Африкийн тосгонд “Алтан чагнуур” ажиллагаа явагдлаа

2019 оны 06 сарын 10

Африкийн Бентью хотоос 120 км, төв замаас 15 км алслагдсан Конг тосгон нь  зах хязгааргүй талд нуур, цөөрөм, намгаар хүрээлэгдсэн, дэд бүтэц гэж байхгүй, төрөл бүрийн могой, хортон шавьж элбэгтэй, явган хүний жим бүхий өтгөн мөчрөө дааж ядан дүнсийх өндөр моддын дунд байрладаг онцлогтой аж.

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа 8 дугаар мотобуудлагын батальон энэ оны 6 дугаар сарын 3-наас 8-ны өдрүүдэд тус тосгонд “Алтан чагнуур” эмнэлэг-хүмүүнлэгийн ажиллагааг амжилттай зохион байгуулсан мэдээлэл бидэнд ирлээ.

Омог хоорондын зөрчил тэмцлээс үүдэн эрчүүд нь дайжсан, ундны усны хомсдолд орсон, худгийн ус нь хатуулаг ихтэй, бусад химийн элемент нь хүний биед тохиромжгүй, бохирдсон, хөрсний ус их хэрэглэдгээс оршин суугчдын дунд бэртэл гэмтэл, ходоод гэдэсний замын өвчлөлөөр муждаа тэргүүлдэг, 3 тосгоны заагт орших онцгой ач холбогдол бүхий байрлалтай зэргээс нь үүдэн тус тосгоныг сонгон энэхүү хүмүүнлэгийн ажиллагааг явуулсан байна.

Тус арга хэмжээний нээлтэд мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Эрүүл мэндийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол, Парианг суурингийн нарийн бичгийн дарга Виктор Нгуар, Конг суурингийн дарга Канг Куол, НҮБ-ын орон нутгийн орчуулагч Барнабас Чар, Гана Улсын Зэвсэглэсэн цагдаагийн эмэгтэйчүүдийн эмч дэслэгч Абремес, Конг суурингийн эмнэлгийн дарга сувилагч Жосеф Ачут, Барнавас Чол болон НҮБ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, эмч эмнэлгийн ажилтнууд оролцжээ. Энэ үеэр тус суурингийн дарга Канг Куол хэлсэн үгэндээ “Монгол Улсын энхийг сахиулагчдын зохион байгуулж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүнд хэцүү цаг үеийг даван туулсан иргэдэд, настай хүмүүс тэр дундаа хол явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах чадваргүй хүүхэд эмэгтэйчүүдэд шинэ ирээдүйг бэлэглэсэн сайхан үйл ажиллагаа” болж байгааг дурьдаад мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлжээ.

НҮБ-ын цэнхэр дуулгаар гоёсон энхийг сахиулагчид байгаль цаг уурын хүнд нөхцөлд 15 км замыг 5 цагийн хугацаанд туулан Конг сууринд үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн эмнэлгийн дэргэд I шатны эмнэлгийн амбулаторын байрууд /майхан дэлгэсэн/-ыг төхөөрөмжлөн мэс засал, чих хамар хоолой, мэдрэл, хүүхэд, дотор, шүд, эхо оншлогоо, зүрхний бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг чиглэлээр орон нутгийн иргэдэд 3 хоногийн турш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж илэрсэн өвчлөлт, түүнийг цаашид хэрхэн эмчлэх талаар зөвлөмж өгч, сургалт явуулжээ. Үзлэгийн үеэр оршин суугчдын нь 40 хувь нь мэс засал, гэмтлийн, 50 хувь нь дотрын, 10 хувь нь шүд, эмэгтэйчүүдийн өвчлөлтэй байгааг нь тогтоож, эмнэлгийн байр, хашаанд нь засвар үйлчилгээ хийн сэргээж хүлээлгэн өгсөн аж.

Мөн түүнчлэн орон нутгийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ, Монгол, Вьетнам улсуудын эмнэлгийн байгууллагууд хамтран 27 нэр төрлийн эм, тариа, шарх боох материал, эмчийн үзлэгийн бээлий зэргийг хүлээлгэн өгчээ. 

Конг тосгоны иргэн Симон “Тосгоны оршин суугчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдгаас хол явж эмчид үзүүлж чаддаггүй. Харин энэ удаад НҮБ-ын цэргүүд, эмч нар биднийг зорин ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд тосгоны бүсгүйчүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье” гээд Монгол Улсын энхийг сахиулагчдын үйл хэрэгт амжилт хүссэн байна. Мөн энэ үеэр Монгол үндэстний урлаг соёлын хэсэгчилсэн тоглолтыг сонирхуулсан нь орон нутгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top