“Монос”-ын эмийн санч нар хүүхдэд 20 хувааж өгөх ёстой эмийг бүтнээр олгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 11

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмэнд хордсон 16 хүүхэд ирсэн талаарх мэдээлэлийг бид өмнө хүргэсэн билээ. Эмэнд хордсон хүүхдүүд ЭХЭМ-ийн төвийн “сэхээн амьдруулах” тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эмчилгээ хийж байгаа эмч нар “Бид нар шаардлагатай эмчилгээг хийж байна. Бүгд маш хүнд байдалтайгаар хордлого авсан. Хоёр эм давхарлаж уусан хүүхдүүдийн биеийн байдал бүр хүнд байна” гэсэн хариултыг өглөө.

20 хувааж өгөх ёстой эмийг бүтнээр нь өгчээ

Хүүхдүүдийн уусан “Фенобарбитал” гэх эм нь насанд хүрсэн том хүмүүс тархины цусан хангамжийг сайжруулахын тулд уудаг. Гэтэл эхээс төрөөд гурав хонож байгаа хүүхэд уухад яаж нөлөөлөх нь тодорхой. Одоогоор биеийн байдал хүнд буюу тархинд цус харвалт болчих гээд байгаа дөрвөн хүүхэд байгаа аж. Хэрвээ тархинд цус харвачих юм бол мэдрэлийн өвчтэй болох, цаашлаад амь насаа алдах аюултай байгаа аж. Хүүхдэд 20 хувааж өгөх ёстой эмийг бүтнээр нь уулгасан нь тодорхой болсон байна. Эцэг эхчүүд тус эмийг “Гурван гал” эмнэлгийн урд байрлах “Монос” эмийн сангаас эмчийн тусгай жорын дагуу “Фенобарбитал” эмийг худалдан авч уулгасан байна.Ганцхан энэд худалдаалдаг аж.  Дээрх эмийг шарласан болон, тархины цусан хангамж дутмаг, тархины даралттай хүүхдүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тусгай зөвшөөрөл бүхий жорын дагуу олгодог аж.

Том хүний тунгаар найруулсан эмийг хүүхдэд андуурч өгчээ

16 хүүхэд эмэнд хордсон хэргийг Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тухайн үед ээлжээр гарч байсан хоёр эмийн санчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Тус эмийн санч нар мэдүүлэг өгөхдөө “Хүүхдийн эм гэж бичсэн гялгар уутанд тусгайлан хийсэн байсан. Бид тэрийг анзааралгүй, хүүхдүүдэд олгосон. Бид тэр эмийг албаар өгөөгүй учраас бид буруугүй” гэжээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тусгай зөвшөөрөл бүхий жорын дагуу олгодог эмийг хараа хяналтгүй шалгалгүйгээр олгосон нь эмийн санч нарын буруу болж байгаа юм. Эмийн санчаас эмний тунгийн талаар худалдан авсан иргэд асуухад “Бүтнээр нь шууд уулгаж болно” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Дээрх эм гурван янзаар хор нөлөө нь гардаг гэнэ. Хэрэв тархинд цус харван юм бол мэдрэлд нөлөөлнө, хүндэрвэл элэг бөөрөнд өөрчлөлт өгдөг юм байна.

Эмийн санч нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ

Тус эмийн сангаас  “Фенобарбитал” эмийг 23 хүүхдийн эцэг эх худалдан авсанаас 16 хүүхэд ууж хордлогод ороод байгаа юм. Одоо тус хүүхдүүд ухаангүй, биеийн байдал нь хүнд байна. Эмнэлгээс  шаардлагатай эмчилгээг хийж байгаа бөгөөд эмний хор 90 цагийн дараа тайллагддаг гэх мэдээлэлийг албаны хүн өгч байна.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top