Төр захиргааны байгууллагуудын оны шилдэгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 28

 

Төр захиргааны байгууллагууд жил бүр хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн шинэ оны босгон дээр оны шилдэгүүдээ шалгаруулан урамшуулдаг уламжлалтай. Шинэ он хаяанд ирж өнгөрсөн онд хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн алдаа оноогоо хэлэлцэх энэ үед Баянзүрх дүүрэг оны шилдгүүдээ тодрууллаа. Шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нээж хэлсэн бөгөөд баярын хүндэтгэлийн арга хэмжээ дүүргийн төр захиргааны төв ордонд болж өнгөрлөө. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас оны шилдэг аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагын шилдэг албан хаагч, хөдөлмөрийн аварга, шилдэг сурагч, шилдэг оюутан зэрэг салбар бүрээс шилдгүүдээ шалгаруулсан юм.

Оны шилдэг төр захиргааны байгууллагаар Нийтлэг үйлчилгээний газар шалгарлаа. Тус газар нь хог тээврийн тусгай зориулалтын 20 тээврийн хэрэгсэлтэй тээвэр үйлчилгээний албыг шинээр байгуулж 56 иргэнийг байнгын ажлын байраар хангаж ажил мэргэжилгүй 1312 иргэнийг түр ажлын байраар ханган, иргэдийн цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.     

Хууль хяналт хүчний байгууллагаар Баянзүрх дүүргийн шүүх шалгарлаа. Тус шүүх нь “Эвлэрүүлэн зуучлах төв”-ийг байгуулан иргэдийн 251 өргөдөл гомдолыг хүлээн авч шийдвэрлэжээ. 2012 онд хүлээн авсан хэрэг 1,5 хувиар нэмэгдэж, шийдвэрлэсэн хэрэг 5,0 хувиар нэмэгдэж, ял шийтгүүлэгсэд 9,0 хувиар буурсан амжилттай ажиллажээ.

Санхүү эдийн засаг, банкны салбарт дүүргийн Татварын хэлтэс шалгарлаа. Тус хэлтэс нь дүүргийн төсвийн төлөвлөгөөг 611 399 800 төгрөгөөр давуулан биелүүлж иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх өөрийн байрыг шинээр барьж байгаа аж.

Эрүүл мэндийн салбарт Баянзүрх эмнэлэг тэргүүлжээ. Дүүргийн 287 000 иргэнд эмнэлгийн 2 дугаар шатны үйлчилгээ үзүүлж ирсэн. 22 ортой мэс заслын тасаг, амбулаторын 2 давхар барилгыг 3 давхар болгон өргөжүүлж үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа юм.

Боловсролын салбарт  сургалтыг цахимжуулах зорилтыг амжилттай хэрэгжүүлж багш нарын 60 хувийг зөөврийн компьютерээр хангаж, интернет үйлчилгээг шууд авах нөхцөлийг бүрдүүлсэн амжилтаараа тэргүүлж  79 дүгээр сургууль шалгарлаа.

Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо шалгарлаа. Монголын бүх ард түмний 13 дугаар их наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг 6 спорт хороо зэрэг 36 байгууллагын 5000 тамирчид оролцсоноос спортын 23 төрөлд оролцож 88 алт, 73 мөнгө, 60 хүрэл медаль хүртэж, монгол улсын рекордыг 9 тамирчин шинэчлэн тогтоож,  спортын мастер 10 дэд мастер 15 шинээр төрүүлжээ. Харин худалдааны салбараас Наранфүүдс ХХК, нийтийн хоолны салбараас “Сэрж интернейшнл” ХХК, үйлдвэрлэлийн салбараас Хүнскомплекс ХХК, барилга, хот байгуулалтын салбарт “Наму дэвжих” ХХК шалгарав. Түүнчлэн Тэргүүний татвар төлөгч аж ахуйн нэгжээр “Дунд мандал” ХХК тус тус шалгаран хүндэтгэлийн тайзан дээрээс дүүргийн удирдлагуудаас шагналаа гардан авлаа.

Мөн салбар бүрээс эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан  хөдөлмөрийн аваргуудаа тодруулан шагнаж урамшууллаа.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top