Б.Төмөрчулуун залгамжлагчаараа нутгийн дүүгээ тавьсан, айх аюулгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын дарга асан Б.Төмөрчулуун намынхандаа өөрийнхөө албан тушаал дээр нутгийн дүү С.Очирбатыг тавьсан тул “айх эмээх зүйлгүй амар амьдарч болно” гэж сайрхсан байна. Тэрээр “С.Очирбат миний үгнээс гарахгүй, МАН хотыг засаглаж байх үед хийгдсэн бүх тохироо, наймааг хөндөхгүй гэж амласан” гэж тодотгож хэлжээ.

Энэ үгийн сэжүүрийг хөөж үзвэл Б.Төмөрчулууны үг үнэн болох нь тодров. Б.Төмөрчулуун, С.Очирбат нар хоёул Увс аймгаас гаралтай хүмүүс агаад үүгээрээ ихэд сүжирч ам хэл нийлүүлж, үгсэн тохиролцдог ажээ. Э.Бат-Үүл баатар нийслэлийн Засаг дарга болмогцоо хууль бус газар олголт, зөвшөөрөлгүй барилга барихтай эвлэршгүй тэмцэл явуулах болсон. Гэтэл энэ тэмцлийн ирийг мохоож, хүчийг сулруулж байдаг хүн нь чухамдаа Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын дарга С.Очирбат болоод байгаа юм. С.Очирбат “Улаанбаатар хотод байгаа зөвшөөрөлгүй барилга, байшинг нураах хууль эрхзүйн орчин Монголд байхгүй. Бид хүний өмчийг хамгаалах ёстой” гэсэн болчимгүй үг хэвлэлээр унагасан нь хууль зөрчигчдийг ихэд өөгшүүлж, даваргасан хэрэг болж байлаа. Зөвхөн энэ үйлдэл нь гэхэд түүнийг Б.Төмөрчулуунд өгсөн амлалтаа сахих гэж ихэд хичээснийг харуулдаг. С.Очирбатад МАН-ынхны үйлдсэн хууль бус хэргүүдийг хаацайлах, нутгийн ах Б.Төмөрчулууныг сэтгэл амар байлгах нь шударга ёсыг сахиулах, төрийн ажлыг зохих ёсоор хашихаас дээгүүр зүйл байдаг бололтой. Үнэн хэрэгтээ бол холбогдох дүрэм журам, эрх зүйн актыг зөрчиж баригдсан барилгыг буулгах эрх  төрийн байгууллагуудад хуулиар олгогдсон байдаг билээ.

 

Төрийн ажилд ийм хүйтэн сэтгэлээр ханддаг С.Очирбатын ёс зүй бүр чиг тааруухан ажээ. Архинд толгойгоо мэдүүлсэн энэ этгээд саяхны нэгэн үдэш Хангарьд ордонд согтуурч хөлчүүрхэн эмэгтэй хүнийг татаж чангаан, зохисгүй аашилсан нь хотын захиргаанд ажилладаг МАН-ынхны анхааралд өртөж, даруй баримтжуулж авсан байна. МАН-ын нийслэлийн бүлгийнхэн С.Очирбатыг ёс зүйгүй аашилсан , согтуурхсан асуудлаар нь барьцаалж, өөрсдийн хэргийг бүтээж байх, улмаар С.Очирбатыг хотын даргын нэг орлогч болоход дэм өгч, зүтгүүлнэ. Ингэснээр цаашид хамаг булхайгаа хаацайлуулж байхаар тохирчээ.


 

С.Очирбат урьд нь төрийн албанд ажиллаж байхдаа ч архидан согтуурдаг, ажилдаа хайхрамжгүй  ханддаг асуудлаараа удаа дараа сануулга, анхааруулга авч эцэст нь тушаалаар ажлаасаа өөрчлөгдөж байсан этгээд юм. Баримт сөхвөөс: 2011 оны 1-р сарын 17-ны өдөр ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ 07 тоот тушаал гаргаж “ажлын байранд архидан согтуурсан” С.Очирбатад сануулах шийтгэл оногдуулсан бол, тавхан сарын дараа 6-р сарын 6-ны өдөр 125 тоот тушаалаараа “байнга ажлын цаг баримталдаггүй, ажил хийдүүлдэг” гэсэн шалтгаанаар сарынх нь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байжээ. Удалгүй С.Очирбат ЗТБХБ-ын сайдыг өглөө ажилдаа ирэхэд нь яамныхаа төв шатаар хоёр хүнээр дамжлуулан шал согтуу бууж яваад таарсан тул өчиггүй халагдахад хүрчээ.  Гэвч уйлж, дуулж Увс нутгийн ах нараараа яриулсны хүчинд тушаал буурч ажлаасаа өөрчлөгдөөд өнгөрч байсан байдаг. Ийм нэгэн жудаггүй, ёс зүйгүй хамгийн гол нь ажлын төлөө гэх сэтгэлгүй этгээд МАН-ынхны гар хөл болж, хотын ажлыг саатуулж, саармагжуулсаар өдий хүрсэн хэрнээ одоо тэдний түлхээсээр хотын даргын орлогч болохоор чармайж, сэрүүн зүүдлэж явна. МАН-ын хашир бурхи Б.Төмөрчулуун тун “зөв” хүнээрээ залгамжлагчаа тавьжээ.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top