Стандарчилал хэмжил зүйн төв Н.Алтанхуягийн хувийн компани болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүн шадар сайдын суудалдаа тогтох эсэх нь бүрхэг болж байна. Түүнийг хувийн эрх ашгаа юмны түрүүнд тавьж, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхэд гавьтай нэмэр болсонгүй гэж намынх нь нөхөд шүүмжилж байгаа. Тэрээр намаа МАН-тай нэг хөнжилд оруулж, МАНАН дунд хөвүүлэхэд хамгийн идэвхтэй зүтгэжээ. Хувийн амбиц нь сүүлдээ эрээ цээрээ алдсан гэнэ. Өөрийн мэдлийн агентлагууддаа танил тал, ах дүү нараа бугшуулж хуулийг жинхэнэ гууль болгосон баримтууд нь хэдэн машин дүүрэхээр их болов. Стандарт хэмжил зүйн төв гэж төрийн агентлаг бий. Тэнд аль хэдийнээ түүний ноёрхол тогтож, хувийн компани мэт болжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын хүмүүс энэ байдлыг нь удаа дараа шүүмжилж  байлаа. Намын ажлаа ч там болгоод явааг нь шуудхан хэлдэг байв. Харин үүнийх нь хариуд тэр “Тэгж яривал би С.Эрдэнэ  Н.Энхбаяртай хэдэн удаа уулзаж байсныг мэднэ” хэмээн бараг тагнаж чагнаснаа ил цагаан мэдэгдээд бөөн зарга үүсгэж байсан юм. Түүний иймэрхүү авир араншин шинэ маягийн олигархийн дүр төрхийг харуулж байна гэж үзэх хүн одоо олон болжээ. 2008 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөд нь гар хөлийн үзүүрт зарагдаж байсан бүх хүнээ Стандартчилал хэмжил зүйн төвд татаж оруулсан байна. Тэдэнд төрийн албаны шалгуур гэж алга. Төрсөн охиноо тус газарт нэг ч өдөр ажиллуулаагүй байж хүүхэд төрүүлсний тэтгэлэг олгуулж, дараа нь төрийн жинхэнэ албан хаагчаар шууд томилуулсан байх юм. Сайдын охин гээд шалгуургүй орох эрх хаана ч байхгүй. Харин Н.Алтанхуягт ийм том эрх мэдэл байдаг юм байна. Агентлагийн даргыг нь хууль бусаар халж, өөрийн багийн Г.Энхтайваныг мөн ногоон гэрлээр даргын суудалд залжээ. Тэдний хуйвалдаан ийнхүү баталгаажиж, төрийн албаны  тухай хуулийг зөрчин нийт 20 гаруй хүнийг ажилд авч, цалинг нь үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байна. Ийнхүү Н.Алтанхуягийн хаанчлал Стандартчилал хэмжил зүйн төвд улам гаарах төлөвтэй болоод байгаа гэнэ шүү.  

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top