70 сая жилийн настай "Батаар"-ын араг ясыг 1990-1995 онд Монголын хилээр хууль бусаар малтан гаргаж, түүнийгээ АНУ-д 2010-2012 онд Хятадаас оруулж ирсэн хэмээн худал мэдүүлсэн Эрик Прокопи гэгч энэхүү этгээд хэргээ хүлээжээ. Өөрөөр хэлбэл Эрик Прокопид АНУ-ын прокуророос худал мэдүүлэг өгсөн, гааль дээр худал мэдүүлсэн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүү үүсгэсэн. Хэрвээ дээрхи үндэслэлүүдээр яллавал Эрик Прокопид 23 жилийн хорих ял оноох байсан юм. Харин түүнийг хэргээ хүлээсэн болон нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгсөн болохоор 17 жилийн ял төлөвлөгдөөд байгаа аж.
Тэрбээр анхандаа хэргийг үйлдээгүй бөгөөд манай улсыг шүүхэд өгч өргөдөлдөө “Араг яс Монголынх байх ёсгүй. Энэхүү араг яс нь 75 сая жилийн өмнөх. Харин Монгол улс дөнгөж 1921 онд байгуулагдсан” хэмээн басамжилсан түүхтэй.
Юутай ч Монголын баялгийг хууль бусаар завших гэж байсан этгээдэд хуулийн дагуу ял оноож, Батаарыг тун удахгүй Монголд авч ирэх нь тодорхой болсон байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )