Их өр тэглэсэн 2003 он. Коммунизмыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй социалист лагерийн улсууд ЗХУ-аас мөнгө авч, эдийн засгаа зогоодог байв. Яг тэр жишгээр БНМАУ ЗХУ-аас 11.4 тэрбум шилжих рублийн өрийг тухайн цаг үед тэглэсэн юм. Үүнээс 13 жилийн дараа буюу 2016 оны эхээр ОХУ-ын тал их үлдэгдэл гэгдэх 174 сая ам.долларын 97 хувийг тэглэх шийдвэрийг В.Путин гаргаж байлаа. Ердөө хоёрхон жилийн өмнө ийм үйл явц өрнөсөн. Харин бид энэ удаад тэглэсэн өртэйгөө тэнцэх хэмжээний 100 тэрбум рублийг ОХУ-аас зээлэх гэж байна. Бүтэн 17 жилийн турш ярилцан байж тэглэсэн их өр, дахин өр зээл болон Монголд ирэх нь...
Мөнгөө юунд зарцуулах вэ?
Төлөвлөөгүй зээл авсан гэж өмнөх засгаа шүүмжилдэг энэ засаг 100 тэрбум рублийг мөн л юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Бараг дөрвөн их наядаар хэмжигдэх энэ мөнгөөр III болон IV цахилгаан станцыг өргөтгөх, төмөр замын сүлжээг шинэчлэх хуучирсан санаа, санаачилга бодлого боловсруулагчдын толгойд эргэлдсэн хэвээр. Их наядаар хэмжигдэх мөнгөөр шинэ станц барина гэхийн оронд байгаагаа өргөтгөх, зөвхөн дэд бүтцээ шинэчлэх талаар яриад сууж байна. Боловсруулах үйлдвэр, хүнд үйлдвэрийн төслүүд огт дурдсангүй.
“Оросын тал уг зээлийн үнийн дүнг өндөр гэж үзэхгүй байгаа юм билээ. Тиймээс тарифын зохицуулалттай холбоотой зарим асуудлыг шийдчихвэл зээлийг нааштай шийдэх боломжтой гэсэн үг. Ингэснээр "Улаанбаатар төмөр зам" шинэчлэгдэнэ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ярьж байлаа.
Хэдийгээр ОХУ-ын зүгээс техник технологийн хамтарсан компани байгуулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа Монголын тал дэмжсэн, эсвэл татгалзсан ямар нэгэн хариу одоогоор өгөөгүй байна.
100 тэрбумын гаргалгаа
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө III цахилгаан станцад гарсан осол хотыг бүхэлд нь цахилгаангүй болгоход хүргэсэн. Тэсгим өвлийн хүйтэн таараагүй намрын налгар өдрүүдэд энэ осол гарсан нь станцгүй хотын иргэдийн зол байсан гэхэд хилсдэхгүй. Олон жил тавдугаар цахилгаан станц гэж ярих болсон цаг үед дөрвөн их наядын зээлээрээ нэг станц барьж яагаад болохгүй гэж. Одоогоос 10 жилийн өмнө Норвегийн Засгийн газар цахилгаан станцын төсөлд хамтран ажиллах санал дэвшүүлж байсан ч зөвшөөрсөн хариу өгөлгүй өдийтэй золгосон.
Хүн амынхаа талаас илүү хувийг хотдоо шингээдэг Монгол Улс төвлөрлийг сааруулах дорвитой бодлого хэрэгжүүлэлгүй өдийг хүрлээ. Олон жил Багануур, Налайх, Төв аймгийн Сэргэлэн сум руу тэлэх тухай ярьсан Монгол Улсад дөрвөн их наядын зээл орж ирсэн нь гол сэжүүр. Багануур руу Оюутны хотхон барих асуудалд бараг зургаан тэрбум зарцуулсан мөртлөө нэг ч хадаас хадаагүй төслөө эхлүүлэх хэмжээний мөнгө бол 100 тэрбум рубль.
“Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдаг. Хэдийгээр олон арван хуудас тайлан бэлдэж ирүүлдэг ч яг иргэддээ туссан бодитой бодлого байдаггүй. Хэрэв энэ алдаагаа засах юм бол асар их боломжтой Монгол Улс түргэн хугацаанд хөгжих боломж бий” гэж Калифорнийн их сургуулийн Улс төрийн тэнхимийн профессор Шон Гейлмард ярьжээ.
Дэлхий дахин хиймэл оюун ухаан, блокчейн технологийн тухай ярьж байхад бид энд аж үйлдвэрийн хувьсгалын хүнд болон боловсруулах үйлдвэр ч үгүй суусаар ОХУ-аас мөнгө зээлж байна.
Мах боловсруулах орчин шаардлага хангасан лаборатори барьчихвал ариун цэврийн хувьд бусдад гологддог монгол мах дэлхийд гарах гарц ч байж болох юм. Гангийн үйлдвэр, нүүрсээ дотооддоо боловсруулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр барихад энэ мөнгийг зарцуулна гэж хэн ч хэлсэнгүй.
Дэлхий дахин ногоон хөгжил, эко хот гэж ярих болсон цагт Монгол Улс хөрсний бохирдлын индексээрээ дэлхийд эхний 50 байрт бичигдэж байна. Гэр хорооллыг цэвэр болон бохир усны системд холбох ажил ардчилсан хувьсгал мандахтай зэрэгцэн яригдсаар мөн л өдийг хүрлээ. Баянхошуу, Хайлааст, Бэлх, Сэлх орчмын гэр хорооллыг цэвэр болон бохир усны нэгдсэн системд холбоход мөн л 100 тэрбумыг ярьсангүй.
Төгсгөлийн оронд
Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу МАН-ын ялалт хуучраагүй байх цагт 2017 оны эхээр 100 тэрбумын зээлийн сураг гарч байв. Тухайн үед ОХУ-ын Сангийн яамнаас маш няхуур шаардлага тавьж байсан учраас зээл өгөх эсэх нь тодорхойгүй байлаа. Өнгөрсөн сарын эхээр Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах үеэрээ ОХУ-аас авах 100 тэрбум рублийн асуудлаар санал солилцсон байна. Манай улсын зүгээс энэ зээлийг гурав хувааж авах талаар санал тавьсан ч ОХУ зээлийн хэмжээг их гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж, их гүрний зангараг гаргасан. Дорнын эдийн засгийн форум дуусаад удаагүй байхад ОХУ-ын Сангийн яам манай талаас 100 тэрбумыг юунд зарцуулах, томоохон төсөл хөтөлбөрийн тайлан мэдээг ирүүлэхийг шаардсан байдаг. ОХУ-ын тал 100 тэрбумыг өгөх бүрэн боломжтой. Харин бид зээл хүссэн атлаа юунд зарцуулахаа одоо болтол шийдээгүй байна.
Энэ их мөнгөөр станцаа өргөтгөх, замаа шинэчлэх, төмөр зам барих зэрэг олон жил ярьсан үр ашиг багатай ажил хиймээргүй байна. Бидэнд хүрэх зорилго, цаг үеэ мэдэрсэн томоохон төсөл хэрэгтэй...
Б.Аззаяа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Tumor zam shinechlegdeh yu l bol yaj gedeg ni sonin baina nogoo hos zam yasan ene deer ard tvmen mini hyanatsgaaya