"“Think Thank 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн хүрээнд эдийн засгийн хэтийн төлөв, мөнгөний бодлого, валютын захын нөхцөл байдал, гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө зэрэг бодлогын асуудлуудыг хамарсан илтгэлүүд болон эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгааны ажлын үр дүнгүүдийг танилцууллаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа “Эдийн засгийн төлөв, мөнгөний бодлого” сэдэвт илтгэлээ мөнгөний бодлого, эдийн засгийн сэргэлт, гол үзүүлэлтүүд, эдийн засгийн төлөв гэсэн хүрээнд танилцуулав.
.Монголбанкнаас 2016 оны наймдугаар сард бодлогын хүүг өсгөөд мөн оны 12 дугаар сараас эдийн засгийн төлөв байдал, инфляцийн зорилтот түвшин, хэтийн төлөв, гадаад эдийн засгийн орчны төлөв гэх зэрэг холбогдох хүчин зүйлсийг харгалзан үзэж мөнгөний бодлогын хүүг шат дараалалтайгаар бууруулсан байна. Үүний зэрэгцээ хэрэглээний зээл болон валютын ханшийн эрсдэлтэй зээлүүд дээр арга хэмжээ авах зэргээр макро зохистой бодлогын арга хэмжээнүүд 2018 оноос хэрэгжиж эхэлсэн гэдгийг тэрбээр дурдав. Мөн мөнгөний бодлогыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй байдлаар хүргэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилласан тодорхой үр дүнтэй байсан талаар танилцуулж байлаа. Мөнгөний бодлого нь бодлогын хүү, макро зохистой бодлого, олон нийттэй харилцах гэсэн гурван тулгуурт хэрэгсэлтэй хэрэгжжээ. Бодлогын хүү нь санхүүгийн зах зээлийн жишиг хүүг тогтоох, зээл, хадгаламжийн хүүг бууруулах, зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг агуулж байгаа бол макро зохистой бодлогын хүрээнд санхүүгийн нөөцийн хуваарилалтад нөлөөлөх, бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, өрхийн өрийн дарамтыг бууруулах зорилготой гэв. Үргэлжлүүлэн тэрбээр мөнгөний бодлогын зорилт, тулгамдсан асуудлын талаар болон эдийн засгийн сэргэлт, мөнгөний бодлогын нөлөөллийн танилцууллаа.
Инфляцийн тухайд хэд хэдэн онцлох зүйл байгааг хэлсэн. 2016 оны сүүлийн хоёр улирлыг дамжсан дефляци ямартай ч сэргэсэн бөгөөд эдийн засаг агшилтаасаа өсөлтийн мөчлөг рүү орсонтой холбоотой гэлээ. Эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор инфляци зорилтот түвшиндээ хүрсэн боловч анхаарах нийлүүлэлтийн шинж чанартай хүчин зүйлс бий. Үүн дотор эрэлтийн шинжтэй дарамтыг нь авч үзвэл сүүлийн хоёр жилийн туршид 3,7-4,5 хувь орчимд хэлбэлзэж байгаа бол үлдсэн 4 орчим хувийн хэлбэл нь мах, хатуу түлш, нефтийн дотоодын болон дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл зэрэг гурван зүйлээс гол хамааралтай байсан аж. Цаашид инфляцид эдийн засгийн сэргэлт, төсөв мөнгөний бодлогын арга хэмжээ, төгрөгийн ханшийн дамжих нөлөө, дэлхийн зах зээлийн нефтийн үнэ, цалингийн өсөлт, төрийн зохицуулалттай үнэ, цаг агаар болон бусад нийлүүлэлтийн хүчин зүйлс нөлөөлнө гэдгийг илтгэлд дурдаж байсан.
Түүнчлэн цаашид анхаарах асуудлуудын талаар илтгэлийн төгсгөлд онцолсон. Гадаад сектор дээр импортын орц өндөр, гадаад өр, хүүгийн төлбөр, ногдол ашиг, импортын үйлчилгээний төлбөр зэрэг өндөр байгаа. Бодит секторын тухайд эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, ингэснээр иргэдийн орлогыг үнийн дарамтгүйгээр өсгөх, инфляцийн дарамтгүйгээр бодит орлого өсөлтийг бий болгох, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтууд шаардлагатай гэлээ. Төсвийн секторт гадаад өрийн дарамт буурах шаардлага бий бөгөөд Сангийн сайд өрийн хэмжээг 40 орчим хувьд бууруулсан тохиолдолд эдийн засагт хүчтэй дарамт учруулахгүй байх гэсэн мэдэгдлийг хийсэн гэлээ. Санхүүгийн салбарт банкуудын эрсдэл даах чадварыг хамгаалах, зээл олгох үйл явцыг тогтвортой болгох шаардлага бий гэв. Энэ нь Төв банкны үндсэн зорилтын нэг үзүүлэлт бөгөөд эдийн засгийн цаашдын тогтвортой байдалд бодит нөлөө үзүүлэх юм гэдгийг Б.Баярдаваа дарга илтгэлийнхээ үеэр хэлж байв.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Монгол Улсын валютын зах зээлийн онцлог, өнгөрсөн 3 жилийн валютын зах зээлийн нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, цаашид хүлээгдэж буй сорилтууд агуулгатай “Валютын захын нөхцөл байдал, Төв банкны оролцоо” сэдэвт илтгэл танилцуулсан.
Монгол Улсын хувьд валютын ханшийг тодорхойлох суурь хүчин зүйл нь урсгал дансны алдагдал байсаар байгааг холбогдох тоон үзүүлэлтэд тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарлав. Сүүлийн 10 жилд Монгол Улсын эдийн засаг урсгал дансны алдагдалтай явж иржээ. Худалдааны данс ашигтай байгаа боловч өмнөх танилцуулга дээр дурдсанчлан үйлчилгээний болон анхдагч орлогын дансны алдагдал өндөр, цаашид хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа нь урсгал дансны алдагдалд гол нөлөө үзүүлж байгаа аж. Сүүлийн 15 жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг ердөө гурван жил чангарч, үлдсэн 12 жилд нь суларч байжээ. Тодруулбал, дэлхийн зах зээл дээр манай улсын экспортын гол түүхий эд болох зэс, алтны үнийн өсөлттэй байсан 2006 онд 5 хувь, Оюутолгойн гэрээ байгуулсан 2010 онд 13 хувь, эдийн засгийг тогтворжуулахаар Монголбанк, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2017 онд 2.5 хувиар төгрөг ам.долларын эсрэг тус тус чангарч байжээ. Суларсан үзүүлэлтийг дундачлан тооцвол жилд 8 орчим хувь байсан гэлээ. 2018 онд төгрөг ам.долларын эсрэг 8.9 хувиар суларсан нь гадаад, дотоодын олон хүчин зүйлсээс шалтгаалсан гэдгийг Төв банкны зүгээс тухай бүрт нь танилцуулж байсныг илтгэгч дурдаж байлаа. Валютын үнэ бол эрэлт, нийлүүлэлт, хүлээлтээс хамаарч хэлбэлздэг бөгөөд манай улсын хувьд валютын орлого цөөн тооны түүхий эдийн экспортоос шалтгаалдаг гэлээ. Монгол Улсын нийт экспортын 90 орчим хувийг эрдэс баялгийн экспорт эзэлдэг төдийгүй цөөн тооны аж ахуйн нэгж үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байдаг онцлогтой аж. 2018 онд гадаадын 1.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдсэний 1.5 орчим тэрбум ам.доллар нь Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой байгааг хэллээ. Экспортын орлого, хөрөнгө оруулалт гээд аль аль талдаа Монгол Улсын валютын орлого цөөн төрлийн түүхий эд, тодорхой тооны аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас хамааралтай байдаг онцлогтой ажээ. Харин валютын эрэлт нь олон төрлийн оролцогчийн нөлөөлөлтэй байдгийг илтгэлийн үеэр танилцуулсан.
Үргэлжлүүлэн илтгэгч А.Энхжин валютын захын бүтэц, 2016-2018 оны валютын зах зээлийн нөхцөл байдал болон Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлого, интервенцийн талаар, валютын зах зээлийн хэтийн төлөвийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлэгт Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Эдийн засгийн төлөв, инфляцийн дүн шинжилгээ” сэдэвт илтгэл танилцуулсан юм.
