Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, гишүүдийн 65,3 хувиар дэмжлэг авлаа. Ингээд эдгээр хуулиудын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт, хариуцсан байнгын хороонд нь шилжүүлж буйг УИХ-ын дарга хэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж, Г.Уянга, Д.Лүндээжанцан нарын олон гишүүн дээрх хуулиудын талаар санал, байр сууриа илэрхийлж, асуулт асууж байсан.
Дараа нь Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, шинэчлэлийн Засгийн газар гаалийн тухай шинэчилсэн реформ бүхий хууль оруулж ирэх, тэр нь цогц байх ёстой гээд гааль дээр очиход монгол хүний үнэлэмж өсдөг байгаасай, манай гаальчид хөмсөг бүү зангиддаг байгаасай, гаальд хар тамхи, байгалийн баялагтай холбоотой болон мөн өөр олон асуудал өнөөдөр хамаатай байгаа. Иймд энэ хуулийг буцаан татаж, харин цогц, шинэ хууль оруулж ирвэл ямар вэ гэсэн байр сууриа хэлж байсан.
Ингээд байнгын хорооны зүгээс оруулж ирсэн энэхүү хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай горимын саналыг дэмжиж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Баярцогт, Р.Гончигдорж нар үг хэлсэн. Дараа нь, мөн горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулж, гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төслүүдийг батлах болоход гишүүдийн олонхи нь дэмжиж, кнор дарсанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдлаа.
УИХ-ын нэгдсэн чуулганаар мөн “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар санал хураав. Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Үдээс хойш чуулганы хуралдаан үргэлжлэх бөгөөд Эдийн засгийн байнгын хороо мөн хуралдахаар боллоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )