Шинэ жилийн баярын өдрүүдэд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид албаны бэлэн байдалд ажилласан байна. Баярын өдрүүдэд Онцгой байдлын албаны албан хаагчид малдаа яваад сураггүй болсон, автомашин техник нь замд эвдэрч саатсанаас цасанд суусан нийт 411 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа явуулан осгож, хөлдөх аюулаас аварчээ. Мөн цасанд суусан 60 гаруй техник хэрэгслийг татан гаргасан талаараа мэдээллээ. Тухайлбал, урд шөнийн байдлаар Булган аймгийн Бүрэгхангай сумын Эрдэнэ уулын үтрэмийн ойролцоо 2012 оны 12 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Заамар сумаас Булган аймгийн чиглэлд хужир ачсан БУЛ 21-54 улсын дугаартай Портер загварын автомашинтай 3 иргэн замын хунгарт сууж осголтын байдалтай байна гэсэн дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын Шуурхай дуудлагын автомашинтай Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид ар гэрийн хоёр хүнтэй хамт гарч цасан суусан машиныг цаснаас татаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Булган аймгийн төвд авчран осгож хөлдөхөөс аварсан ажээ. Мөн Улаанбаатараас Дундговь аймгийн чиглэлд явж байсан УБ 70-00 улсын дугаартай Ланд загварын автомашин Дундговиос 130 км-т цасанд суусан тухай мэдээллийн аймгийн ОБХ-ийн Аврах бүлгийн албан хаагчид ажиллаж цасанд суусан машиныг гаргасан байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361 гарамнаас баруун тийш “Тахир соёот” руу явж байсан машин цасанд суусан дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид 6 хүнтэй цасанд суусан байсныг татаж гаргажээ.
ОБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар ахалсан ажлын хэсэг Баян -Өлгий аймагт ажиллаж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )