Сурагчийн ширээнээс илгээсэн чин сэтгэлийн захидал Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын сэтгэлийг сэргээж эх орноор нь аялуулж, эрч хүч урам зориг нэмсэн нь энэ сарын онцлох үйл явдал байлаа.
Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Энхийг сахиулж байгаа Монгол цэргүүдэд хүргэх чин сэтгэлийн үг” ил захидлын аяныг өрнүүлсэн. БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн энхийг сахиулагчдад зургаан дүүргийн 24 сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын илгээсэн 750 гаруй ил захидлыг хүлээн авч, Хубилай, Арвай, Эко баазуудад үүрэг гүйцэтгэж байгаа ах эгч нар нь та бүхний бичсэн чин сэтгэлийн үгтэй ил захидлыг уншин танилцаж үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдын хүүхдүүд, дүү нараас нь ирсэн ил захидлыг хүлээлгэн өглөө.
Бидэнд ирсэн захидлууд бүгд сайхан, улс оронд болж байгаа сайн муу үйл явдлыг хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр дүрслэн бичсэн байсан нь инээд хөөр цалгисан сэтгэгдэл төрүүлж байсан гэдгийг онцлон тэмдэглээд нийслэлийн 13 дугаар сургуулийн 12-б ангийн сурагч Ариунжаргалаас бидэнд ирүүлсэн захидлыг та бүхэндээ хүргэж байна.
“Сайн байна уу?
Танд энэ дулаахан захиа очих халуухан өдрийн мэндийг хүргэе.
Магадгүй та хэзээ ч намайг харж байгаагүй байх, гэхдээ би ч бас таныг хараагүй. Халуун оронд шантарч л болдоггүй юм шүү ах аа. Аан бас усаа сайн шүүж уугаад биеэ сайн бодоорой.
Нээрээ сониноос махны зах зээлийг Монголд хятадууд эзгэнэчихсэн байгаа. Түүнээс болоод махны үнэ огцом нэмэгдсэн нь миний сэтгэлийг зовоож байна. За тэр ч яахав та минь дэлхийн хамгийн буянтай ажлыг хийж яваа шүү, хурдан эх орондоо ирээд, эх орныхоо ирээдүйг илүү сайн болгоорой. Бас хоорондоо эвтэй сайхан байгаарай.
Удахгүй наадам болоод хуушуур иднэ гэхээр тэсэхгүйнэ ээ. Бас удахгүй би “ЭЕШ” өгнө. Та нар миний төлөө намайг 800 аваасай гэж залбирахыг хүсэж байна.
Мэдээж эх орноосоо хол байгаа тул гэрээ санаж болох л юм. Тэглээ гээд битгий уйлаарай. Бас аюултай газар байгаа тул болгоомжтой байгаарай. Энд ирээд ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Өө мартчихаж, манай “ЭЕШ”-ийн шалгалт 6 дугаар сарын 19, 20, 21- ний өдрүүдэд Ариунжаргал минь 800 оноо аваарай гэж бодвол миний барцад арилан, тэр өдрөө сайн шалгалтаа өгч хүссэн сургуульдаа орох юм. Та битгий мартаарай.
За за энэхүү захидал энд хүрээд өндөрлөж байна. Танд маш их амжилт хүсье” гэсэн ерөөлийн үгтэй захидлыг хүлээн авч эх дэлхийн энхийн төлөө хүчин зүтгэж яваа энхийг сахиулагч ах, эгч нар нь эрдэм номын өргөөнөөс мэндчилсэн эрхэм Монгол дүү нартаа сурлага, урлаг спортын өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб
Сэтгэгдэл ( 0 )