ЗХЖШ-аас тэтгэвэрт гарсан офицер, ахлагч нартаа хүндэтгэл үзүүллээ

2021 оны 02 сарын 26

ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалуудын бие бүрэлдэхүүн 2021 оны 2 дугаар сарын 26-ны энэ өдөр уламжлал ёсоор Цэргийн тангараг давтлаа. Тангараг давтах ёслолын эхэнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар хоёрдугаар сард хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, ирэх гуравдугаар сарын онцлог ажлуудын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрээр “Зэвсэгт хүчний Жанжин штаб өнгөрч буй хоёрдугаар сард Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан бие бүрэлдэхүүнийхээ 15 хувийг ЗХЖШ-ын даргын тушаалаар ажиллуулсан. Хэдий хязгаарлагдмал хүрээнд цөөн тооны офицер, ахлагч, ажилтан албан хаагч ажилласан ч гэсэн олон ажил, арга хэмжээг зохион байгууллаа” гээд төлөвлөлт зохион байгуулалт, цэргийн сургалт бэлтгэл, бүтээн байгуулалт, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлуудыг онцлоод ирэх гуравдугаар сард Зэвсэгт хүчний хувьд түүхт 100 жилийн ой тохионо.

Түүхт ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам, “Хатан ижий-2021” хүндэтгэлийн ёслол, гар зургийн уралдаан зэрэг төлөвлөгдсөн ажлуудаа үр бүтээлтэй зохион байгуулах, ойг утга төгөлдөр, нийтэд хүртээмжтэй тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарч, Зэвсэгт хүчний ойн баярыг эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, амгалан тайван амьдралыг бий болгоход оруулсан Зэвсэгт хүчний үе үеийн цэргийн зүтгэлтэн, цэргийн алба хаагчдын оруулсан хувь нэмрийг сурталчлах, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэсэн юм.

Үүний дараа ЗХЖШ-т шинээр томилогдсон цэргийн алба хаагчид ЗХЖШ-ын ажилтны тангараг өргөж, ЗХЖШ-аас 2019-2020 онд цэргийн гавьяаны амралтад гарсан бие бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл үзүүлүүлж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг “Өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн эрхэм бэлтгэл офицер, ахлагч нартаа юуны өмнө талархлаа илэрхийлье. Зэвсэгт хүчиндээ өөрийн хөдөлмөр бүтээлээ зориулсан та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт жагсаалын өмнө зогсож нийт бие бүрэлдэхүүнийхээ нэрийн өмнөөс өндөр амжилт хүсэж, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зэвсэгт хүчний шинэчлэл, хөгжилд оруулсан таны хувь нэмэр асар их байгаа гэдгийг хэлэх учиртай. Цаашдаа цэргийн амьдралыг хөндлөнгөөс буюу гаднаас нь хараад ямар шүүмжлэлтэй тал байна, тэр бүрийг бидэнд зааж, зөвлөж байгаарай” гээд баяр хүргэсэн юм. Мөн ЗХЖШ-т шинээр томилогдсон бүрэлдэхүүнийг цэргийн мэргэжлийн дээд байгууллагад алба хааж байгаагийн хувьд үүрэг хариуцлагатай, ачаалал даах чадвартай байж, байгууллагын соёлд суралцаж ажиллахыг захиад, албанд нь өндөр амжилт хүссэн юм.

Тангараг давтах болон тэтгэвэрт гарсан офицер, ахлагчдаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top