хэмжээ авсаны үр дүнд 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тогтсон үнэ нь тавдугаар сарын 20-доор тогтсон үнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн долоон сарын турш нефтийн үнэ хөдөлгөөнд ороогүй.  Ингэж  Засгийн газрын баримталсан бодлогын үр дүн ашигтайгаар гарч байна.

- Түлшний үнэ буурвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг болно гэсэн үг үү?

-  Орост нефть өсөхөд манайд дагаад өсдөг. Харин буурахад дагаад буурдаггүй байсан. Одооноос эхлээд  ШӨХТГ-аас бүрэн хянаж байгаа тул нефть хямдарсан тохиолдолд дагаад буулгадаг болно.  Нэгэнт засгийн газар хөнгөлөлттэй зээлээ өгөөд бодлогоо хэрэгжүүлж байгаа учир Засгийн газрын агентлагийн хувьд үүнд хяналт тавих үүрэгтэй болж байгаа юм . Цаашид Монгол өөрсдөө боловсруулах үйлдвэртэй болох хүртэл жижиглэнгийн үнийг нэмэхгүй байх бодлого баримталж байгаа. 

-
Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж таараа. Үүнд ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?

-Одоохондоо бидэнд ийм мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд бид үүнд хяналт тавьж байгаа. Хэрвээ ингэж зохиомлоор ийм үйлдэл гарах юм бол хуулийн дагуу арга хэмжээ авч, хариуцлага тооцно.

Бидэнд байгаа судалгаанаас харахад нефтийн бүтээгдэхүүний үнэ литр тутамд 50 төгрөгөөр нэмэгдэхэд талхны үнэ 4 мөнгө, мах 20 төгрөг хүрэхгүй үнэ нэмэгдэнэ гэсэн судалгаа байна. Тиймээс хүмүүс ч бас ингэж хиймлээр үнэ хөөрөгдөхгүй байх гэж найдаж байна.
- Орон нутагт шатахууны үнэ илүү нэмэгдэж зарим газар  картаар олгож байна гэж мэдээлэл гарсан. Энэ талаар хяналт тавьж байгаа юу?
- Өнгөрсөн арваннэгдүгээр сард хөдөө орон нутагт үүссэн хомсдол нь зохиомол байсан гэдгийг мэдэгдээд “НИК” компанид таван тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Харин баруун болон зүүн аймгуудад орж ирж байгаа бензин нь хойд хилээс орж ирж байгаа. Тиймээс тэнд үнийн бага зэрэг өөрчлөгдсөн зөрүү байгаа. Гэхдээ одооноос монгол  орон даяар төр хяналтаа хэрэгжүүлж байгаа учир дураараа болон хоорондоо хуйвалдаад үнийг өсгөдөг зүйл зогссон. Үүнийг ч нефтийн компаниуд зөвшөөрч төрөөс баримталж байгаа бодлогыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн.  Зарим нэгэн талаас төр хэтэрхий олон зүйлд оролцож байна гэж шүүмжилж байгаа. Гэхдээ стратегийн буюу иргэдийн  амьдралд чухал нөлөөтэй салбаруудад төр заавал оролцох ёстой .
-“НИК”-д тавьсан торгуулийг тухайн байгууллага хүлээн зөвшөөрч байгаа юу?
“НИК” компанид 17 тэрбум, дараагаар нь таван тэрбумын торгууль тавьсан. Хэрвээ 30 хоногийн дотор НИК давж заалдахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ тавиад хуулийн хүрээнд манай дансанд мөнгө шилжин орно. Гэхдээ одоохондоо хуулийн хугацаа дуусаагүй байна.
- Сүүний компаниудтай хариуцлага тооцохоор болсон. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Бид гүйцэтгэлийн шалгалт хийсэн. Одоо бүгд “мими хатаамал сүү” гэдгийг шошгон дээрээ тавьсан байгаа. Харин “мими цэвэр сүү” гэж тавьсан байгууллагуудад ойрын үед хариуцлага  тооцож Оюуны өмчийн газартай хамтран арга хэмжээ авна. Тэгээд сүүний нэрийг өөрчлөх талаар яригдаж байгаа.
-Дулаан, цахилгааны үнийг нэмэх  үү?

-Цахилгаан дулааны үнийг нэмэх саналаа манай байгууллагад өгсөн. Бид энэ бүх саналыг судалж байгаа. Үнэ нэмэхээс өмнө авч болох менежментийн арга хэрэгслүүд байгаа. Удирдлагын зардал болон хяналтгүй өндөр тендер зарладаг байдлаа эргээд харах хэрэгтэй. Үнэ өсгөнө гэдэг бол хамгийн эцсийн арга хэмжээ учир зардал бууруулах талаар судалгаагаа хийгээд эргээд мэдэгд гэсэн шаардлага тавьсан байгаа. Тэрний дараагаар үнэ нэмэх талаар бид дахин авч үзнэ.
-Орон сууцны метр квадратын үнийн нэмэгдлийн талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Орон сууц санхүүжилтийн корпорацитай хамтран хийсэн ажлын хэсгийн тайлан гарсан байгаа. Энэ талаар он гарсаны дараагаар иргэдэд баяртай, таатай мэдээ дуулгахаар бэлдээд байна. Бид өөрсдийнхөө зүгээс метр квадратын үнэ буурах боломжтой гэж харж байгаа. Энэ талаар хоёр сар судалгаа хийсэн учир он гарсаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

-Тодруулга өгсөн танд баярлалаа

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top