Аж үйлдвэрийн салбарыг 15 жилийн хугацаанд хэрхэн яаж хөгжүүлэх тухай зураглал гурван жилийн өмнө цаасан дээр бичигдсэн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж буй тухай таатай мэдээ байна. Хөтөлбөрийн хүрээнд чухам ямар үйлдвэрүүдийг хөрсөн дээр буулгах вэ гэсэн сэдэв бодлого боловсруулагчдын ширээн дээр бий. Тэгвэл төсөлд урьдчилсан байдлаар “нэр дэвшээд” буй ҮЙЛДВЭР-үүдийн жагсаалтыг хүргэе. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацааг 2018-2022 он гэсэн өөдрөг төсөөлөл дагаж байна.
Дараах жагсаалтад дурьдагдах үйлдвэрүүдийн төслийн хэрэгжих хугацаа эцсийн байдлаар 2021 он.
ТӨСӨЛД УРЬДЧИЛСАН БАЙДЛААР НЭР ДЭВШСЭН 11 ҮЙЛДВЭРИЙН ЖАГСААЛТ
1 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 257 мянган тонн катодын зэс, 5800 тонн алт, 5.7 тонн мөнгө үйлдвэрлэх “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд эхлүүлнэ.
2 Дорнод аймагт зүүн бүсийн холимог металлын орд /баяжуулах үйлдвэр/-уудад түшиглэн цайр, хар тугалганы үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ. (2018-2019 он)
3 Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах техник-эдийн засгийн үндэслэл боловсруулна. (2018 он)
4 Төвийн бүсэд Дархан Уул аймагт “Дарханы-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийн хүрээнд жилд 600 мянган тонны хүчин чадалтай шууд ангижруулсан төмрийн үйлдвэр байгуулах, одоо байгаа гангийн үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах, шинэ гангийн үйлдвэр нэмж байгуулах замаар 470 мянган тонн хүчин чадалтай ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолборын 1 дүгээр үе шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. (2018-2021)
5 Төвийн бүсэд “Бэрэн групп”-ын Орхон аймагт хэрэгжүүлж байгаа “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн хүрээнд жилд 100 мянган тонн хүчин чадалтай ширэмний үйлдвэр, 200 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэрийг 2021 онд ашиглалтанд оруулна.
6 Зүүн бүсэд Дорноговь аймгийн Айраг суманд “МДМУ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “Ширэм болон цутгуурын үйлдвэрийн төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн ба 2018 онд 10 мянган тонны хүчин чадалтай гангийн үйлдвэр, 200 мянган тонны хүчин чадалтай ширэмний үйлдвэр, гангийн үйлдвэрийг өргөтгөж 50 мянган тонны хүчин чадалд хүргэснээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа 2019 онд ажиллаж эхэлнэ. (2017-2019)
7 Зүүн бүсэд Дорнод аймгийн Матад сумын нутагт хэрэгжүүлэх “Дорнын хүдэр” ХХК-ийн “Дорнын ган” төсөл нь уурхай-баяжуулах үйлдвэр-ширэмний үйлдвэр-цутгуур/ган/-ын үйлдвэр схемээр 100 мянган тонн хүчин чадалтай ширэмний, мөн 100 мянган тонн хүчин чадал бүхий цутгуурын үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлуудыг эхлүүлсэн ба төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлнэ. (2018-2021)
8 Төвийн бүсэд Орхон аймагт “Ора металл” ХХК-ийн одоо байгаа 3 мянган тонн хүчин чадалтай цутгуурын үйлдвэрийн шугамыг бүрэн шинэчилж, 10 мянган тонны хүчин чадалтай бүрэн автомат шугамаар шинэчилнэ. (2018-2020)
9 Зүүн бүсэд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Жараахайн булаг” ХХК-ийн цутгуурын үйлдвэрийг суурилагдсан хүчин чадалд хүргэх, техник-технологийн шинэчлэл хийнэ. (2018-2020)
10 Төвийн бүсэд төмөрлөгийн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах зорилгоор феррохайлшийн үйлдвэрийг байгуулна. (2018-2019)
11 “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Засвар механикийн үйлдвэр”-ийн хүчин чадлыг өргөтгөх, бүтээгдэхүүнйи нэр төрлийг олшруулах замаар уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн импортоор авдаг цутгамал эд анги, сэлбэг материал, цахилгаан хэрэгсэл, резинэн эдлэлийн үйлдвэрлэлийг дотоодоос хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ. (2018-2020)
Хэрэвзээ эдгээр үйлдвэрүүд сүндэрлэж босвол дагаад эдийн засагт олон боломжууд бий болох нь эргэлзээгүй. Гэхдээ манай эрх баригчид шийдвэр гаргахдаа 7 биш 70 “хэмжиж” буй аятай, тодорхойгүй байдлаар он жилийг өнгөрөөдөг нь, урагшлах олон төслүүдэд тээг болсныг бид санах ёстой.
Мэдээж ийм том үйлдвэрүүдийг хөрсөн дээр буулгахад хөрөнгө санхүүжилт гол. Тэгвэл санхүүжилтийг дараах эх үүсвэрүүдээс бүрдүүлнэ гэсэн тооцоолол байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 1 )
zam daguu