Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ойг өнөөдөр ёслон тэмдэглэж байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Богд хааны ордон музейд зочилсон юм. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, эрдэмтэн мэргэд, лам хуврагууд, Монголынхоо түүх, соёлын өвийг дээдлэгч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Богд хааны ордон музейд очиход музейн ажилтнууд ХХ зууны эхэн үеийн Нийслэл хүрээ болон Наймдугаар богд Жибзундамбын холбогдолтой үзмэрүүдээс танилцуулсан юм.
Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Богд хаан, Эх дагина нарыг өргөмжлөн залж байсан ёслол, Богдын ордны өмнөх талбай ард иргэдээр дүүрэн байсныг дүрсэлсэн эх зургууд, төрийн тулга, Богд хаан, Эх дагинын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл зэргийг дэлгэж үзүүллээ.
Богд хаан 1909 онд энэ цаг мөчийг алдалгүй Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх ёстой гэсэн лүндэн буулгажээ. Уг зарлигийг музейн ажилтан Монгол Улсын Ерөнхийлөгчид уншиж сонсголоо. “Ямар ч айл, хүн бүл цөөн. Аргал түүх араг, савар үгүй. Түүнийгээ бусдаас гуйж, ус авах уналга үгүй бол бусдыг царайчлан өлсч, цангаж цаг алдан туйлдаж байна. Том, жижиг ямар ч улс юуг өөртөө үйлдвэрлэж чадахгүй байна, түүгээрээ харь гүрний эрхшээлд өөрийн эрхгүй ордог. Юм бүхэн дээр хүн цөөдөн хүчин мөхөсдөж явахаа болих юмсан. Түүний тул монгол туургатан нийлж, нэгэн том айл болж сэтгэл санаа юугаа, хүчин чадлаа нэгтгэх юмсан” гэж Богдын лүндэнд буулгасан байна. “Улс орноо тунхаглаж дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэе, олуулаа болъё” гэсэн утга санааг Богд хаан тухайн үед ийнхүү илэрхийлж байжээ.
Мөн Монгол Улс 1911 онд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн зарламагц Франц, Англи, АНУ, Дани, Япон зэрэг дэлхийн есөн том гүрэнд илгээсэн ноот бичгийг үзүүллээ.
Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээж Богд хаанаа сууринд залсан өдрийг 1922 он хүртэл жил бүр ёслон тэмдэглэж өнгөрүүлж байжээ. Уг ойг 2011 оноос сэргээн тэмдэглэж эхэлсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )