Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд гарцаар зам хөндлөн гарч явсан гэр бүлийн гурван хүнийг хурд хэтрүүлсэн автобусны жолооч дайрснаас болж хоёр нь газар дээрээ амиа алдаж, гурав дахь нь эмнэлэгт арав гаруй хонож байгаад нас барсан эмгэнэлт хэрэг гарсан. Дээрх автобусыг жолоодож явсан “Автобус-1” ХХК-ийн жолооч Шийлэгийн Цэнгэлжаргал өнөөг хүртэл хохирогчийн талд эмгэнэл илэрхийлж, холбоо барилгүй чив чимээгүй яваад талийгаачийн ар гэрийн хүмүүс болох Д.Сарантуяа, Т.Пүрэвсүрэн нар гомдолтой байна. Талийгаач С.Наранхүү ирэх зургадугаар сард алдарт эхийн одонгоор шагнуулахаар болсон тул үр хүүхэд, ах дүү, хамаатан саднаараа цуглаж, төрсөн нутаг руугаа явах талаар ярилцахаар нэгнийдээ цуглахаар явж байжээ. Талийгаач С.Наранхүү , төрсөн дүү С.Алтанхүү, түүний нөхөр Б.Торгууд нар насаараа төмөр замд ажиллаж байсан хүмүүс юм. Хохирогчид осол гаргасан жолоочийн талаар “Ямар санаатай дайрчихсан биш дээ гэж өмгөөлөн бодож явахад өнөөг хүртэл бидний уй гашууг яагаад хуваалцаж болдоггүй юм. Бид өр төлбөр нэхэж гомдол гаргаагүй байхад Монгол хүний ёс жудаг хаачаа вэ” хэмээн цээжний махаа уран сууна. Тэд гурвын гурван хүний амийг авчихаад байгаа жолоочийг батлан даалтанд гаргачихсан хэрнээ хохирогч биднийг хүн гэж үзэхгүй байгаад туйлын их гомдолтой байгаагаа ярьж байна. Уг ослыг гаргасан жолооч Ш.Цэнгэлжаргалын хувьд урьд нь хүний аминд хүрч тэнсэнгийн ял авсан төдийгүй осол гаргах үедээ бас нэг осол хийчихээд жолооны үнэмлэхгүй явж байсан гэнэ. Зорчигчидтой явж байгаад автомашины араас орж нэг зорчигчийг гэмтээсний улмаас үнэмлэхээ хураалгаад автобусаа бааз дээрээ тавих гэж кондукторынхаа хамт зорчигчгүй хурд хэтрүүлж яваад гарцан дээр гурван хүнийг дайрч хөнөөсөн нь энэ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахгүй удаж байгаа төдийгүй амьд үлдсэн ганц гэрчийг эмнэлэгт арав гаруй хонож байхад ганц ч байцаалт аваагүй. Хэргийн явцтай танилцъя, мэдээлэл өгөөч гэхээр Замын цагдаагийн газрын мөрдөн байцаагч Д.Чинзориг мөрдөн байцаалтын нууц гээд хариу өгдөггүй. Мөн байцаалт авна гэж олон цагаар хүлээлгээд дараа нь “Та нарын төлөө ажиллаж байхад” хэмээн үл тоох байдал гаргадагт нь хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа ажээ. Хүний амь насыг хариуцаж байгаа жолооч нар хурд хэтрүүлсний улмаас сүүлийн үед осол аваар их гарч байна. Зам гарч яваад нэг дор гурвын гурван хүнээ алдсан хүмүүсийн уй гашуу ямар байгаа нь ойлгомжтой. Жолооч нар хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохгүй бол өөрийн болоод өрөөлийн амь нас, амьдралыг ийнхүү хохироосоор байна.
Д.Сэндэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )