Гавьяатаар овоглох эрхтэй жүжигчин И.Одончимэг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

Хошин урлагийн жүжигчид дотор авьяас чадвараараа бусдаасаа онцгойрдог цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг юм. Тэрээр драмын жүжиг, уран сайхны киноны гол, туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж чадсан нэгэн билээ. Тийм ч учраас төр засаг хийсэн бүтээл, урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх алдар, нэр хүндээр овоглох эрхийг олгосон.

Том алаг нүдтэй болохоор нь түүнийг нөхөд нь "алаг нүдэн" хэмээн өхөөрдөн дууддаг ажээ. И.Одончимэгийн уран бүтээлийн гараа "Бага театр"-тай салшгүй холбоотой. Дөнгөж сургууль төгссөн охин өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр урлаг хэмээх их айлын үүдийг тогшиж туслах дүрүүдэд тоглож эхэлсэн байна. Түүний амьдралын түүхийн нэгэн хэсгийг найруулагч Зоригт хамтран бичилцсэн гэхэд болно. Найруулагч хүний хурц хараагаар сургууль төг-сөөд удаагүй Одноог заяаныхаа ханиар сонгож гэр бүл бололцсон ажээ. Гэвч тэдний амьдрал дардан байсангүй. Жүжигчин хүний авьяасыг хэмжихийн аргагүй байдаг. Тэд тайзан дээрээ уйлж, дуулж амьдралынхаа бүхий л дурсамжийг урлагтайгаа холбон амьдардаг хүмүүс. Төд удалгүй Одноогийн авьяас танигдаж алдарт "Ромео Жулетта"-г тайзнаа амилуулж, "Сэрүүн дуганы мөхөл"-ийн буриад бүсгүйн дүрийг чадварлаг бүтээсэн ажээ. Энэ л үеэс түүнийг найруулагч, уран бүтээлчид хараандаа авсан байна. "Үхэж үл болно" кинонд Бөртэ хатны дүрийг гайхалтай бүтээсэн нь чадалтай жүжигчин гэдгийг нь баталж харуулсан юм. Одноо дүрийг дотоод сэтгэлээсээ амилуулж чаддаг. Тиймээс урлагт хайртай хүмүүсийн нүдийг булааж чадсан юм. Тэрээр "Гэгээн Муза-2009" наадмын шилдэг эмэгтэй дүрийн эзнээр тодорч, өөрийнхөө фенүүдэд бэлэг барьсан.

Сүүлийн үед түүнийг өөрөөсөө үе мултарсан залуутай амьдарч байгаа тухай ярих болжээ. Найруулагч Зоригтоос салснаасаа хойш урлаг, хайртай охин хоёртоо нэгэн сэтгэлээр зүтгэж явсан ээжид хайрлах боломж олдсон ажээ. Хайрлахад нас хязгааргүй байдаг. Үнэхээр заяаныхаа ханьтай учирч сайхан амьдарч байгаа бол аз жаргал хүсэх хэрэгтэй. Түүнээс элдэв хорон үгээр өдөж, нэр хүндийг нь унагаах нь зүй бус юм. Одноо чадварлаг жүжигчин, сайн ээжийнхээ үүргийг давуулан биелүүлж чадсан нэгэн. Түүний авьяас жүжиглэхээр хязгаарлагдахгүй, сайн найруулагч гэдгээ харуулаад амжсан. "Сэргээш -3", "Миний хөрш чөтгөр" зэрэг дэлгэцийн бүтээлийн найруулагч, продюсероор ажилласан байна. Урлаг хүссэн хүн болгоныг халуун ам бүлдээ багтаагаад байдаггүй. Тиймээс авьяасаараа олондоо танигдсан түүнийг хайрлаж, алга ташин урмыг нь мялаая.

Эх сурвалж: Нийслэл таймс сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top