Сэтгэлийн 1000 бэлэг …

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26



Хөөрхөн хүүхдүүийн хувьд баяр хөөр аз жаргал авчирсан, харин залуус бидэнд Монголынхоо амьдралыг үнэн бодитоор нь харж, өөрийн биеэрээ мэдрэх боломж олгосон, бүх дэлхийн Монголчуудыг хүүхэд хэмээх ариун нандин зүйл дээр нэгтгэж чадсан, олон зуун залуусын зүрх сэтгэл, гар бие оролцсон гайхамшигтай арга хэмжээ Улаанбаатарт болж байна.

Дулаан ноосон эдлэл, хичээлийн хэрэгсэл, шинэ хувцас, чихэр амттан гэх мэт зүйлсээс бүрдсэн мөнгөөр үнэлвэл бараг 30 сая төгрөгийн 1000 гаруй бэлгийг залуус нэг ч пүүс компанийн хандив тусламжгүйгээр, төрийн ганц ч төгрөгний санхүүжилтгүйгээр цуглуулж чадлаа. Чадахаар барахгүй эхний 700-г нь өнгөрсөн амралтын өдөр тарааж дуусаад байна. Энэ бэлгийг яаж цуглуулчихав аа ? Нэг нэгээр нь, ширхэг ширхэгээр нь цуглуулсан. Их сургуулийн оюутан охины өөрөө нэхсэн бээлий, дөнгөж цалин нь буусан залуугийн сэтгэлээрээ авч өгсөн эсгий бойтог, давхар тасгынхаа хамт олныг уриалан бэлэг бэлдэж өгсөн оффисын ажилчид, аав ээжтэйгээ нийлээд 300 бэлэг бэлдээд ирсэн жаахан охин, харь нутагт хэцүү ажлынхаа хажуугаар бие биенээ огт танихгүй мөртлөө нэгэн баг хамт олон болж эх орныхоо зүг сэтгэлийн карго ачуулсан Япон, Солонгос бүх дэлхийн Монголчууд, бэлгэнд нь чихэр аваад хийчихээрэй гээд мөнгө шилжүүлсэн тив тивийн Монголчууд ! Сэтгэлийн 1000 бэлэг ингэж сэтгэл зүрхээр бүтээгджээ.

Хүүхэд дээр нэгдэж чадаж байна гэдэг, хойч ирээдүйнхээ төлөө нэгдэж чадаж байна гэсэн үг. Хүүхдэд туслах, хүүхдийг хайрлах сэтгэлтэй байна гэдэг бол Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэсэн үг.

Маш том хариуцлага ирсэн. Зүгээр нэг бэлэг биш гэдгийг нь өөрсдөө явж цуглуулсан, өөрсдийнхөө гараар бэлгээ боосон бид хэнээс ч илүү мэдэж байсан учраас нэг ч гэсэн бэлэг зөв эзэндээ хүрэхгүй байх вий гэхээс маш их санаа зовж, хармын сэтгэлээр хандаж байгаа. Хүүхдэд бэлэгнээс гадна, сэтгэлийн дэм өгье гээд 1000 цаасан шувуу хийж, 1000 цаасан шувуун дээрээ зөвхөн тэдэнд хандан сэтгэлийн захиагаа бичицгээсэн.

Монголын амьдрал хэцүү байсан. Хүүхдүүдийн маань ихэнхи нь тэжээл дутсанаас болоод өсөлт нь зогсчихож, 13 настай хүүхэд гэхэд алгын чинээ юм хэвтэж байх нь олон, тархины саажилт гэж айхтар өвчин байдаг юм байна, утаа тортогноос болоод эрүүл уушигтай хүүхэд гэж нэг ч байхгүй болжээ, тэр утааг нь ч болтугай гаргачих нүүрсгүй айл хаа сайгүй, хөөрхөн хүүхдүүдийн дээгүүр Монгол гэрийнх нь хоймор луу харахад харь цустай хүн хөнжлөө нөмрөөд хэвтэж байх нь элбэг юм, олон хүүхэдтэйгээ хаягдаж хоцорсон өрх толгойлсон эхчүүд ч олон юм, чухам л бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоод хангаад жаргаагаад хаячихсан мэт ярих ч зөвхөн тэр л мөнгөөр нь дөнгөн данган өлөө залгуулдаг олон айл байдаг юм байна гэдгийг харлаа, мөнгө биш ажил өгмөөр санагдлаа, архинд живсэн аймшигт ертөнцийг харлаа, бэлгийг нь уугаад идчих вий гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө, заримыг нь эрх нь байдаг бол эцэг байх эрхийг нь хасч улсын асаргаанд авмаар санагдлаа, төрийн өндөрлөгүүд өөрснөө яг ингэж хэд хоног явах хэрэгтэй, явья гээд ирэхэд нь хороо нийгмийнх нь ажилтнууд бүх юмыг урьдчилж бэлдээд хөөрхөн жүжиг тавьчихаж магадгүй юм байна гэдгийг нь ч мэдэж авлаа, үнэхээр сайхан сэтгэлтэй улсын ажлыг сэтгээлээрээ хийж яваа, өөрснөө ч ялгаагүй амьдралтай олон сайхан эгээ нартай таарлаа, ер нь тэгээд энэ бүх зүйлийг нүдээрээ үзэж хараагүй цагт хичнээн данхар сандал дээрээс духаа үрчийлгээд нэмэргүй гэдгээ төрийн эрх мэдэлтэй гэх нөхдүүд ойлгох цаг нь ирсэн юм шиг санагдлаа, хүүхдийн эрх гэдэг зүйл зүгээр л тунхагын чанартай болж хөгжилтэй орны нохойноос ч дор хэмжээнд амьдарч байгааг нь харлаа, дурын нэг айлд ороход 4-5 хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөж байгааг мэдлээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, сурч боловсрох эрх, бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг … Энэ бүхэн чинь одоо хүүхдийн эрх мөн биз дээ таминээ ?

Ингээд бид бодлоо, хойч үе ирээдүй маань болсон хөөрхөн хүүхдүүдийнхээ төлөө өөрсдөө эхэлж хөдлөхөөр шийдлээ, боож үхэх бид биш төр нь өөрөө оготно шиг санагдлаа, хувиа хичээсэн том ярьсан төр оготны хэмжээнд ажиллаж чадахгүй өөрийнхөө халаасыг л бодож байгаа учраас ингээд хэлчихэд сүрхий гомдоод байхгүй байх гэж бодож байна. Төр гэдэг нь ердөө л бүх ард түмний төлөөлөл болсон хэдэн хүмүүс учир массаараа хөдөлж чадвал, хүн бүр дор бүрнээ хүүхдийг хайрлаж, тэдэнд туслаж чадвал, хамар хашааныхаа хөлдөж үхэх гээд хэвтэж байгаа 2 хүүхдэд өөрөө жаахан ядруу ч хоёр түмпэн нүүрс оруулаад өгчих сэтгэлтэй болвол, хэн нэгнийг зохион байгуулаад манлайлаад ирэхээр нь дагаж оролцох биш яг өөрсдийнхөө ойр байгаа хүүхдүүдэд сэтгэл гаргаж туслаж чаддаг болвол, энэ сэтгэлгээ Монгол улс даяар түгэн тарах цагт, бид төрөөс илүү гэдгээ мэдэж авлаа.


Монгол хүүхдүүдийг маань бурхан ивээх болтугай.

Ч.Ганжавхлан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top