Тэрбээр 2011 оноос хойш хийгдсэн жижиг, дунд үйлдвэрийн түүвэр судалгааг нэгтгэн дүгнэсэн ба бизнес эрхлэгчид бизнесийн орчныг хэрхэн үнэлсэн талаарх дүнг танилцуулж байв. 2018 оны судалгаагаар 1922 бизнес эрхлэгчээс судалгаа авахад 45 хувь нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, 8 хувь нь тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа гэсэн бол үлдсэн 47 хувь нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бизнесийн сектор нь дээрх хэмжээний албан болон албан бус бүтцээс бүрдэж байгааг хэлж байлаа. Тиймд засаглал, интституцийн реформыг 2019 онд багтаан хэрэгжүүлэх шаардлага байгааг илтгэгч тэмдэглээд, төр ба зах зээлийн харилцаанд чанарын эргэлт хийх зайлшгүй хэрэгцээ бийг цохов. Дээр дурдагдсан үзүүлэлттэй нөхцөлд энэхүү реформыг хийх үндсэн үзэл санаа нь бизнесийн үйл ажиллагааг хэрхэн албажуулах талаар байх ёстой гэлээ. Зөвхөн албан секторт байгаа компаниудтай ажиллах бус, нөгөө талд байгаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг албажуулах эрх зүй, эдийн засгийн үйл явцыг реформын гол үзэл санаа болгох нь зүйтэй гэдэг байр суурийг хэлж байв. Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл илтгэлдээ үргэлжлүүлэн эдийн засгийн өсөлтийн тоон үзүүлэлтийг гаргах аргачлалын талаар байр сууриа илэрхийлэн тодорхой саналуудыг хэлж байсан.
Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгахад тоон болон чанарын анализ хийх нь чухал ач холбогдолтой гэв. 2016-2018 оны улирлуудаар авч үзэхэд өрхийн эцсийн хэрэглээний зардал буурч, сөрөг утгатай байсан гэв. 2016 онд материалаг эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийн өөрчлөлт эерэг утгатай ч буурах хандлагатай, 2017 онд аль аль нь эерэг утгатай өсөж байсан ч материалаг эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийн өөрчлөлт давамгайлсан гэлээ. 2018 онд харин өрхийн эцсийн хэрэглээний зардал давамгайлсан хандлагатай байсан талаар тэрбээр дурдав. Өрхийн эцсийн хэрэглээний зардлын дифлятор, үндсэн хөрөнгийн хуримтлалын дифляторын хөдөлгөөнийг харахад өрхийн эцсийн хэрэглээний зардлын үед эхний хагас жилийн түвшинд байсан бол үндсэн хөрөнгийн хуримтлалын дифлятор II улирал болон эхний хагас жилд хасах өсөлттэй байсан аж. Эхний гурван улирлын байдлаар эрс өссөн байгаа нь хөрөнгө оруулалтын өөрчлөлтөд үнийн өсөлтийн нөлөөлөл их өндөр байсны илэрхийлэл гэлээ. 2018 оны сүүлийн улирал болон жилийн дүнгээр дээрх хоёр дифляторын өсөлт нэмэгдэж жилийн эцсээр 5.6 ба 11 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт биет байдлаар нэмэгдэхээс гадна үнийн өсөлтийн нөлөө их байсан байна. Өрхийн эдийн засгийн эцсийн хэрэглээний зардлын өсөлт өрхийн орлогын өсөлтөөс зарим улиралд өндөр байх хандлагатай байжээ. Түүнчлэн холбогдох үзүүлэлтийн тооцооллын аргачлалын талаарх байр сууриа С.Дэмбэрэл захирал илэрхийлж байсан. Өмнөх жилүүдээс харахад Монгол Улс эдийн засгийн хэлбэлзэлтэй үед хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ, бодлого тодорхойгүй байдгийг шүүмжилж байв. Нэн тэргүүнд валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын оролцоо, үүрэгтэй байх ёстой бөгөөд хариуцагч нь тодорхой, бодлого болон хэрэгжилтийн түвшинд бодитой ажил хийх шаардлагатай хэмээн хэлж байсан. Төгсгөлд нь Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Эдгээр илтгэлүүд, хэлэлцүүлгийн үр дүнгээр Улсын Их Хурал, тэр дундаа Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой болгох чиглэлээр Засгийн газарт хандсан шийдвэр гаргах нь ач холбогдолтой” гэсэн.
“Тинкбанк 2019-Мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлгийн дараагийн илтгэгч нь Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал байв. Тэрбээр “Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” сэдэвт илтгэл танилцуулсан юм.
Илтгэлийн сэдвээр томоохон судалгаа хийгдсэн бөгөөд түүнээс өнөөгийн нөхцөлд танилцуулах нь зүйтэй хэмээн үзсэн хүрээндээ сэдвүүдийг хөндөж байгаагаа илтгэгч хэлж байсан. Хэдий чухал, ач холбогдолтой сэдэв хэдий ч манай улсад энэ чиглэлээр хийгдсэн судалгаа чамлалтай байдаг учраас нэн тэргүүнд үүнийг анхаарах, шаардлагатай мэдээллийн иж бүрэн датаг бүрдүүлэх нь чухал гэлээ. Банкны салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх тодорхойлолтыг гаргаж, ойлголтоо нэгтгэх шаардлага бий гэдгийг илтгэлийнхээ явцад тэрбээр хэллээ. Тодруулбал, банкны систем дэх нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 44.6 хувь нь гадны хөрөнгө, системийн нөлөө бүхий банкууд дахь гадны хөрөнгө оруулалт нь 43.6 хувь байгаа. Гадны банкууд манай улсад орж ирсэн төдийгүй үйл ажиллагаа явуулаад байгаа гэж харж болохоор байгааг хэлж байсан. Энэ дунд гадаадын төрийн өмчийн оролцоотой банкны асуудлыг нарийвчлан үзэх шаардлага бий гэдгийг дээрх судалгааны дүгнэлтэд дурдсан байна.
Түүнчлэн гадны банкуудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зорилго нь цаашдаа судалгааны томоохон, чухал сэдэв гэдгийг Р.Амаржаргал илтгэгч тодотгож байсан. Онолын түвшинд хаа хаанаа үүнийг гадарлах хэдий ч яг манай нөхцөлд ямар байх вэ, нөлөөлөл нь хэрхэн илрэх зэргийг судлах нь зүйтэй гэлээ.
Глобал эдийн засгийн хүрээлэн "Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” судалгааныхаа хүрээнд дотоодын банкны чадавх сулрах эсэх, хэрэглэгчээ сорчлох эсэх гээд 16-24 шалгуураар эрсдлийн үнэлгээ хийсэн байна. Ямартай ч дээрх үнэлгээг хийснээр өнөөдрийн нөхцөлд боломж нь эрсдлээсээ бага юм байна гэдэг дүгнэлт гаргасан гэв.
Тодруулбал, өнөөдрийн нөхцөлд гадаадын банк санхүүгийн байгууллага манай улсад орж ирснээр боломжийг үүсгэхээсээ илүү эрсдэлтэй гэдэг дүгнэлт гарсан гэв. Үүнд үндэслэн гадны банкуудын манай банкны салбарт нэвтэрч буй хэлбэрүүдэд түлхүү анхаарах, тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй гэв. Дээрх судалгааны дүгнэлт, гарсан зөвлөмжийг холбогдох бүх байгууллагуудад хүргүүлсэн болохыг илтгэгч дурдаж байв. Гадаадын банк аливаа улс оронд үйл ажиллагаа явуулах асуудлыг онолын түвшинд эерэгээр тайлбарладаг хэдий ч Монгол Улсын онцлогийг харгалзах нь нэн чухал гэдгийг Р.Амаржаргал захирал онцгойлон хэлж байсан. Бодлогын түвшинд, холбогдох судалгаа тооцоонд үндэслэн, арга замаа нарийвчлан, тусгай мэргэжилтэн боловсон хүчиндээ тулгуурлан үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх шаардлагатай нэн нарийн асуудал болохыг хэлж байсан. Мөн гадны туршлага гэдгээр тодорхойгүй байдлаар мэдээлэл түгээж, түүнийг нэвтрүүлэх, эсвэл шийдвэр гаргалтад жишээ болгон ашиглах нь нэн зохимжгүй. Тодорхой аргачлалаар Монгол Улсын санхүүгийн зах зээлийн үзүүлэлтийг ойрмогхон тооцоолж үзсэн бөгөөд хэвийндээ 200-300 байх ёстой тоон үзүүлэлт ердөө 59 хувьтай гарсан нь маш хангалтгүй хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хэлж байв. Нөгөөтэйгүүр манай улсын геополитик хязгаартай бөгөөд үүнийг харгалзах ёстой гэдгийг илтгэгч хэлсэн. Санхүүгийн зах зээл нь хөгжсөн, эдийн засгийн өндөр хөгжилтэй оронд бол гадны банк үйл ажиллагаа явуулахад түүний нөлөөллийн талаар онцлох шаардлагагүй байдаг бол дөнгөж хөл дээрээ зогсох гэж байгаа улс орны хувьд нэн эрсдэлтэй нөлөө үзүүлэх юм байна гэлээ. Нэн тэргүүнд дотоодын санхүүгийн зах зээлийг бойжуулах, тогтвортой өсгөж тэлэх үйл ажиллагаа, арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг дүгнэлтийг хэлсэн юм. Үүний тулд төр нь эдийн засгийн активыг өргөтгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах шаардлагатай хэмээсэн. Активыг нээлттэй болгох, бизнесийнхэнд орон зайг нь тэлж өгөх, хүртээмжтэйгээр үйл ажиллагаа явуулах активын орон зайг нь тэлэх чиглэлээр Засгийн газар онцгой үүрэгтэйгээр их ажиллах шаардлага бий гэдгийг тэрбээр хэлсэн.
Сэтгэгдэл ( 0 )