Ерөнхий сайд Н.Алтанхуяг оны шилдэг хүүхдүүдэд батламж гардууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 26

Өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дуурайллыг дэмжин дэлгэрүүлэхээр 1991 оноос эхлэн "Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, Ерөнхий сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн батламжийг нь гардуулдаг уламжлал тогтсон.

Энэ жил сурлага танин мэдэхүй, урлаг уран бүтээл, спорт, хүүхдийн оролцоо өөрийн удирдлагын байгууллага, техник чөлөөт сэтгэхүй, хүмүүнлэг энэрэнгүй үйлс гэсэн зургаан номинациар найман аймаг болон нийслэлээс 21 хүүхэд шалгарсан байна. Оны шилдэг хүүхдүүд батламжаа Төрийн ордонд, Есөн хөлт цагаан тугийн өмнө  Ерөнхий сайдаас хүндэтгэлтэйгээр гардан авлаа.

Шилдэг хүүхдүүдэд батламж гардуулан баяр хүргэсний дараа Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг “Цог золбоо, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүүхэд насандаа авъяас билэг, оюун ухаан, хичээл зүтгэлээрээ үеийнхнээ манлайлсан та бүхнээрээ бахархаж байна. Бидний маргааш болсон өсвөр залуу үеийнхэн маань ямар олон сайхан үйлс бүтээснийг харж, чаддаг зүйлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд манлайлж чадсанд нь баярлаж байна. Мөн хүмүүнлэг, энэрэнгүй үйлсээрээ үлгэр жишээ үзүүлсэн гурван ч хүүхэд энэ жил шилдэгт шалгаран орсон нь зөв монгол хүүхдүүд өсөн гарч ирж байгааг харуулж байна. Үүнд маш баяртай байна” гэлээ.

Шилдгээр шалгаран холоос зорьж ирсэн Увс аймгийн Улаангом сумын сурагч Б.Буянхүү шагнал гардсан үе тэнгийн хүүхдүүдээ төлөөлөн “Өсвөр залуу үеийнхэн биднийг байнга дэмжиж, халамжлан анхаарч ирсэн Засгийн газартаа Монголынхоо 1,1 сая хүүхдийг төлөөлөн баярлалаа гэж хэлье” гэсэн бол шилдгүүдийн хамгийн бяцхан нь болох найман настай Ц.Мөнхжин хүү Засгийн газрын тэргүүнд зурсан зургаа дурсгал болгон бэлэглэлээ. Түүний бэлэглэсэн “Өвөөгийн гадаа” хэмээх зураг нь олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртэж байжээ. Мөн бие даасан тоглолтоо нийтэд толилуулж амжсан авъяаслаг охин П.Индра хийл хөгжмийн тоглолтоороо мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Эдгээр шилдэг хүүхдүүдийн хүсэл бүхэн биелж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ерөөгөөд дурсгалын зураг авахууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

“2012 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА 

 

1. Сурлага, танин мэдэхүй номинаци

 

  • Чулуунбаатарын Золбоо, 16 настай. Улаанбаатар хотын Монгол-Туркийн хамтарсан сургуулийн 10д ангийн сурагч. Аргентины Мар Дел Платад хотод болсон Ахлах ангийн дэлхийн аварга шалгаруулах олимпиад, Казакстаны Жаутыковын олон улсын математикийн олимпиад, Олон улсын хот хоорондын математикийн олимпиад зэргээс 2 алт, 2 хүрэл медаль хүртсэн. Мөн улсын математикийн 48 дугаар олимпиадын үнэмлэхүй аварга, математикийн улсын 3 удаагийн аварга болжээ. Ч.Золбоо олон улс, улс, хот, аймгийн хэмжээний математикийн олимпиадын 200 гаруй медаль хүртсэн байна.  
  • Гантөмөрийн Мөнхбаяр, 17 настай. Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 11е ангийн сурагч. ОХУ-ын Якутск хотод болсон Олон улсын “Туямада”, "Кенгуру-2012" ОХУ-ын Москвагийн их сургуулийн харьяа А.Н.Колмогоровын сургуулийн нэрэмжит зэрэг олон улсын математикийн олимпиадад 6 хүрэл, 2 тусгай байр эзэлж байсан. Улс, хот, дүүргийн болон нэрэмжит олимпиадуудаас 8 алт, 3 мөнгө, 2 хүрэл, 3 тусгай байрын шагнал хүртжээ.
  • Батсайханы Бат-Оргил, 16 настай. Нийслэлийн лаборатори 1-р сургуулийн 11л ангийн сурагч. Аргентины Мар Дел Плата хотод болсон Ахлах ангийн дэлхийн аварга шалгаруулах олимпиадын хүрэл, Хятадын баруун бүсийн олон улсын математикмйн олимпиадын мөнгө, Монголын математикийн олимпиадын мөнгө, "Кенгуру-2012” олон улсын уралдааны мөнгөн медальтан.

 

2. Урлаг, уран бүтээл номинаци

 

  • Цэрэнманалын Мөнхжин, 8 настай. Улаанбаатар хотын Амгалан цогцолбор сургуулийн 4а ангийн сурагч. Японы Канагавагийн олон улсын хүүхдийн зургийн уралдааны гран при, “Хүүхдийн ертөнц-2012” олон улсын зургийн уралдааны мөнгөн медальтай. Нэг удаагийн тэмцээнд 35 мянга орчим бүтээл ирдэг Канагавагийн олон улсын зургийн уралдааны хоёр удаагийн тэргүүн байрны шагналтай. Олон улсын хэмжээний тэмцээнүүдэд Монгол ахуй, монгол бахархлыг харуулсан зургаараа оролцдог энэ бяцхан хүү урын сандаа 500 гаруй зурагтай.
  • Эрдэнэбаярын Ууган-Эрдэнэ, 14 настай. Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн 9б ангийн сурагч. Сэвжидийн нэрэмжит Өсвөрийн бүжигчдийн улсын 11-р уралдаанд гоцлол бүжгийн тэргүүн байр, хамтлагийн бүжгийн мөнгөн медальтай. Япон улсын “Дайдо Ге” олон улсын наадамд урилгаар оролцож байсан. “Тэмээчин охин” зэрэг 3 бүжиг дэглэсний зэрэгцээ 100 гаруй хүүхдэд ардын бүжиг заажээ. Бие даасан томоохон тоглолтоо хийж, орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлах хүсэлтэй явдаг.
  • Пүрэвхүүгийн Индра, 10 настай. Хөгжим бүжгийн коллежийн 5-р ангийн сурагч. Чехийн Усти Над Орличи хотод болсон олон улсын хийлчдийн 54-р уралдааны 3 дугаар байр, Чулууны нэрэмжит олон улсын 10-р уралдааны С ангиллын тэргүүн байр, АНУ-ын Нью-Йорк хотод болсон Крешендо уралдааны тэргүүн байрын шагналтай. 2012 онд Улсын филормонид “Хос уянга” бие даасан тоглолтоо хийсэн. Хийл хөгжмөөрөө илүү их амжилт гарган эх орныхоо нэрийг цуурайтуулах мөрөөдөлтэй.
  • Эрэгдэндагвын Учрал, 10 настай. Улаанбаатар хотын 3-р сургуулийн 5в ангийн сурагч. Хятадын Шинжянь хотод болсон Дэлхийн бүжгийн холбооны Дэлхийн цомын төлөөх тэмцээний 10 насны нээлттэй стандартын төрөлд аваргалж, ОХУ-ын Иркутск хотод болсон “Голубай байкаль-2012” тэмцээний хагас шигшээд шалгарсан. “Энхийн элч” хөдөлгөөний гишүүн, 5 онцын эзэн алтан медальтай. Бүжгийн спортоор дэлхий, олимпийн аварга болох зорилготой.

 

