Цагдаа, дотоодын цэргийн алба бэлэн байдалд шилжин ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 30

ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид шинэ жилийн баярын өдрүүдэд албаны бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

     Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг авч нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, гудамж талбай, олон нийтийн арга хэмжээнд цагдаагийн эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдэл хүчээр ажиллуулж байна.

     2012 оны 12-р сарын 28, 29-ний өдрүүдэд Нийслэл хотод архидан согтуурч хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг 2 /Сонгинохайрхан, Багахангай дүүрэгт/, танхайрах гэмт хэрэг 20, дээрмийн гэмт хэрэг 4, хулгайн гэмт хэрэг 21 гарч,  халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

     Энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 397 хүн үйлчлүүлснээс 24 нь эмэгтэй хүн байжээ.

     Иймд цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэнд гэмт халдлагад өртөх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, гэмт халдлага, ослоос  урьдчилан сэргийлэхийг  сэрэмжлүүлж байна.

 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top