Өвөрхангай аймагт өвөлжилт хүндэрч байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 27

 

Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндэрч, дээрх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлаж шуурсан газраа 60-130 см зузаан нягтарч хатуурч цасан бүрхүүл тогтоод байгаа аж. Цаашид цас нэмж орж хүйтэрвэл 16 аймгийн 83 суманд малын бэлчээрлэлт хүндрэх төлөвтэй гэдгийг ОБЕГ-аас мэдээлж буй.

Иймд өвөлжилт хүндрээд байгаа аймгуудын нөхцөл байдал ямар байгаа, цаашид авах арга хэмжээг тодорхойлохын тулд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан Ажлын хэсэг  орон нутагт өчигдрөөс эхлэн ажиллаж байна. Тус ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудад 01 дүгээр сарын 10-ныг дуустал ажиллах юм байна. Ингээд Ажлын хэсгийн ахлагч, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараас утсаар тодруулга авсан юм.

-Өвөрхангай аймгийн дээрх сумдад нөхцөл байдал ямар байна вэ

-Ажлын хэсэг өчигдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Бүрд, Хархорин суманд ажиллалаа. Өнөөдөр Хужирт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр сумдад ажиллана. Эдгээр сумдад цас ихээр орж, өвөлжилт туйлын хүндэрсэн байна.

Цасны зузаан их, нягт нь 0,20-0,30 гр/см3 байгаа нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин их байна. Мал бэлчээрлэх боломжгүй болж  цас их орж, нягтаршсанаас малын шилбэ шархлах, туурай бэртэх хүндрэл тулгарчээ.


-Өвс, тэжээл хэр хүрэлцээтэй байгаа юм бол?

-Тус аймагт байрлах Улсын нөөцийн цэг, салбаруудаас өвс, тэжээлийг худалдан борлуулж эхэлсэн байна. Гэхдээ өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулж цаашид нөөцийн өвс, тэжээлийг нэмж байршуулах шаардлагатай байна гэлээ.

            Ажлын хэсгийнхэн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах явцдаа эрсдлийн үнэлгээ хийж, гамшгийн хэмжээнд хүрсэн аймаг, сумдын тоог тодруулах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь асуудлыг шуурхай шийдвэрлэж, цаашид малчдад хэрхэн туслах, төр засгаас орон нутаг руу хандсан ямар арга хэмжээ авахыг тодруулах юм байна.  Тэд энэ үеэр цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг ард иргэдэд цаг хугацаанд нь шуурхай, оновчтой, хүртээмжтэй зарлан мэдээлж байгаа эсэх, аймаг, орон нутаг дахь Улсын нөөцийн цэг, салбарын үйл ажиллагаа, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч буй аймгуудын дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж  заавар зөвлөгөө өгөх юм.

Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн аймгуудын отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаад үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Мөн мал өвөлжилт, үүссэн нөхцөл байдал, тохиолдож буй хүндрэл, бэрхшээлтэй танилцаж, хаагдсан зам давааг нээх, цэвэрлэх зориулалттай техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж  шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэр гаргаж ажиллах юм.

-       Тодруулга өгсөнд баярлалаа.

А.Баярмаа

 

 

 

Top