3. Спорт, биеийн тамир номинаци

  • Эрдэнийн Баасансүрэн, 9 настай. Орчлон сургуулийн 4б ангийн сурагч. Румынд болсон Дэлхийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээний алт, Вьетнамд болсон Зүүн Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Шри ланк улсад зохиогдсон Азийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, багийн стандартын мөнгө, рапид, блиц тэмцээний мөнгө, 2012 оны Улсын өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, Лондон хотноо болсон “London chess classic open" тэмцээний Шилдэг хүүхдийн шагналтай. 2009 оноос шатрын спортоор хичээллэсэн тэрбээр Олон улсын шатрын холбооны кандидат мастер болжээ.
  • Батжаргалын Лхагвадорж, 14 настай. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Макс группын бөх, нийслэлийн 28 дугаар сургуулийн 10а ангийн сурагч. Ардын хувьсгалын 91 жил, Их эзэн Чингис хааны 804 жилийн ойн их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд түрүүлж Улсын шонхор цол хүртсэн. Улсын чанартай 4 тэмцээнээс 3 мөнгөн медаль авснаас гадна "Хаврын баяр", ‘‘Өвлийн баяр”-ын өсвөрийн бөхийн барилдааны түрүү, Аваргын гараа өсвөрийн сумо бөхийн барилдааны ахлах насны түрүү байрын шагналтай. Цаашид тив дэлхий, олимпийн тэмцээн болон үндэсний бөхөөр өндөр амжилт гаргах зорилготой.
  • Батгэрэлийн Тэнгисболд, 17 настай. Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 2-р сургуулийн 11а ангийн сурагч. Ардын хувьсгалын 91 жил, Их эзэн Чингис хааны 804 жилийн ойн их баяр наадмын их сурын харвааны түрүү, урианхай сурын  харвааны насанд хүрэгчдийн мөнгө, багийн тэмцээний алтан медальтай. 2012 оны үндэсний сурын өсвөр үеийн аварга. Баруун бүсийн Их хурд наадмын алтан медальтай. Спортын мастер. Сурын спортоор З жил хичээллэж байгаа. 2013 онд үндэсний сурын харвааны Спортын мастерын цол авах зорилготой.
  • Энхбатын Цэндцэсэм, 13 настай. Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн 8д ангийн сурагч. Ардын хувьсгалын 90, 91 жил, Их эзэн Чингис хааны 803, 804 жилийн ойн их баяр наадмын их сурын харваанд дараалан түрүүлж, Монгол Улсын өсөх идэр хошой мэргэн цол хүртсэн. Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээний тусгай байр, улсын нэрэмжит тэмцээний 2 алтан медальтай. Спортын мастер болох зорилготой.
  • Бүрнээбаатарын Нямгэрэл, 17 настай. Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн 11а ангийн сурагч. Азербайджаны Баку хотод болсон Чөлөөт бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн хүрэл, Тайланд улсын Баттаяа хотод болсон Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний элсний чөлөөт бөхийн 63 кг-ийн аваргын алтан медальтан. Өсвөрийн дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2012 оны Өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрны шагналтай. Спортын мастер зэрэгтэй.
  • Оргилболдын Энхтүшиг, 10 настай. Улаанбаатар хотын 97-р сургуулийн 5а ангийн сурагч. Словак улсад болсон Аэробек гимнастикийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хосын төрлийн цомын аварга, ганцаарчилсан төрлийн мөнгө, Австри улсын Куфштейн хотын аэробек гимнастикийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 9-11 насны финалын 5 дугаар байрын шагналтай. Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн алт, хосын төрлийн алтан медальтай. Аэробек гимнастикаар 5 жил хичээллэхдээ 26 медаль хүртэж, улсын 4, хотын 5 удаагийн аварга болсон. 2013 оны дэлхийн цомын аварга, 2014 оны Азийн аварга, Хүүхдийн олимпийн аваргын тэмцээнд амжилттай оролцох хүсэлтэй.
  • Мөнхбаатарын Нямжаргал, 16 настай. Улаанбаатар хотын 1-р сургуулийн 11д ангийн сурагч. Ази тивийн Зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээний алт, Ази тивийн хүүхдийн спортын их наадмын хүрэл медальтай. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн аварга, Түргэн тоглолтын Ази тивийн Залуучуудын аварга. "Азийн хүүхдүүд" тивийн спортын их наадмын хүрэл медальтай. Зуун буудалт даамын өсвөр үеийн 6 удаагийн аварга, Зуун буудалт даамын улсын хошой аварга, Залуучуудын Улсын хошой аварга.
  • Эрдэнэбатын Базаррагчаа. 16 настай. Улаанбаатар хотын 21-р сургуулийн 11д ангийн сурагч. Азийн хүүхдийн спортын их наадмын жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 48 кг-ийн алтан медальтан. Жудо бөхөөр хичээллэх хугацаандаа олон улсын. улсын аварга шалгаруулах тэмцээний нийт 57 медаль хүртжээ. Спортын дэд мастер. Цаашид залуучуудын тив, дэлхийн аварга, 2013 онд насанд хүрэгчдийн уралдаан тэмцээнд амжилт гаргах зорилготой.

 

4. Хүүхдийн оролцоо, өөрийн удирдлагын байгууллага номинаци

  • Хишигбатын Цогтбилгүүндарь, 17 настай. Нийслэлийн 45-р сургуулийн сурагч. Үндэсний болон нийслэлийн хэмжээний 15 гаруй арга хэмжээнд 30 мянга гаруй хүүхдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэсэн. Хүүхдийг ном уншиж хэвших "Оюунт Монгол" аян зохион байгуулахад оролцож, давхардсан тоогоор 5000 гаруй хүүхэд хамруулан бямба гарагийг “Оюуны хишиг өдөр” болгосон. 4000 гаруй дэмжигчтэй “Гэгээ” Расеbоок хуудсыг ажиллуулж байна.
  • Батцэвээний Буянхүү, 16 настай. Увс аймгийн Улаангом сумын 2-р цогцолбор сургуулийн 10а ангийн сурагч. Аймгийн хүүхдийн өөрийн удирдлагын 6 байгууллагын тэргүүн, гишүүнээр ажилладаг. Аймгийн өсвөрийн Улаан загалмайн нийгэмлэгийн удирдагчаар 6 дахь жилдээ сонгогдоод байгаа. 2012 онд Увс аймгийн 400 хүүхдийн санал асуулгаар 10 гаруй асуудал хэлэлцүүлж, Хүүхдийн ордон барих 2500кв.м газрын асуудлаар аймгийн Засаг даргын 2012 оны 3-р сарын 96 дугаар захирамж гаргуулахад нөлөөлсөн. Хүүхдүүдийн дунд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн болон сайн дурын үйл ажиллагааг жилдээ 10 гаруй удаа зохион байгуулдаг.

 

5. Техник, чөлөөт сэтгэхүй номинаци

  • Алтансүхийн Итгэл, 16 настай. Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 11а ангийн сурагч. Монгол Улсын нисэх загварын спортын аварга шалгаруулах тэмцээний уран жолоодлогын Р2В төрлөөр 2-р байр эзэлж мөнгө, Монголын нисэх загварын спортын МАСА нийгэмлэгийн 15 жилийн ойн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, тус нийгэмлэгийн шигшээ багийн хүндэт гишүүн. Эдгээр амжилтаараа Болгар улсад болох Дэлхийн аваргын нисэх загварын спортын Р2В төрлөөр эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнагдсан. 2013 онд Украйн улсад болох Дэлхийн аваргын тэмцээнд тэргүүн байр эзэлж, Монгол Улсын спортын мастер болох зорилготой.

 

6. Хүмүүнлэг, энэрэнгүй үйлс номинаци

  • Тунгалагийн Ишжамц, 16 настай. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р сургуулийн 11в ангийн сурагч. Өнгөрөгч зургадугаар сард Хэрлэн голын эрэг дээр тоглож байгаад усанд унан живж байсан 5,6 настай хоёр хүүхдийг богино хугацаанд аварч онцгой гавъяа байгуулсан. Т.Ишжамц нь 85-аас дээш хувийн сурлагын амжилттай, сагс, шатар, даамын спортоор хичээллэдэг, хавар, намар тогтмол малчид тариаланчдад тусалдаг.
  • Мөнхбатын Намуун, 14 настай. Дархан-Уул аймгийн 4-р дунд сургуулийн сурагч. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд зориулсан гурав дахь удаагийн "Нинжин сэтгэл” тоглолтын орлого 3,5 сая төгрөгийг 36 хүүхдийн эмчилгээний зардал, орон гэргүй 2 өрх, 12 хүүхэд, 33 том хүнд хандивласан. МУЗН-ийн мэргэжилтнүүдтэй хамт дөрвөн сумын 1200 өрх, 4300 малчин тариаланчид Гамшиг осол, ой хээрийн түймрээс сэргийлэх сургалт сурталчилгаа, урлагийн тоглолт хийсэн. Энэхүү хүмүүнлэг ариун үйлсээ улам бүр тэлж илүү олон хүнд туслах зорилготой.
  • Эрдэнийн Баттуул, 16 настай. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р сургуулийн 11а ангийн сурагч. Найзуудаа уриалан үйлчилгээний ажилчдад зориулсан “Сэтгэлийн цай" хөдөлгөөн өрнүүлж 120 хүнд халуун цай, аарцаар үйлчилсэн. “Таны хандивласан 20 төгрөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэтгэлийн дэм болно" уриатай “Талархлын хайрцаг”, “Аяга будаа”, “Надад байгаа илүү юм”, “Малчдад тусалъя” зэрэг аян, хөдөлгөөн зохион байгуулж, 550 мянган төгрөгийн хувцас, хэрэгсэл, 100 мянган төгрөг, 200 кг будаа цуглуулж аймгийн Улаан загалмайн нийгэмлэгт өгсний зэрэгцээ 255 бээлий оёж малчдад хандивласан. Сургуулийнхаа сурагч, багш 550 хүнийг хүмүүнлэгийн үйлсэд уриалж нэгтгэн, "Энэрэнгүй үйлст байгууллага" болоход хувь нэмрээ оруулсан. Аймгийнхаа 120 гаруй сурагчид гамшгийн үед өөрийгөө хамгаалах арга заасан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu