Парламенттайгаа Брекситийн /Их Британийн Европын Холбооноос гарах явц/ асуудлаар тохиролцоонд хүрч чадалгүй, зөрчилдсөний улмаас Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын даргаас татгалзаж, тун удахгүй Ерөнхий сайдын албан тушаалаа өгөх тухай нүдэндээ нулимстай зарлалаа.
Британийн засгийн газрыг гурван жилийн туршид тэргүүлсний эцэст Тереза Мэй энэ сарын 24-ний өдөр албан тушаал өгөх болсон тухай мэдэгдсэн. Их Британийн хууль тогтоогчид Их Британийг Европын Холбооноос гарах түүний санаачилгыг дахин няцаасны дараа тэрбээр Консерватив намын даргаас чөлөөлөгдөнө хэмээн мэдэгдэж байсан. Түүний танилцуулсан Брекситийн төлөвлөгөө Британийн Хөдөлмөрийн нам төдийгүй, түүний нам нэгт нөхдүүд хүртэл дэмжээгүй. Тавдугаар сарын 21-нд тэрбээр Брекситийн тал дээр хэд хэдэн буулт хийсэн ч парламентын дэмжлэгийг авч мөн л чадсангүй.
Цаашид яах вэ?
Мэй парламентын дэмжлэгийг авахаа болиод удаж байгаа. Энэ жилийн эхний гурван сард л гэхэд түүний өргөн барьсан Брекситийн төлөвлөгөөг гурван ч удаа няцаагдаж, 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын Холбооноос гарах байсан ч энэ хугацааг хэд хэдэн удаа хойшлуулахаас өөр сонголт Мэйд үлдээгүй.
Консерватив нам шинэ тэргүүнээ сонгох хүртэл буюу ирэх сарын 7-ныг хүртэл Тереза Мэй Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх юм.
Тереза Мэйн улстөрийн карьер
Тэрбээр Даунинг-стрит дэх Их Британийн Ерөнхий сайдын өргөөнд 2016 оны зургаадугаар сарын 10-нд нүүж ирсэн. Түүнээс өмнө энэ албан тушаалыг хашиж байсан Дэвид Кэмерон 2016 орны зургаадугаар сарын 23-ны өдөр Их Британийн иргэд Европын Холбооноос гарахын төлөө санал өгсний дараа огцорсон байдаг. Үл итгэгчдийн амыг хаах зорилгоор Брекситийн асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах түүний санаачилга бүтэлгүйтэж, Тереза Мэйд Брекситийн бэлтгэл ажлыг хангах үүрэг ногдов. Гэвч эцсийн дүнд тэр ч мөн ялагдал хүлээв.
Брексит Тереза Мэйг хэрхэн өндөрт өргөж, хэрхэн газарт унагав?
Тереза Мэй 1997 онд Британийн парламентын гишүүнээр сонгогджээ. Улс төрийн карьерынхаа бүхий л үед тэрбээр шийдэмгий, тууштай, тайван байдлаараа үлгэр жишээ үзүүлдэг байв. Маргарет Тетчерийн дараа тэрбээр Их Британийн түүхэнд хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайдаар тодорсон юм. Үүнээс өмнө Мэй дотоод хэргийн сайдын албан тушаалыг зургаан жил хаших хугацаанд цагаачлалын асуудлаар хатуу байр суурь баримталж байсан нь түүнд ихээхэн нэр хүнд авчирчээ.
Брексит бол Европын Холбооноос бодитоор гарна гэсэн үг
Брекситийн талаарх бүх нийтийн санал асуулгын өмнө Мэй ЕХ-нд үлдэхийн төлөө байр сууриа илэрхийлж байсан ч Ерөнхий сайд болсныхоо дараа Брекситийн төлөө саналаа өгсөн иргэдийн хүслийг биелүүлэхээ амлав. Брексит бол Брексит гэсэн үг гэж мэдэгдээд амжилттай хэрэгжүүлэхээ амласан байдаг. Тереза Мэйн Их Британийг удирдах өдрүүд тэр бүр үүлгүй байсангүй. Тус улсад хэд хэдэн алан хядах ажиллагаа болж, 24 давхар Grenfell Tower барилгад гал гарсны улмаас 72 хүн амиа алдаж байв. Эмгэнэлт үйл явдал болсны дараа нэг хоногийн дараа тэрбээр газар дээр нь очсон ч амьд гарсан хүмүүстэй уулзаагүй нь олны дургүйцлийг хүргэж, хатуу шүүмжлэлд өртсөн. Тухайн онд Мэй урьдчилсан сонгууль хийсэн бөгөөд энэ нь Брекситийн талаар Европын Холбоотой хийх хэлэлцээрт түүний байр суурийг бэхжүүлнэ гэж тооцоолж байсан ч талаар болж, Мэйн тэргүүлсэн Консерватив нам парламент дахь 13 суудлаа олонхын байр суурьтайгаа хамт алдсан.
Брексит Мэйг өндөр өргөж, газарт унагав
Ерөнхий сайд болсныхоо дараа Мэй нийгмийн шударга бус байдалтай тэмцэж, Их Британийг нэгдмэл үндэстэн болгоно гэж амласан. Гэвч энэхүү том амлалт нь Их Британийг Европын Холбооноос гаргахтай холбоотой гарч ирсэн асуудлын сүүдэрт бүдгэрэв. Эхнээсээ л Мэй Брекситийг дэмжигчдийн төдийгүй нам нэгт нөхдийнхөө шүүмжлэлийн бай болов. Гол асуудал нь ирээдүйд ЕХ-той баримтлах худалдааны харилцаа байлаа. Тереза Мэй ЕХ-той худалдааны чөлөөт бүс болон гаалийн хамтарсан орон зайг байгуулах төлөвлөгөө гаргасан нь түүний эсрэг байсан Гадаад хэргийн сайд Борис Жонсон болон Брекситийн асуудал хариуцсан сайд Дэвид Дэвисийг огцроход хүргэж, ЕХ-той Брекситийн асуудлаар хийсэн хэлэлцээний хэрүүлийн алим болов. Их Британи, Ирландын хоорондын хилийн асуудал нэрмээс болж, Тереза Мэй өөрийн намын дэмжлэгийг алдахад хүргэв. Ийн Брексит Тереза Мэйг тэнгэр өөд өргөж, эцэст нь газарт унагав.
Бүжиглэж буй “хатан хаан”
Тереза Мэй Их Британийг “өнгөлөг” удирдсан. Түүний хувцасны сонголтын талаар хэвлэлүүд бичих дуртай. 2016 оны арванхоёрдугаар сард тэрбээр 995 фунтын үнэтэй савхин өмд, 295 фунтын үнэтэй Burberry гутал өмссөн нь анхны шуугиан байлаа. Тэрбээр эмэгтэйчүүдэд “хэвшмэл үзэл бодолд бүү баригд” гэж хэлэх дуртай. Үүнийгээ ч харуулдаг. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн анхаарлыг түүний аксессуарын сонголт үргэлж татсаар ирсэн. Түүний эв хавгүй хөдөлгөөн мөн олны анхаарлыг татдаг. Тэрбээр олны өмнө Кени, Өмнөд Африкт айлчилж байхдаа скаутуудтай анх бүжиглэсэн бол сүүлд Консерватив намын баг хурлын үеэр тайзан дээр гарч ирэхдээ АВВА хамтлагийн “Dancing Queen /Бүжиглэж буй хатан хаан/” дууны аян дээр бүжиглэж байсан. Түүний бүжиглэхийг хожим нь Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер дуурайж байв.
Тереза Мэй Английн Хатан хааны гэр бүлийнхэнтэй мэндчилэхдээ эв хавгүй ёсолдог нь мөн л хэвлэлийнхнийг болон олон нийтийг гайхшруулдаг билээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах Их Британийн түүхэнд хугацаанаасаа өмнө огцорч байсан Ерөнхий сайдууд
Уинстон Черчилль /1940-1945, 1951-1955/
Тухайн үед 80 насыг зооглосон Уинстон Черчилль 1955 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас Ерөнхий сайдын албан тушаалыг орхиж байв. 1953 онд тэрбээр зүрхний шигдээс болж байсан бөгөөд Сайд нарын танхимын гишүүдийн шаардлагаар тэрбээр хугацаанаасаа өмнө огцорсон юм.
Энтони Иден /1955-1957/
Суэцийн сувгийг тойрсон хэрэг явдлын улмаас Энтони Идэн 1957 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр албан тушаалаа өгч байжээ. Египетийн Ерөнхийлөгч Абдел Насер 1956 оны долдугаар сард Суэцийн сувгийг нийгэмшүүлэх шийдвэр гаргаж, Их Британи, Франц улс хувьцаа эзэмшигч болж байжээ. Хожим нь Британи, Франц, Израилийн ажиллагааг Идэн тэргүүтэй албан тушаалтнууд санаачилсан хэргээр тэрбээр шүүмжлэлд өртөж, албан тушаалаа өгөхөд нь хүргэж байв.
Харолд Макмиллан /1957-1963/
Харолд Макмиллан 1963 оны аравдугаар сарын 18-ны өдөр Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас бууж байжээ. Хэдийгээр түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэдэг ч бодит байдал дээр түүний танхимын батлан хамгаалахын сайд Жон Профюмог тойрсон дуулиантай холбоотой гэж үздэг. 1963 оны хавар хэвлэлд Профюмог бүжигчин Кристин Килертэй амрагийн холбоотой гэсэн мэдээ гарч байсан бөгөөд Кристин нь Лондонд ажиллаж байсан зөвлөлтийн тагнуулч Евгений Ивановт Профюмогоос авсан мэдээллийг дамжуулдаг байсан гэх шуугиан дэгдэж байв.
Харолд Вильсон /1964-1970; 1974-1976/
Харолд Вильсон 1976 оны гуравдугаар сарын 16-ны өдөр огцорч байв. Түүний энэ шийдвэрийн шалтгааныг Их Британид газрын тосны хямралаас үүдэлтэй эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүссэнтэй холбон тайлбарладаг. Тэрбээр мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан бөгөөд албан тушаалаа өгөхдөө Вильсон “Улстөрчид цагаа олж явах ёстой” гэж хэлж байжээ.
Маргарет Тэтчер /1979-1990/
1990 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр “төмөр хатагтай” Ерөнхий сайдын албан тушаалаа орхих шийдвэрийнхээ тухай зарлаж байжээ.
Консерватив намын дарга, улмаар Ерөнхий сайдын төлөөх өрсөлдөөнөөс сайн дураараа татгалзсан нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал таагүй байсантай холбон тайлбарладаг. 1990 онд Маргарет Тетчерийн хувийн секторыг хөгжүүлэх, зах зээлийг чөлөөлөхөд чиглэсэн бодлого нь нийгмийн тэгш бус байдалд хүргэсэн бөгөөд нам дотор нь мөн хагарал бий болгожээ. Түүнчлэн Тетчерийн эсэргүүцдэг байсан Европын интеграцын асуудал тус намд хагарал үүсэх нэг шалтгаан болсон байдаг.
Тони Блэр /1997-2007/
Тони Блэр 2007 оны тавдугаар сарын 10-ны өдөр Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөх хүсэлтээ Элизабет II хатан хаанд барина хэмээн мэдэгдэж байв. Шинжээчдийн дүгнэснээр, түүний нэр хүнд унасан нь энэ шийдвэр гаргахад нь нөлөөлсөн. 2007 онд явуулсан санал асуулгаар, түүнийг 20 орчим хувь Британичууд дэмжиж байв. Их Британи АНУ болон бусад холбоотнуудтай хамтран Иракийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан нь түүний нэр хүндэд хүнд цохилт өгсөн гэж тайлбарладаг.
Гордон Браун /2007-2010/
Гордон Браун 2010 оны тавдугаар сарын 11-ний өдөр засгийн газрын тэргүүний албан тушаалаа өгөх болсноо мэдэгдсэн. Мөн оны тавдугаар сарын 6-ны өдөр болсон сонгуулиар Хөдөлмөрийн болон Консерватив нам аль нь ч олонхын суудал авч чадаагүй ба Либерал ардчилсан намтай засгийн газар хамтран байгуулах яриа хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа тэрбээр энэ шийдвэрийг гаргаж байжээ.
Дэвид Кэмерон /2010-2016/
Дэвид Кэмерон 2016 оны зургадугаар сарын 24-ны өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ Ерөнхий сайдын албан тушаалаа өгнө гэж мэдэгдэж байжээ. Брекситийн талаар Британийн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг зарласны дараа тэрбээр энэ шийдвэрийг гаргаж байв. Хэдийгээр Кэмерон Их Британийг ЕХ-ны гишүүнээр үлдээхийн төлөө байсан ч Британичуудын 52 хувь нь түүнийг эсэргүүцсэн юм. Тэрбээр Брексит хүрэх “усан онгоцны ахмад” байх нь зохимжгүй гэж хэлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )